Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Булгантуяа: Бидэнд 2-3 жилийн дотор эдийн засгийн ХЯМРАЛААС ГАРАХ боломж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн хямралтай нүүр тулсан энэ цаг үед Монголд хамгийн их ачаа магадгүй Сангийн яам, Засгийн газрын нуруун дээр байна. Одоо улс төр, эдийн засаг, бизнесийн хүрээнийхэн төдийгүй жирийн ард иргэд хүртэл Монгол Улсын цаашдын алхам юу байх вэ гэх мэдээллийг хүлээж суугаа. 

Тиймээс бид төсөв санхүүгийн нөхцөл байдал, Монгол Улсын цаашдын алхмын талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяаг VISITOR буландаа урьж ярилцлаа. 


-Сангийн дэд сайдын ажлын нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Хүмүүс дэд сайд хэрэггүй гэж их шүүмжилцгээдэг?

-Эдийн засаг хүнд байгаа үед засгийн ажил барагдахааргүй их байна. Бид өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдлаа үнэлж, дүгнэж, гарах гарцыг хайхаас авхуулаад хөрөнгө оруулагчидтай уулзах, бодлого чиглэлээ тодорхойлох гэх мэт ажилууд тасрахгүй байгаа.  

Өнөөдөр л гэхэд өглөө 09:00 цагаас эхлээд Америкийн Худалдааны Танхимынхантай /АмЧам/ уулзлаа. Өдөр МҮОНТВ-д очиж төсвийн талаар мэдээлэл өгөөд үдээс хойш Засгийн газрын хуралдаандаа суучихаад гарч ирлээ.

Сангийн яамны зүгээс гадаад дотоодын олон хурал зөвлөгөөнд оролцож, уулзалт хийх шаардлагатай байдаг.

Манай улс ганцхан дэд сайдтай юм биш. Гадаадын улс орнуудад сайд нэг байлаа гэхэд чиг үүрэг хариуцсан олон дэд сайтай байдаг юм билээ.

Удахгүй бид Япон улстай давхар татварын хэлэлцээ хийх гэж байна. Японы талаас Сангийн дэд сайд нь ахлах юм байна лээ. Тэгэхээр манай талаас дор хаяж дэд сайдын түвшинд уулзахгүй бол нөгөө талаа үл хүндэтгэсэн байдал үүсдэг.

Сайд бүхэл бүтэн салбарын асуудлыг авч явахаасаа гадна УИХ-ын гишүүнээр давхар ажилладаг. Тэгэхээр ачааллын хувьд амаргүй байдаг юм байна.

Бид 13 хүнийг дэд сайд хийлгэхгүй бол 26 их наяд төгрөгийн өр тэглэгдчих юм шиг ийм багаар сэтгэх биш, үйл ажиллагаагаа яаж чамбайруулж, өмнө нь гаргасан алдаа дутагдлаа яаж давтахгүй байх вэ гэдэгтээ анхаарах хэрэгтэй.

-Та тийм өндөр зардалтай албан тушаалтан юм уу. Дэд сайдуудын зардал их байгаа учраас хэрэггүй гээд байна л даа?

-Бидний цалин яг л төрийн захиргааны албан тушаалтныхтай ижил 800 орчим мянган төгрөг л байдаг.

Шүүмжлэхээсээ илүүтэй бид үр дүнг нь харах хэрэгтэй. Үнэхээр чадалтай чадвартай хүмүүс байна уу, салбарын ажилд ямар үр дүн гарч байна зэргээр хүний ажлыг үнэлж дүгнэх хэрэгтэй.

Түүнээс биш 800 мянган төгрөгний цалинтай хүмүүсийг маш их зардал гаргаад байна гэж харах нь илүүц болов уу гэж бодож байна.

-Та өглөө Америкийн Худалдааны Танхимын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна. Хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байгаа вэ?

-Хөрөнгө оруулагчид эдийн засаг хүнд байгааг маш сайн ойлгож байна. 2011 оны хагасаас авхуулаад хөрөнгө оруулалт зогсонги байдалтай болж, 2012 оноос тогтмол буурсан.

