2019/10/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-5°
13:00
S20
14:00
S20
15:00
S20
16:00
S20
17:00
S20
18:00
S20
19:00
S20
-1°
20:00
S20
-1°
21:00
S29
-2°
22:00
S29
-2°
23:00
S29
-2°
00:00
S29
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/10/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Монгол ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД технологийн хөгжил "ТЭРГҮҮЛЭХ" нөлөө үзүүлж байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
 

Монгол Улсын ирээдүй бол хүүхэд гэж ярьцгаадаг. Гэвч энэ нь хүүхэд хэрхэн хүмүүжиж, ямар хүн болж төлөвшихөөс шууд шалтгаална. Харин хүүхдийн хүмүүжил төлөвшил мэдээж аав, ээжээс улбаатай. Тэгэхээр Монголын ирээдүй аав, ээж таны гарт байна гээд хэлчихвэл буруудахгүй биз ээ.

Тиймээс бид энэ удаад хүүхдийн хөгжил, сэтгэл зүйн өөрчлөлт, орчин үеийн хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үүднээс Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнг VISITOR буландаа урьж ярилцлаа. 


- Ер нь хүмүүжил гэж юу болох тухай ерөнхий ойлголтыг өгөхгүй юу?

- Хүмүүжил гэдэг бол угтаа хүн болох үйл явц гэсэн үг. Монголчууд эртнээс нааш хүүхдээр хүн хийх гэж ярьсаар ирсэн. Хүүхдийг нас биед хүрсэн, өөрийгөө авч явах болон өрөөл бусдад туслах бүрэн чадвартай, ухамсартай бие хүн болгоход нөлөөлж байгаа олон хүчин зүйлсийн нийлэмжийг хэлээд байгаа юм.

Үүнд тухайн хүүхэдтэй харилцаж байгаа үгэн буюу зааж зөвлөх, ярилцах, үгэн бус буюу үйлдлээр үлгэр дуурайл үзүүлэх зэрэг олон зүйл хамаарна л даа. Эдгээр нь бүгд эцсийн дүндээ хүүхдийн төлөвшилд нөлөөлнө гэсэн үг юм.

Манай эцэг эхчүүд ихэвчлэн үгэн дээрээ анхаараад байдаг. Гэхдээ яг үнэн хэрэгтээ хүмүүжлийг олгох хамгийн чухал зүйл бол үйлдэл байдаг.

Тэр ч байтугай хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхлэхдээ хүртэл хүмүүжиж байдаг. Хүүхэд эхийнхээ хэвлийд байхад орчин ямар байсан, ээж өөрөө ямар сэтгэл зүйтэй байсан, аав нь дэргэд нь байсан уу, хол байсан уу, хэр их анхаарал дунд байсан зэрэг нь хүүхэдтэй шууд холбоотой. Нэг ёсондоо ээжид анхаарал тавьж байгаа мэт боловч эцсийн дүндээ ээжийн сэтгэл зүй хэвлийд байгаа хүүхдэд шууд нөлөөлдөг гэсэн үг. 

Манай эцэг эхчүүд төрсний дараа буюу нэг сартай, нэг ойтой байхаас нь эхлээд хүмүүжилд нь анхаарч эхэлдэг. Гэтэл эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн төрөх хүртэлх арван сар маш чухал үе байдаг.

Зарим хүүхэд олон хүнээс бишүүрхдэг, олон хүн хараад уйлдаг, айдаг. Гэтэл зарим хүүхэд илүү тайван амгалан, ямар ч хүн дээр очсон тааламжтай байх нь бий. Энэ нь хүүхдийн ээж хөл хүнд үедээ сэтгэл зүйн талаас ямар байсныг нэг талаараа харуулж байдаг юм. Тиймээс хүмүүжил гэдэг ураг бүрдэхээс л эхэлдэг үйл явц юм.

- Хүүхдийн аль аль насанд ямар ямар өөрчлөлт гардаг вэ?

