Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад жилд дунджаар 3,200 АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСОЛ тохиолддог

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 27
iKon.MN
 

Монгол Улсад жилд дунджаар 3,200 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдож, 180 гаруй хүн амь насаа алдан, 89 тэрбум төгрөгийн хохирол учирдаг байна.

Аюулт үзэгдэл, ослыг:

  • Гал түймэр /Ой хээрийн түймэр, объектын түймэр/
  • Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл /Зуд, үер, аянга, хүчтэй салхи шуурга/
  • Геологийн гаралтай аюулт үзэгдэл /Газар хөдлөлт/
  • Биологийн гаралтай аюулт үзэгдэл /Хонины цэцэг өвчин, шүлхий, галзуу, үхрийн салст халуурал, дуут хавдар, боом, мялзан төст, адууны ям, цусан халдвар/
  • Хүний үйл ажиллагаатай холбоотой осол /Химийн бодис, сум илэрсэн, тэсрэлт дэлбэрэлт, усны осол, бичил уурхайн нурангины осол/ гэж ангилдаг бөгөөд хамгийн олон тохиолддог нь түймэр.

2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт 5,426 удаа буюу сүүлийн 16 жилийн хугацаанд хамгийн олон аюулт үзэгдэл, осол  тохиолдож, үүний улмаас 198 хүн амь насаа алдажээ. Мөн 85 хүн гэмтэж бэртэн 202.9 мянган толгой мал, амьтан хорогдож, 79.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

График:1 2015 онд гарсан аюулт үзэгдэл, ослын тоо /төрлөөр/ 

Эдгээр хор уршгийг арилгахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, цэргийн болон цагдаагийн албан хаагч, орон нутгийн иргэд нийт 42,795 хүн оролцож, гамшгаас аврах, хор уршгийг арилгах ажилд зориулж 1.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

2014 онтой харьцуулахад 2015 онд гарсан ой, хээрийн түймрийн хохирол 5.8 дахин, хүчтэй салхи шуурганы улмаас учирсан хохирол 8.9 дахин тус тус өсчээ.

2015 онд тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг олон жилийн дундажтай харьцуулахад:

  • тохиолдлын тоо 71.6 хувь,
  • нас барсан хүний тоо 6.3 хувиар тус тус өсч
  • учирсан хохирлын хэмжээ 10.4 хувиар буурсан байна.

2009 оноос хойш буюу сүүлийн зургаан жилийн туршид аюулт үзэгдэл, ослын тоо нэмэгджээ.

График:2 2000-2015 онд гарсан аюулт үзэгдэл, ослын тоо 

Нийт аюулт үзэгдэл, ослын 90 гаруй хувийг объектын болон ой, хээрийн түймэр харин үлдсэн 10 орчим хувийг бусад аюулт үзэгдэл, осол эзэлдэг байна.

Өргөн уудам нутагтай манай оронд аюулт үзэгдэл, ослын тохиолдол газар орны онцлог, уур амьсгалын нөхцөл байдлаас хамаарч орон нутаг бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд сүүлийн 16 жилийн хугацаанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудад хамгийн олон удаа буюу 1,500-аас дээш тооны түймэр гарчээ. Харин Говьсүмбэр, Дундговь аймгуудад цөөн тооны түймэр гарсан байна.

График:3 Ой хээрийн болон объектын түймрийн нийт тоог аймгаар үзүүлбэл 2000-2015 

Монгол Улсад тохиолдох аюулт үзэгдэл, ослын тоо нэмэгдэхийн хэрээр аюулт үзэгдэл, осолд хүн ам олноор өртөж амь насаа алдах байдал ерөнхийдөө нэмэгдэх хандлагатай байгааг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргасан мэдээллээс харж болохоор байна.

Амь насаа алдсан иргэдийн тоог гамшгийн төрлөөр авч үзвэл хүний үйл ажиллагаатай холбоотой осолд өртөж нас барсан хүний тоо 51.4 хувийг, гал түймрийн улмаас нас барсан хүний тоо 31.7 хувийг тус тус эзэлжээ.