Нөхцөл байдлаас харахад 2012 онд Монгол Улсын эдийн засаг 17.4 хувийн өсөлттэй, стратегийн том орд нь хөдлөөд эхэлчихсэн, гадны хөрөнгө оруулагчид Монголыг маш ойроос ажиглаж байлаа. Тухайн үед бид зөв бодлого хэрэгжүүлээд явсан бол өнөөдрийнх шиг 1.4 хувийн өсөлтөд хүртлээ унасан эдийн засагтай байх шаардлагагүй байсан. Түүхий эдийн уналт эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нэг шалтгаан байсан нь үнэн. Гэхдээ эдийн засаг нь түүхий эд дээр тогтдог Австрали, Канад зэрэг улсууд манайх шиг эдийн засгаа арван хэд дахин унагаагүй.

"Хамгийн гол асуудал нь тогтвортой байдал гэдгийг гадны хөрөнгө оруулагчид хэлж байна"

Хамгийн гол асуудал нь тогтвортой байдал гэдгийг гадны хөрөнгө оруулагчид хэлж байна. Манайхан дөрвөн жил тутамд өөр өөр юм ярьдаг. Зарим улс төрийн хүчин гадны хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбар руу ард түмнээ турхирсан үйлдэл гаргадаг. Засгийн газрын тэргүүн нь “Таван толгой” төслийг хөдөлгөнө гэж зарлахад УИХ-ын дарга нь маргааш нь “зогсооно” гэдэг мэдэгдэл хийх жишээтэй.

Тэгэхээр ийм байр сууринаас болоод Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Тэр ч бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид хүртэл бизнесээ тэлэх боломж бололцоо, орчин алга.

Үүнээс гадна хөрөнгө оруулагчид ОУВС-ийн хөтөлбөрт орох уу гэж маш их асууж байна. Энэ хөтөлбөр манай нэг боломж байж болох юм. Бид ямар  нөхцөл тавигдахаас хамаарч энэ хөтөлбөрт орох үгүйгээ шийднэ. Дараа нь мэдээж УИХ-аар хэлэлцэж батлах ёстой.

-ОУВС-гаас санал болгосон хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэхийг эхлээд Засгийн газар шийднэ гэж ойлголоо?

- Тэгэлгүй яахав. Монгол Улсад нийцэхгүй хөтөлбөр санал болговол заавал авах ёстой гэсэн зүйл байхгүй. Богино хугацаанд манай улс санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч урт болон дунд хугацаанд боломж ихтэй газар гэж хөрөнгө оруулагчид хардаг.

Хятадын эдийн засагтай харьцуулахад манай эдийн засгийн өсөлт саарсан ч цар хүрээ нь маш том болчихсон. Бид боломж бололцоогоо дайчилбал их ирээдүйтэй гэдгийг гадны хөрөнгө оруулагчид мэдэж байгаа.

"2017 онд бид 6.6 их наяд төгрөгийн өр төлөх ёстой"
 
Гэрэл зургийг mpa.mn

-Санхүүжилт босгох өөр ямар боломжууд манай улсад байна?

-Бид олон улсын бонд гаргаад төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд явах боломжтой л доо. Гэхдээ хамгийн сүүлд 2016 оны гуравдугаар сард Засгийн газраас бонд гаргаж төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн. Ингэхдээ Засгийн газар “Чингис” бондын хүүнээс хоёр дахин их буюу 11 хувийн хүүтэй бонд босгосон. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол Улсыг хоёр дахин илүү эрсдэлтэй улс гэж дүгнэж, харж байгаа гэсэн үг.

Үүнээс гадна бид өөр улсуудаас хөгжлийн зээл авах боломжтой байна. Тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүд дээр зарим улс орны экспортын банк, хөрөнгө оруулалтын сангуудаас хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Засгийн газарт илэрхийлсэн.

2017 онд бид 6.6 их наяд төгрөгийн өр төлөх ёстой. Үүнийг богино хугацаанд орлогоо нэмэгдүүлж санхүүжүүлэх боломж байхгүй.

"ОУВС магадгүй хамгийн бага хувийн хүүтэй зээл санал болгоно" 

ОУВС магадгүй хамгийн бага хувийн хүүтэй зээл санал болгоно. Түрүүн хэлсэнчлэн бид бонд гаргаад санхүүжүүлбэл 11 орчим  хувьтай зээл авна гэсэн үг. Харин ОУВС эдийн засаг нь хүндэрсэн зарим орнуудад 20 жилийн хугацаатай, 1-2 хувийн хүүтэй зээл өгсөн байдаг.