- Эцэг эхчүүд энэ зүйлийг их сонирхдог болсон. Ялангуяа шилжилтийн насан дээрээ ирчихлээ, жаахан юм байж том хүн шиг болоод байна гэх мэтчилэн асуултыг их асуудаг. Шилжилтийн насанд илүүтэй анхаардаг.

Бодит байдал дээр шилжилтийн нас гэж байхгүй “өсвөр нас” л гэж бий. Хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүн хүртэл цаг үргэлж өөрчлөгдөж байдаг. Хүн бүх л амьдралынхаа туршид, цаг үргэлж суралцаж байдаг учраас үргэлж өөрчлөгдөж байдаг гэсэн үг.

Хүүхдийн сэтгэл зүйн асуудал нь бага, дунд гэхээс илүү хэдэн нас, хэдэн сартай байгаагаар хэмжигддэг. Иймд нас бүрийн тов тодорхой өөрчлөлтийг хэлэх боломжгүй. Бага насны хүүхдийн сэтгэл зүй бол хамгийн чухал үе.

Хүмүүжлийг олгох хамгийн чухал зүйл бол үйлдэл.

Учир нь энэ л насанд хөдөлмөрч зан, харилцааны ур чадвар, амжилтын мэдрэмж гэх мэт чухал ур чадварууд төлөвшдөг. Дунд болон ахлах насны үед өөрт чиглэсэн зүйлд анхаарал хандуулж, амьдралын чухал сонголт, найз нөхдийн харилцаа, хайр дурлал зэрэг асуудалалд анхаардаг болно.

Ерөнхийдөө гэнэт л эцэг эхийнхээ үгнээс зөрөөд, бухимдаад л, нэг л өөр болоод байвал энэ нь өөрийгөө танин мэдэх үйл явц идэвхтэй явагдаж байна гэсэн үг. 

- Монгол хүүхдийн сэтгэл зүйд сүүлийн жилүүдэд ямар өөрчлөлт гарч байна вэ?

- Өөрчлөлтийг хэмжихийн тулд адилхан аргаар үр дүнг шалгах хэрэгтэй шүү дээ. 1990-ээд оноос өмнө хүүхдийн сэтгэл зүйд хийх судалгаа нь унших, сонсох чадвар, анхаарал ой тогтоолт зэрэгт чиглэж байсан.

Сэтгэл зүйн нарийн процесс руу чиглэсэн судалгаа ховорхон хийгдэж байсан гэсэн үг. Хийгдсэн ч бага хүрээнд далайц багатай байсан. Тиймээс 1980-аад оны хүүхдийн өөртөө итгэх итгэлийн түвшин ийм байсан бол өнөөдөр хүүхдийн итгэлийн түвшин ийм болжээ гэж нарийн тодорхойлох аргагүй байна.

Улсын хэмжээнд ирээдүйн хүний нөөцийн боловсон хүчин, хүмүүн капиталаа огт судлахгүй байна. Уг нь судлаад тухайн үр дүнд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлбэл маш чухал үр дүн гарна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлтийг хэлэхээс өмнө өнөөгийн залуус буюу сэтгэл зүйн ур чадвар, хөгжлийг олж авч чадаагүй хүүхдүүдийн талаар хэдэн зүйл хэлье. 

Монгол хүүхдүүд маш залхуу байна

Залуусын нийгмийн идэвх сул. Залхуу байгаа учраас нийгмийн идэвхтэй гишүүд цөөн байна. Өнгөрсөн сонгуулиар 18-25 насны залуус бага оролцсон нь нийгэмд идэвхтэй хүүхдүүд бага байгааг харуулж байна.

Жишээлбэл олимпийн дээд амжилтуудыг эвдэж байгаа, оролцож байгаа хүмүүсийн дундаж наслалт хэд байв.  14-19 настай хүүхдүүд дэлхийн хэмжээний зүйлийг хийгээд өөрчлөөд, өөрөө хувь нэмрээ оруулаад, дуу хоолойгоо өргөөд явж байна.

Хүүхэд эхийнхээ хэвлийд хүртэл хүмүүжиж байдаг.

