Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд нүүрсээ үнэгүйдүүлснийг илтгэх ХОЁР ТОО

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр хороололд амьдардаг Бат жилдээ 2-3 тонн нүүрс байшингаа дулаацуулахын тулд хэрэглэдэг. Тэрбээр нүүрсээ 32-ын тойрог орчимд зогсох худалдаачдаас авдаг бөгөөд нэг портер нүүрс 150-180 мянган төгрөг /11 дүгээр сарын байдлаар/ байна. Энэ үнэ цаашид өсөх боломжтой.

Улаанбаатарт яг тэднийх шиг 198 мянган айл өрх өвлийн турш түлэх нүүрсээ бэлтгэхийн тулд дор хаяж 300 мянган төгрөг зарцуулна. Улаанбаатарчуудын хувьд нүүрсээ ихэвчлэн Багануур, Налайхаас зөөдөг. Багануур, Налайхын уурхайгаас нүүрс авчирсан ченжүүд иргэдэд ийм үнээр зардаг гэсэн үг.

Харин уурхайн аман дээр ковш нүүрс 60,000 төгрөг бөгөөд хоёр ковш нүүрс нь ойролцоогоор нэг портер болдог байна. Нэг портер нүүрс 1.3-1.5 тонн хэмжээтэй.

Энэ бол Монгол хүн Монгол хүндээ нүүрс зарж буй үнэ.

Багануурын нүүрсний илчлэг гэхэд кг тутамдаа 3,200-3,600 ккал байдаг бөгөөд Налайхын нүүрс арай илүү чанартай. Гэхдээ энэ бол манай өмнөд хил дээр тонн тонноороо зарагдаж буй Таван толгойн коксжих нүүрсний чанарын хаана нь ч хүрэхгүй.

Учир нь Таван толгойн коксжих нүүрсний илчлэг кг тутамдаа 6,500-7,500 ккал байдаг. Энэ нь маш чанартай, өндөр дулаан ялгаруулдаг тул аж үйлдвэрлэлд илүү хэрэглэдэг нүүрс юм.

Харин жирийн айлууд түлбэл зуух, ширэм нь хайлах хүртэл эрсдэлтэй, боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.  Ийм төрлийн чанартай нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тонн тутам нь 200 ам.доллар хүрч үнэ нь өслөө.

Таван толгойн ордоос гарч буй коксжих нүүрсний борлуулалтын гол зах зээл нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн бүс нутаг болох Таншань, Бугат юм.
Таншань дээр баяжуулсан, хоёрдугаар зэргийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 180 орчим ам.доллар байгаа.Тээвэрлэх, ачиж буулгах, угааж баяжуулах өртөг шингэсэн үнэ нь 180 орчим ам.доллар болж байгаа учир уурхайн аман дээрх үнийг 51 ам.доллар хүртэл өсгөх боломжтойг эдийн засагч Л.Наранбаатар хэлжээ. 

Гэтэл манай “Эрдэнэс Таван Толгой” ХК олборлосон нүүрсээ тонн тутмыг нь уурхйн аман дээрээ 32 ам.доллараар Хятадуудад зардаг. Энэ бол Монгол хүн Хятад хүнд нүүрсээ зарж буй үнэ.

32 ам.доллар саяхныг хүртэл 27 ам.доллар байсан билээ. Энэ үнэ цаашид өсөж 2017 он гэхэд 44-55 ам.долларт хүрэх боломжтой тухай "Эрдэнэс Таван Толгой" мэдээлсэн байна. Гэхдээ өдийг хүртэл бид 20 орчим сая тонн нүүрсээ маш хямд үнээр өгсөн шүү дээ. 

хэн буруутай вэ?
 

32 ам.доллар гэдгийг цаана Манай Монгол төрийн буруу бодлогын алдаа гажуудал бий. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын “Чалко” компаниас авсан зээлийн үлдэгдэл 95 сая ам.долларыг ийнхүү хямд үнэтэй нүүрсээр ТӨЛЖ байгаа юм. Энэ мөнгийг МАН засаг барьж байх үедээ хүний хөгжлийн 21 мянган төгрөг тараах гэж зээлсэн гэдэг. Нэг үгээр хэлбэл энэ мөнгийг Монголчууд бид бүгдээрээ идэж уужээ. Сонгуулийн амлалтын бэлэн мөнгөний цаана ямар хэмжээний өр төлбөр бидний нуруун дээр үүрэгддэгийн тод жишээ.

Таван толгойн олборлолтын зардал нь тонн тутамдаа 13-16 ам.доллараар илүү өндөр байдаг байна. Энэ олборлолтыг мөн л Хятадын TTJVco компани хийдэг.

Энэ бүхнээс нэг тонн тутамд 10 хүрэхгүй ам.долларын л ашиг гардаг байна. Монголын ард түмний хувьцааг нь эзэмшиж байгаа “Эрдэнэс таван толгой” ХК нүүрсээ хямд зарсны хар гайгаар алдагдалтай ажилладаг.  2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас харвал тус  компани 247 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал, 737 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

Өнгөрсөн хугацаанд Таван толгойн бүтээн байгуулалт, төмөр замын төслийг нураах, зогсоох, гацаах үйл ажиллагаа эрчимтэй явагдсан. Төмөр зам барих гэж авсан мөнгөө үрэн таран хийсэн зарим нөхдийн хэрэг цагдаагийн газраар шалгагдаж байгаа.

Хэрэв бид төмөр замаа тавьчихсан, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжаад далайд гарчихсан байсан бол нүүрсээ өдийд төсвийн алдагдал, эдийн засгийн хямрал гэхгүй хээвнэг сууж байхсан. 32 ам.доллар гэдэг бол өнөөгийн Монгол төрийг ичээх ёстой тоо. Эх орны баялгаа хэрхэн “амжилттайгаар” юу ч биш болгосны хар гай. Харин одоо цаашид яахыг харах л үлдэнэ.

Энэ зуур гэр хороололд амьдардаг Бат өвлийг яаж өнөтэй давах тухайгаа бодож, толгойгоо гашилган суугаа биз.