Тэгэхээр эдгээр олон зүйлийг үндэслээд Засгийн газар ямар зээл авах шийдвэрээ гаргана.

-Засгийн газар байгуулагдаад 100 хонолоо. Та бүхний хийсэн хамгийн том ажил юу байв. Ер нь бид Засгийн газрын үйл ажиллагааг хэр удаан хугацааны дараа дүгнэх ёстой юм бэ?

-Би 100 хоногийн дотор дүгнэхэд хүнд л гэж бодож байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас эхлээд ажлаа 100 хоногт дүгнэж эхэлсэн. Гэхдээ тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар 4.6 тэрбум ам.долларын нөөцтэй Монголбанк, 17.4 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж авч байлаа.

Харин бид хэчнээн төгрөгний алдагдалтай байгаагаа тооцоход эхний хоёр сараа зарцууллаа.

МАН ялсныхаа дараа мөрийн хөтөлбөрөөсөө няцлаа, буцлаа гэж их ярьж байна. Тухайн үед бид эдийн засгийг арай ч ийм дорой байдалд орчихсон, улсын мөнгөнд хүний сэтгэлээр хандчихсан байна гэж бодоогүй. Гэтэл өнөөдөр ёроолыг нь ухаад барахгүй их өртэй байна.

Гэхдээ бид 100 хоногийн дотор төсвийг нэгдсэн байдалд орууллаа. Аливаа улс орон нэг л төсөвтэй байх ёстой байдаг. Гэтэл манайх Хөгжлийн банк, “Чингис” бонд, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх мэт өчнөөн олон төсөвтэй болчихсон байсан. Энэ талаар ОУВС-гаас өмнө нь хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн ч тоогоогүй.

Бид 100 хоногийн хугацаанд 2016 оны төсөвт тодотгол хийж төсвөө цэгцлэхээс гадна нөхцөл байдалдаа үнэлэлт дүгнэлт хийж, эдийн засгийн хямралыг даван гарах төлөвлөгөө боловсрууллаа. Энэ талаар бүх салбарын төлөөллүүдтэй уулзсан. Мөн гадны хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч олон улсад ажиллаж байна.

Монгол Улсын 2017 оны Төсвийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барсан нь яг өнөөдрийн байдлаар хэлэлцэх шатандаа явж байна. Энэхүү төсвийн төсөлд бид 1.5 тэрбумаас бага орлоготой үйлдвэрлэгчидээ татварын хөнгөлөлт үзүүлж дэмжих бодлогыг оруулсан.

Дэлхийд нефьтэн бүтээгдэхүүний үнэ хямд байх үед бууруулаагүй шатахууны онцгой албан татварыг буулгасан. Ингэснээр дэлхийн зах зээлд нефьтийн үнэ өсч буй энэ үед шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих боломжтой болж байна.

Мөн Австри, Чех улсын Засгийн газруудтай 40 сая евро, 21 сая кроны хүүгүй зээл, буцалтгүй тусламжийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гээд нэлээдгүй ажлыг амжуулжээ.

-Ерөнхий сайд эхний гадаад айлчлалаа Япон улсаас эхэллээ. Энэ айлчлалын үр дүн ямар байв?

-Энэ удаагийн айлчлалаар Япон-Монголын хамтын ажиллагааг бизнесийн салбарт өргөжүүлэхийг зорьсон. 2016 оны зургаадугаар сараас хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж Монголоос Япон руу гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд бизнесийнхний хамтын ажиллагаа хамгийн чухал.

Япон Улс Азидаа импортын бараа бүтээгдэхүүнд тавьдаг шаардлагаараа хамгийн өндөрт ордог. Манай улс органик бүтээгдэхүүнээрээ хүлээн зөвшөөрөгддөг ч тэндхийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтыг давах хөрөнгө мөнгөний бололцоо байдаггүй, сав баглаа боодлын шаардлага хангадаггүй зэрэг олон асуудал бий. Тиймээс энэ удаагийн айлчлалаар Ерөнхий сайд зарим нэг тэргүүлэх салбартай хамтын ажиллагааны гарын үсэг зурах, зарим нэг байгууллагуудтай Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хамтран ажиллах санал тавьсан. Монголоос мөн бизнесийнхэнийг авч явсан. Үүний үр дүнд 200 гаруй хөрөнгө оруулагчид хоёр улсын хамтарсан эдийн засгийн форумд оролцсон байгаа.