Гэтэл Монгол хүүхэд залуучуудын нийгмийн идэвх маш сул байна. Үүнийг өөр юугаар нотолж болох вэ гэвэл маш олон зүйлд донтож байна. Удирдлагагүй болж эхэлж байна шүү дээ. Нэг интернетэд орохоороо гарахаа мэддэггүй. Нэг тоглоом тоглохоороо салахаа мэддэггүй. Кино үзэхээрээ түүндээ бүрэн автчихдаг.

Утга учиргүй, төөрөлдөгчид. Юу сонирхдог, юунд дуртай, яах гэж амьдарч байгаа, ямар зорилготойгоо мэдэхгүй хүүхдүүд олон байна. Их сайхан амьдралыг мөрөөддөг, шидтэн бууж ирээд амьдралыг дохиураараа дохиод л өөрчлөөд, шийдчих юм шиг ийм бодолтой хүүхэд олон болчихсон байна.

Хоорондоо дайсагнасан, нийгмийг шүүмжлэгчид. Тухайлбал, дурын нэг вэб сайт руу ороод, хэн нэгэн хүний ярилцлагын тайлбар бичих хэсэгт “Нээрээ тийм байна шүү. Яагаад энэ хүнээс суралцаж болохгүй гэж вэ” гэж бодохын оронд тухайн хүний өмнөөс шаналдаг, бухимддаг, асуудлыг нэмдэг. Энэ нь нийгэмд бие биенээ маш их шүүмжилдэг, хоорондоо дайсагнасан иргэд бий болж байгаагийн жишээ юм.

Эдгээр гурван сөрөг зүйл бий болж байгаа нь өмнөх үеийн хүүхдүүд ямар байсан түүний үр дүн гэж хэлж болно. Энэ тал дээр ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч чадахгүй л бол энэ байдал улам ихэснэ гэж хэлмээр байна.

Манай байгууллагын хувьд сургуулийн сэтгэл судлалын албаны ажлыг тодорхой тооны сургуулиуд дээр өнгөрсөн хоёр жилийн турш хийсэн.

Мөн хөдөө орон нутагт томилолтоор урт болон богино хугацаанд ажиллаж байхдаа болон хийсэн судалгааны үр дүнгээс дүгнэж хэлэхэд өнөөдрийн нийгэмд өсч, хүмүүжиж байгаа хүүхдүүд дараах гурван зүйл дээр дутагдалтай байна.

  • Хүүхдүүд маш ихээр өөрийгөө голдог. Өөртөө итгэлтэй хүүхэд маш цөөхөн. Нэг нэгээр нь ганцаарчлаад уулзахад өөрийгөө хөөрхөн гэж боддог, өөрийгөө хүнээр хайрлуулах эрхтэй гэж боддог хүүхэд цөөхөн байдаг.
  • Хүүхдүүд хоорондоо баг болж ажиллаж чаддаггүй. Баг болох тал дээр асар их асуудалтай. Баг болгож ажиллуулдаг үйл ажиллагаа цөөхөн байна шүү дээ. Багаар ажилласнаар хүүхэд хариуцлага хүлээж эхэлнэ. Бусдыг сонсож эхэлнэ. Ийм эерэг сайн нөлөөллүүд үгүй байна.
  • Монгол хүүхдүүд маш залхуу байна. Энэ нь гэртээ хөдөлмөрийн хуваарь байдаггүйтэй холбоотой. Долоо хоногийн аль нэг өдөр хоолоо хийх, дүүгээ харах, өглөөний цай бэлдэх зэргээр хуваарь гаргавал хүүхэд хөдөлмөрлөж сурна. Гэтэл манайхан хүүхдээсээ ажил хийж сурахыг шаарддаг боловч хийлгэдэггүй. Өөрөө хийж байхдаа тэр үгээ хэлээд байдаг. Хийх гэхээр “за, яршиг хачин юм хийчихнэ” гээд хийлгэдэггүй. 

- Хүүхдийн сэтгэл зүйн энэ өөрчлөлтөнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу юм бол?

