Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Mongolian Mining Corp компанийн хувьцааны ханш 20 Хонг Конг центээс доош орлоо

ikon.mn
2016 оны 12 сарын 8
iKon.MN

Mongolian Mining Corp (975 HK) компанийн хувьцааны ханш 12-р сарын 8-ны өдрийн үдээс хойших арилжаагаар 0.20 Хонг Конг доллароос доош орсон нь өнгөрөгч 9-р сарын 20-ноос хойших хамгийн доод ханш боллоо. Өнөөдөр хувьцааны ханш 0.196-0.226 хооронд хэлбэлзэж 0.205 Хонг Конг доллароор хаагдлаа.

 

Түүнчлэн Хөшөөтийн ордоос урд хөрш рүү нүүрс экпортлодог Mongolia Energy (276 HK) копманийн хувьцааны ханш өнөөдөр 0.285 Хонг Конг доллар хүрсэн нь 10-р сарын 05-наас хойших хамгийн муу ханш болж байна. SouthGobi Resources (1878 HK) компанийн хувьцааны ханш 1.76 хонконг доллароор хаагдсанаар мөн сүүлийн хэдэн сарынхаа доод төвшинд ойртож байна.

 

Хонг Конгийн Хөрөнгийн Бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг, Монголд үйл ажиллагаа явуулдаг эдгээр нүүрсний компаниудын хувьцааны ханш 9 болон 10-р саруудад өндөр өсөлт үзүүлж байсан бол нүүрсний үнэ өсөлттэй хэвээр байгааг үл харгалзан 11-р сарын сүүлээс эхлэн эрчимтэй буурлаа.

 
  • Хувьцаануудын ханшийн уналтын үндсэн шалтгааныг бид Монгол-Хятадын харилцаа муудсантай холбоотой гэж харж байна. Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятадын талаас цуцалсан уулзалтууд дотор Хятадын хөнгөлөлттэй зээл болон Таван Толгойн асуудал байсан. Үүнтэй холбоотой ММС компанийн Хятадын Шенхуа болон Японы Сумитомо нараас бүрдэх консорциумын Таван Толгой төсөл дээр Засгийн газартай хийх хэлцэл тодорхойгүй хугацаагаар хойшилж байх шиг байна.
  • Түүнчлэн Хятадын ӨМӨЗО-ноос Шивээхүрэн, Гашуун сухайт, Бичигт гэсэн гурван боомт дээрх хураамжийг 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн нэмээд байгаа. Гашуунсухайт боомтоор Тавантолгойн бүлэг ордын нүүрс болон Оюутолгой, Эрдэнэт компанийн зэсийн баяжмал, Шивээхүрэн боомтоор Mongolia Energy, SouthGobi Resources, МАК зэрэг компаниудын нүүрс гарч байгаа бол Бичигтийн боомтоор газрын тосны экспорт хийгдэж байна. Монгол улс жилд 20 сая тонн нүүрс экспортолно гэж үзвэл шинээр тогтоосон боомтын хураамжид нүүрсний компаниуд жилд нийтдээ 23.7 сая ам.доллар төлөхөөр байна.
  • 11-р сарын 21-нд Олон улсын үнэлгээний Moody's агентлаг Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг бууруулж CAA1 болгосон нь Монгол улсын хувьд, мөн санхүүжилт хайж буй компаниудын хувьд тун таагүй мэдээ болсон. MMC-ийн хувьд зээлдэгчидтэйгээ тохиролцоонд хүрсэн ба хэлцлээ албан ёсоор баталгаажуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч байгаа. Энэ асуудлаар Кайманы шүүх хурал 12-р сарын 5-наас хойш хуралдахаар болсон ба өнөөдрийн байдлаар тов нь гараагүй байна. Шүүхээс гарах шийдвэр нь компанийн хувьцааны ханшид ихээр нөлөөлөхүйц биш байх болов уу гэж бид таамаглаж байна.
  • Коксжих нүүрсний зах зээлийн хувьд өсөлттэй хэвээр байгаа. Өнөөдрийн байдлаар Австралийн экспортын коксжих нүүрсний жишиг үнэ 299.2 ам.доллар буюу өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 388% өсөлттэй байгаа. Эрдэнэс Тавантолгой компани 12-р сараас нэг тонн нүүрснийхээ үнийг уурхайн аман дээр 50 ам.доллароор борлуулах болноо мэдэгдсэн бол, Энержи Ресурс компани 12-р сараас эхлэн хилийн үнээ 96-аас 107 ам.доллар болгон нэмэгдүүлэхээр болсноо мэдэгдээд байгаа.
 
  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн эсрэг авах арга хэмжээний хүрээнд энэ удаад тус улсын нүүрсний экспортын орлогод нь хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Энэ оны эхний 10 сарын байдлаар Хойд Солонгос улс Хятад руу 18.5 сая тонн нүүрс экспортолсон бол хоригийн хүрээнд энэ тоог 7.5 сая тонн болгож хязгаарлах юм. Хэрвээ Хятад улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлвэл нүүрсний үнэ болон Монгол улсын нүүрсний экспортод эерэг нөлөө үзүүлэх юм.
  • Тиймээс Монголын нүүрс экспортлогчдын үйл ажиллагаа болон нүүрсний зах зээлийн хувьд дунд хугацаандаа өөдрөг дүр зураг харагдаж байгаа. Харин богино хугацаандаа гол импортлогч бөгөөд нүүрсний салбарын гол хөрөнгө оруулагч болох Хятад улстай Монгол улс харилцаагаа хэрхэн сэргээж, хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна.


Эх сурвалж: http://golomtsecurities.com/