График:4 2000-2015 онд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо /аюулт үзэгдэл ослын төрлөөр/

Аюулт үзэгдэл, ослын улмаас жилд дунджаар улсад 89 тэрбум төгрөгийн хохирол учирч байгаа нь ДНБ-ний гурав орчим хувийг эзэлж байна. 

2000-2015 онд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын улмаас учирсан хохирлын хэмжээ 1.4 миллиард төгрөгт хүрчээ.

Хүснэгтээр үзүүлбэл,

Д/д

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

Дундаж

Аюулт үзэгдэл, ослын тоо

2,547

2,208

2,377

2,068

2,338

2,722

2,659

3,072

2,759

2,468

2,976

3,548

4,047

4,467

4,928

5,426

3,163.1

Нас барсан хүний тоо

77

159

135

158

140

180

187

219

264

216

223

212

237

201

175

198

186.3

Хорогдсон мал /мян.тол/

2,243.7

3,590.1

2,135.7

679.5

3.8

22.9

13.6

10.8

906.7

328.9

9,735.5

165.5

13.1

235.6

13.1

202.9

1,268.8

Эдийн засгийн хохирол /сая.төг/

87,072.3

160,783.8

109,542.5

36,849.9

3,658.7

5,055

12,486

200,575.1

35,084.3

9,842.1

534,796.4

9,619

94,482.6

21,961.4

21,961.3

79,951.8

89,182.8

"Дорнод аймгийн Халх гол, Матад суманд гарсан хээрийн түймрийн хохирол 14 дахин бага байж болох байсан"

Монгол Улсын нутаг дэвсгэрт тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Алтангэрэлээс тодрууллаа.

 

- Жилд 3,200 орчим гамшиг тохиолдож байгаагийн 90 гаруй хувь нь түймэр байна. Түймрийн зонхилох шалтгаан нь юу байгаа вэ?

- Шалтгаан нь тогтоогдсон ой, хээрийн түймрийн 90 гаруй хувь нь хүний санаатай буюу санамсар болгоомжгүй  үйлдлээс, 6 орчим хувь нь байгалийн гаралтай /аянга, цахилгаан гэх мэт/ үлдсэн нь техникийн гаралтай /машин механизмийн яндангаас үсэрсэн оч гэх мэт/ гал түймэр байна.

Объектын түймрийн хувьд 60 гаруй хувь нь цахилгаан, ил задгай хаясан үнс нурам, пийшин зуухнаас гарч байгаагаас харахад иргэдийн анхаарал болгоомжийг дээшлүүлэх нь үр дүнтэй болох нь харагдаж байна. Мөн сүүлийн үед орчин үеийн технологийн хог хаягдлаас үүдэлтэй гал түймэр гарахгүй гэх баталгаа бага байна.

Жишээлбэл, машин механизмийн яндангаас үсэрсэн оч, машины ослоос хагарч үлдсэн шил, шатамхай бодисын хаягдал гэх мэт.

- Нэгэнт гарсан түймрийг хурдан шуурхай, хохирол багатайгаар унтраах чиглэлээр судалгааны ажлууд хийдэг үү?

- МУИС ирэх хавар хиймэл дагуул хөөргөхөөр ажиллаж байна. Тус төсөл дээр манай байгууллагынхан хамтарч  гэрээ байгуулан ажиллаж байна. Гамшгийн үед хиймэл дагуулыг хэрхэн ашиглах талаар эрдэмтдийн хооронд санал солилцож 2 дахь хиймэл дагуул хөөргөхөд Онцгой байдлын алба ямар мэдээлэл боловсруулах, хэрхэн ашиглах, улсын хилийн хамгаалалт , батлан хамгаалах салбарт ямар мэдээлэл шаардагдах зэрэг боломжийг судлахаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, эрдэмтэн судлаачдын саналыг авч эхлээд байгаа.

Өнөөгийн гамшгийн нөхцөл байдлаас харахад Онцгой байдлын албанд мэдээллийн технологи, хиймэл дагуулыг ашиглах арга ажиллагаа дутагдалтай байгаа төдийгүй зайн технологид тулгуурласан тактик ажиллагааг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.