- Өнөөдрийн хувьд Монгол хүүхдийн гэлтгүй дэлхий нийтийн сэтгэл зүйн өөрчлөлтөнд технологийн хөгжил “ТЭРГҮҮЛЭХ” байр суурийг эзэлж байна.

Арван жилийн өмнө хүүхдүүд утсаар мессэж бичих гэх зүйлийг дөнгөж л сурч байсан бол өнөөдөр мессэж, чат зэрэг нь хүүхдийн хувьд мэдрэмжээ илэрхийлэх нэг төрлийн зэвсэг болчихлоо шүү дээ. 

Урьд нь хүүхдүүд өөрийн бодол сэтгэлээ дуу шүлэг, зургаар илэрхийлдэг, найз нөхдөдөө хуваалцдаг буюу илүү амьд харилцаатай байсан бол өнөөдөр зүгээр л нэг гар утас, интернет зэрэг жижигхэн орон зайд л хязгаарлагдаж байна.

Нэг ёсондоо бид технологийн боол болчихсон эрин үед амьдарч байна гэсэн үг. Хүн өөрсдөө янз бүрийн технологийг ажиллуулаад байгаа юм шиг хэрнээ хүний сэтгэл зүйг технологи удирдаад байна.

Жишээлбэл: Хүүхэд унтахаасаа өмнө заавал фэйсбүүкийнхээ “notification”-ыг шалгахгүй л бол унтаж чаддаггүй, өглөө сэрээд нэг нүд нь аниатай, нэг нүд нь нээлттэй гар утсаа шалгадаг гэх мэтчилэн. Энэ нь сэтгэл зүйн хамааралд орсныг гэрчлэх зүйлс.

Харин ирээдүйд хүүхдийн сэтгэл зүйн тал дээр энэ байдал илүү их болно гэж сэтгэл судлаачийн хувьд таамаглаж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад хүний сэтгэл зүйн маш олон мэдрэмжийг илэрхийлдэг болно.

 

Жишээ нь фэйсбүүкт таалагдлаа гэх товчийг дарахын оронд янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлэх боломжтой болчихсон байна. Нэг ёсондоо өөрийнхөө мэдрэмжийг тэрхүү товчинд удирдуулаад байна гэсэн үг.

Энэ нь цаашлаад илүү сөрөг нөлөөг авчирна. Учир нь хүний сэтгэл зүй гэдэг асар том ертөнц. Гэтэл тэрхүү асар том ертөнцийг бид хэдхэн тэмдэгт, товчинд удирдуулах нь. Тэгэхээр технологийн хэрэглээг зохистой хэмжээнд нь барихгүй бол болохгүй.

- Мөн гэр бүлийн харилцаа, орчин чухал нөлөөлнө шүү дээ?

- Мэдээж тухайн хүүхдэд аав, ээж, ах, эгч, өвөө, эмээ гээд бүгд нөлөөлнө. Тэр ч байтугай хөрш айлын хүүхэд хүртэл нөлөөлдөг юм шүү. Хүүхэд ямар орчинд аж төрж, ямар орчинд хүмүүжлийг олж авч, ямар орчинд суралцаж хөдөлмөрлөж, өөрийгөө илэрхийлж байгаа нь нэн чухал.

Тухайлбал, орой гэртээ ирэхэд нь дуугардаггүй, бие биетэйгээ муухай харьцдаг, ах эгч нь маш их загнадаг эсвэл орой ирэхэд нь гэрт нь хэн ч байдаггүй бол хүүхэд тийм л нөлөөг өөртөө авч, тийм л хүмүүжлийг өөртөө олж авна. Харин зөв эерэг харилцаатай орчинд өсч буй хүүхэд төдий чинээ зөв хүмүүжлийг олж авна. Тэгэхээр орчин маш чухал.

Аз болоход орчныг хянаж, өөрчилж болно. Манайхан ихэвчлэн нийгэмд буруугаа тохдог. Үүнийхээ оронд эхлээд гэр бүлийнхээ харилцаа, орчныг өөрчилж, эерэг болговол эргээд тэр хүүхэд зөв хүмүүжил олж авах бүрэн боломжтой.

Мөн өнөөдрийн нийгэмд аавгүй, ээжгүй өсч байгаа хүүхэд олон байна. Энэ байдлаараа хүүхдэд аав эсвэл ээж гэдэг хүнээр дутчихлаа. Дутахын хэрээр хүүхэд бас л дутуу хүмүүжлийг олж авна. Түүнийгээ насанд хүрсэн хойноо нөхөх гэж бас л их золиос гаргана. Тиймээс эцэг эх, элэг бүтэн байдал хүнд амьсгалах агаар мэт чухал зүйл юм шүү.

- Нэгэнт зан чанарт нь муу өөрчлөлт гарсан хүүхдийг яаж засах вэ?

- Ерөнхийдөө тухайн хүүхдийн хэн болох, ямар хүн болж хүмүүжих зэрэг төлөвшлийн 85 хувь нь таван нас хүртэлх хугацаанд нь бүрэлддэг. Үлдсэн олон жилийн хугацаанд 15 хувь нь бүрэлдэнэ. Тэгэхээр 15 хувь дээр сэтгэл судлаач бид ажилладаг гэсэн үг.

15 хувь дээр үнэхээр ээж аав нь, багш нь, хүрээлэл нь бүгд хичээж ажиллаж чадвал 85 хувийн үр дүнг үзүүлдэг. Тэгэхээр тодорхой хэмжээнд хүүхдийг өөрчлөх боломж байдаг. Гэхдээ цаг хугацаа хэрэгтэй.

Тухайлбал, хүчирхийлэлд өртчихсөн тодорхой хамааралд орсон, эрсдэлт зан үйл хийчихсэн хүүхдийг өөрчлөхийн тулд дор хаяж жил хагас хэрэгтэй. Эцэг эх, багш, найз нөхөд гээд бүгд оролцож, хүүхдээ өөрчлөх боломж байдаг уу гэвэл байдаг. 

Өөрийгөө илэрхийлдэггүй, ярьдаггүй хүүхэд байвал хүүхдээ сонсдог байгаарай гэж аав ээж нарт зөвлөе. Сонсохдоо хүссэн бүхнийг нь биелүүлж биш.

Манайхан хүүхдийнхээ хүслийг сонсож байгаагаа "хүүхдээ сонсож байна" гэж андуурдаг. Хүслийг нь биш мэдрэмжийг нь сонс. Дараа нь тэр хүүхдийн үйлдлийг сонс. Өөрөөр нь дүгнэлт хийлгэ. Тэгээд хамтдаа шийдвэрт хүр. 

Үүнээс гадна аав, ээж нар болох болохгүйг зөвлөж хэлдэг хэрнээ өөрсдийн үйлдлээ боддоггүй. "Миний хүү, охин худал хэлж болохгүй ээ. Худал хэлэх нь муу зүйл" гэж зөвлөлөө. Бодит байдал дээр “утас дугарлаа, аавтай нь ярья гэтэл аавыгаа байхгүй гээд хэлчих”. Ингээд хүүхэд худал ярьж эхэлж байна. Ийм байдлаа засах хэрэгтэй юм шүү.

Эцэг эх, элэг бүтэн байдал хүнд амьсгалах агаар мэт чухал зүйл.

Нэмж хэлэхэд нэгэнт ажил хийж сураагүй, хүнтэй харилцаж сураагүй, өөрийгөө авч явж, биеэ дааж суралгүй насанд хүрсэн хүн зөндөө байна. Тийм болчихсон хүмүүсийг өөрчлөх бараг боломжгүй.

Хүүхдийг бага байхад нь харилцааны ур чадварыг, хөдөлмөрийн үнэ цэнийг, сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг сургаагүй л бол насанд хүрсэн хойно нь сургах хэцүү.

Гэхдээ нийгэм өөрөө тухайн хүнийг өөрчлөх боломж байгаа боловч энэ нь маш их хугацаа шаардана.