2015 оны хавар Дорнод аймгийн Халх гол, Матад суманд гарсан хээрийн түймрийн улмаас улсад 7.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Түймэр гарлаа гэсэн дуудлага аваад эхлээд таван хүн, дараа нь найман хүн гэх мэтээр нэмэгдсээр 23 хүн очиж галын голомтод ажиллаад унтрааж чадалгүй галыг алдсан байдаг.

Манай хүрээлэн яагаад ийм их хэмжээний хохирол гарав, хохирол багатайгаар унтраах боломж байсан уу гэсэн учир шалтгааныг сансрын хиймэл дагуулын зураглал ашиглаж тооцоолж үзэхэд тухайн үед хамгийн багадаа 65 хүн ажиллаж унтраах боломжтой гэсэн тооцоог хийсэн. Дээрх 23 хүн робот биш. Галын голомтод ажилласан хүмүүсээс 3-4 дахин олон хүн хүчээр унтраах боломжтой түймрийг аргагүй хүчин мөхөсдөж цааш алдсан. Энэ нь Онцгой байдлын албанд зайн технологид тулгуурласан ажиллагаа техникийн нөхцлийг сайжруулах ажил нэн шаардлагатайг харуулж байна.

Хэрвээ бид хиймэл дагуултай, зайн технологийг ашигладаг байсан бол галын чиглэл, тархалтын хурд, хүчийг тооцоолоод хоёр сумаас зэрэг хүмүүс гаргаад түймрийг унтраах боломжтой байсан.  

Дээрх жишээн дээр анх тархалтын хүчийг сансрын зураглал ашиглаж зөв тооцоолсон бол улсад учирах хохирол 480 гаруй сая төгрөг болох байсан гэсэн тооцоог гаргасан. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд хохирлыг 14 дахин багасгах боломж байсан гэж дүгнэж болох юм.

 

- Ганцхан удаагийн түймрийн улмаас л гэхэд долоон тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Тэгвэл хиймэл дагуултай болоход хэдэн төгрөг шаардлагатай юм бэ?

- Яг онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх ажиллагаанд  зориулсан өгөгдлүүдийг оруулсан хоёр хиймэл дагуулыг хамгийн багадаа 10 сая ам.доллараар захиалах боломжтой. 20 гаруй тэрбум төгрөгөөр гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулагдсан хиймэл дагуултай болно гэсэн үг. 

Жилд гардаг хохирлоос дөрөв дахин бага зардлаар гамшиг ослын хохирлыг хэд дахин бууруулах боломжтой.

Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс харахад аюулт үзэгдэл, ослын улмаас манай улсад жилд дунджаар 89 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг. Жилд гардаг хохирлоос дөрөв дахин бага зардлаар гамшиг ослын хохирлыг хэд дахин бууруулах боломжтой гэсэн үг. 

Мөн тухайн хиймэл дагуулыг ганцхан ОБЕГ ашиглахгүй. Эрэн хайх ажиллагаа зохион байгуулдаг ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ гээд олон байгууллага тухайн хиймэл дагуулаас мэдээлэл авч ашиглах боломжтой. Төр засаг маань зориглоод 20 тэрбум төгрөг гаргачихвал Онцгой байдлын алба төдийгүй, улсын хилийн хамгаалалт, эрэн хайх, аврах, байгаль орчны хяналт зэрэг байгууллагуудын ажил, зардлыг хөнгөвчлөх, дээр нь судалгаа шинжилгээний байгууллагуудад ч мэдээлэл авах боломж бүрдэнэ.


 2016 оны эхний арван сард нийт 3,396 аюулт үзэгдэл, осол гарч, Онцгой байдлын алба хаагчид 558 хүний амь насыг аварсан хэдий ч түймэр, үер, аянга, хүчтэй салхи шуурга, тэсрэлт дэлбэрэлт, усны осол, бичил уурхайд гарсан ослын улмаас 183 хүн амиа алдсан байна.

Иргэд хамгийн их өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй аюулт үзэгдэл осол нь дийлэнх тохиолдолд иргэдийн өөрсдийнх нь анхаарал болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байгааг статистик мэдээллээс харж болохоор байгаа юм. Тиймээс үргэлж анхаарал болгоомжтой байх нь олон удаагийн эрсдлээс хамгаалахад хамгийн ихээр нөлөөлнө гэдгийг ухамсарлах болжээ.