Ийм болж хүмүүжих шалтгаан нь мэдээж нэгдүгээрт, гэр бүлийн харилцааны доголдол, хоёрдугаарт, тухайн хүүхэд өөрөө өөртөө дүгнэлт хийгээд, өөрийгөө өөрчлөх боломж байтал ашиглаж чадаагүй буюу өөрийн ухамсар гэдэг зүйл сул хөгжсөн байна гэсэн үг. Хамгийн гол нь багад нь ажиллах ёстой байжээ.

Гэхдээ үүнийг эцэг эхчүүд уншвал одоо өөрийгөө оройтсон гэж битгий бодоорой. Таны хүүхэд одоо 15, 16 настай бол сайн тал руу нь өөрчлөх бүрэн боломжтой юм шүү гэж хэлмээр байна.

- Хүүхдүүд эцэг эхийнхээ үгийг сонсохгүй, хүндлэлгүй, түргэн зантай болж байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

- Үүнд олон шалтгаан бий. Нэн тэргүүнд аав, ээж нараас “та өөрөө хүүхдээ сонсдог уу” гэж асуумаар байна. Тэгэхээр жишээ нь, хүүхдийг “ээж ээ би өнөөдөр ийм зураг зурлаа” гээд үзүүлэхэд нь “за за дараа”, “ээж ээ би энэ тоогоо бодож чадахгүй юм яах вэ” гэхэд нь “ааваасаа асуучих”, “аав аа би даалгавраа хийж чадахгүй байна” гэхэд нь “дараа больё”. Энэ байдал хүүхдэд “хэн ч намайг сонсдоггүй” гэх мэдрэмжийг төрүүлдэг. Ингээд хүүхэд өсвөр насан дээрээ ирээд ээж, аавынхаа үгийг сонсохоо больж эхэлнэ.

Хоёрдугаарт: Медиа маш чухал нөлөөтэй. Өнөөдөр Монголд гарч байгаа бүх шинэ кинонуудын 80 хувь архи, хэрүүл, зодоон, завхайрлыг харуулж байна. Бүх л шинэ киноны сурталчилгаанд бие биетэйгээ хэрэлдсэн, алалцсан, зугтсан, хэн нэгнийг хуурсан, залилсан байдал туссан байна.

Монголын үүрэн холбооны операторууд хариуцлага хүлээх ёстой

Өнөөдөр Монголын дуу хөгжим, контентуудын дийлэнх агуулга нь болж, бүтэхгүй зүйлийн талаар өгүүлж байна. Энэ өөрөө маш буруу нөлөөг үзүүлнэ. Үүнд эдгээрийг үйлдвэрлээд байгаа хүмүүс буруугүй л дээ. Харин үүнийг сонсож, үзэх эрх чөлөөг нь олгож байгаа аав, ээж нар хариуцлага хүлээх ёстой.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хариуцлага хүлээх өөр нэг хэсэг бол  "Монголын үүрэн холбооны оператор байгууллагууд" гэж хэлмээр байна. Учир нь 24 цагийн, хэдэн сарын, долоо хоногийн үнэгүй интернетийн хэрэглээг санал болгодог. Энэ тэдний нь маркетинг байж болно. Гэхдээ эргээд нийгмийн хариуцлагыг хүлээх чадвар бүхий том байгууллага байтал хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн нөлөөг огт тооцоолохгүй байна шүү дээ.

Жишээлбэл: 24 цагийн үнэгүй интернетийн эрх авсан хүүхэд шөнө унтахгүй. 24 цагийн мессэж эрх авчихсан хүүхэд өөр нэг хүүхэдтэй чөлөөтэй мессэж бичиж байгаад, эрх нь дуусангуут дахиад л бичмээр болно. Тэгэхийн тулд ямар нэг аргаар нэгж олох талаар бодогдож эхэлнэ. Ингэж хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа байгууллагууд өнөөдөр хариуцлага хүлээх ёстой гэдгийг хатуу анхааруулмаар байна.

Тэгэхээр хүүхдийн медиа үзэж, сонсох боломжийг өгч байгаа байгууллагууд болон үзэх эрхийг нь өгөөд байгаа аав, ээж нар буруутай. Эцсийн дүндээ энэ бүхний хохирогч нь хүүхэд шүү дээ. Энэ л хамгийн харамсалтай зүйл.

- Энэ нь нөгөө талаар хүмүүсийн ярьдаг индиго, кристал зэрэг ухаалаг хүүхдийн шинжтэй холбоотой юу. Эсвэл цэвэр хүмүүжлийн доголдол уу?

- Сэтгэл судлалын шинжлэх ухаанд индиго болон, кристал хүүхэд гэж байдаггүй юм шүү. Үүнийг ямар нэгэн байдлаар хувь хүн, судлаач нар гаргаж ирсэн болохоос биш “аль нэг хүүхдийг тусгай төхөөрөмжөөр үзэж, 5 хувийн кристал, 15 хувийн индиго гэж тодорхойлдог” зүйл огт байхгүй.

Хүүхэд нь маш сонин зүйл яриад л, өөрийнхөө хийж чаддаггүй байсан зүйлийг хийгээд эхлэхээр манай хүүхэд яг кристал, индиго гээд л эсвэл индиго хүүхдийн сургалтын төв гэх зэрэг ийм зүйл байхгүй.

Харин зөв орчинд төлөвшсөн, хүмүүжсэн, зөв төлөвшлийг авч байгаа хүүхэд л гэж бий. Хүүхэд илүү их өөрийгөө илэрхийлж, амжилтанд хүрээд байгаа бол энэ нь аав, ээж хүүхэдтэйгээ зөв ажиллаж байна л гэсэн үг.

- Ерөнхийдөө ямар харилцаанд хүүхэд амжилттай хүн болж төлөвших вэ?

- Таны хүүхэд маргаашд бэлэн үү? гэж аав, ээж нараас асуумаар санагддаг. Хүүхдэдээ итгэдэггүй, сонсдоггүй, өнгөрсөнтэй нь биш бусадтай харьцуулдаг байж болохгүй юм шүү.

Ерөнхийдөө хүн болох төлөвшлийн үед нь ямар нэг асуудал бага гарсан бол хүүхэд аяндаа амжилттай бие хүн болж төлөвшдөг. Ямар нэг асуудалтай сөрөг орчин байж, түүнийг нь ойлгож залруулах хэн нэгэн байхгүй бол тэр хүүхдийн амжилттай бие хүн болох нь төдий хэмжээгээр хойшилж, эсвэл бараг боломжгүй болж эхэлнэ. 

Өнөө үед эцэг эхчүүд харьцангуй хүүхдэдээ анхаардаг болчихсон байна. Хүүхдэдээ аль болох сайн зүйлийг өгөхийг хичээдэг болчихож. Тэгвэл хүүхдэдээ жилийн хэдэн сая төгрөгийн сургуульд сургах, хамгийн гоё хувцас авч өгөх, хамгийн сайн гар утас, компьютер авч өгөх, хамгийн үнэтэй эмнэлэгт үзүүлэх нь зөв үү гэвэл зөв.

Гэвч энэ чухал биш. Үүнээс илүү хамгийн чухал зүйл нь та өөрөө хүүхдийнхээ хажууд бай. Байх байхдаа хүүхдээ сонсдог, ярилцдаг, үлгэрлэдэг, өөрийг нь үнэлдэг байгаарай гэж хүсмээр байна. Энэ бол юугаар ч орлуулашгүй хамгийн том өв хөрөнгө юм шүү.

Ерөнхийдөө маш чухал зүйлийг хэлэхэд аав, ээж байна гэдэг бол чухал сонголт. Өөрсдөө маш сайн ээж аав нар болно гэж шийдсэн л бол маш сайн ээж аав нар бай. Ээж, аав байснаараа та олон зүйлийг алдаж, олон зүйлийг хязгаарлах шаардлагатай болох боловч эргээд маш их зүйлийг хүүхдээсээ суралцаж, өөртөө олон зүйлийг ухаарч, мөн төдий чинээ аз жаргалтай болно гэдгийг хэлье.

- Ярилцсанд баярлалаа.

x