Энэ удаад “Энержи Ресурс” компанийн зүгээс Япон улс руу нүүрсний экспорт хийх гэрээ зурлаа, мөн хуурай сүүний үйлдвэр хамтран байгуулахаар Монгол, Японы хоёр компани тохиролцлоо. Энэ мэтчилэн эерэг үр дүн ихтэй айлчлал байсан гэж би дүгнэж байгаа.

"зорилтот бүлэгтээ чиглэсэн халамжаа танах нь эдийн засгийн хямралыг даван туулах том алхам болж чадахгүй"
 
Гэрэл зургийг MPA.mn

-Засгийн газраас эх, хүүхэдтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан. Хүүхэд харах үйлчилгээний 10 тэрбум төгрөг төсөвт тийм их дарамт болж байсан уу. Яагаад хассан юм бэ?

-Тухайн үед Хүүхэд харах үйлчилгээг МАН-ын бүлэг дэмжихгүй байсан. Энэ бол хэд хэдэн шалтгаантай. Олон улсад хүүхдийг айлын гэрт тав хоногийн курст суусан хүнээр харуулдаг жишиг байхгүй.

Энэ тал дээр НҮБ-ын Хүүхдийн сангаас шүүмжлэлтэй хандаж байсан. Үүнийхээ оронд цэцэрлэгийн хүртээмж, чанарыг сайжруулах асуудлыг ярихыг зөвлөсөн юм.

"Бид дөрвөн жилийн хугацаанд боломж гарвал цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөөд ажиллаж байна"

Өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой маш их шүүмжлэл ирдэг. Монгол Улсад цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 40 мянга гаруй хүүхэд бий. Эдгээрийг хамруулахад 200 хүүхдийн 210 цэцэрлэг хэрэгтэй.

Үүнийг хүссэн бол “Чингис бонд”-ын найм хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр шийдчих боломж байсан. Бондын энэ мөнгө нэг ч салбарын асуудлыг бүрэн шийдэж чадаагүй үрэгдээд дууссан.

Хүүхэд харах үйлчилгээг бүрэн хэрэгжүүлье гэвэл жилд 50 орчим тэрбум төгрөг төсөвт суулгах шаардлагатай. Тэгэхээр өнөө маргаашийг аргацаасан байдлаар явах биш сургуулийн өмнөх боловсролыг олгох орчинг бүрдүүлэх тал дээр анхаарах чиглэлийг энэ Засгийн газар барихаар шийдсэн юм.  

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 21 аймаг, Улаанбаатар хотод 70 гаруй цэцэрлэг, сургууль барих асуудлыг шийдвэрлэлээ.

Бид дөрвөн жилийн хугацаанд боломж гарвал цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Дөнгөж сая “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Энэ ямар учиртай хөтөлбөр вэ?

-Засгийн газраас сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон байсан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Намын мөрийн хөтөлбөрт таван сараас дээш жирэмсэн болон 0-3 настай хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор боллоо.

Мөн гурваас дээш хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох асуудал яригдаж байна. Гурван нас хүртэл нь хүүхдээ харж буй эхчүүдийн нийгмийн даатгалыг 100 хувь төрөөс хариуцахаар болж, энэ асуудлыг УИХ-д оруулахаар шийдвэрлэлээ.

-Ингэхээр хүмүүс МАН ахиад л халамжийн бодлого явуулаад эхэллээ гэж шүүмжилж байна. Эдийн засаг хүнд байхад яагаад “Насны хишиг”, “Цалинтай ээж” зэрэг халамжийн хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа юм бэ?

-Хамтын тэтгэврийн хууль 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр байсан. Үүний оронд “Насны хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлж 70-аас дээш настай ахмадууддаа дэмжлэг үзүүлэхээр болсон байгаа. Манай ахмадууд цагаан сар, наадмаар тэтгэврийн зээл авдаг. Тиймээс цагаан сар, наадмаар нэг удаа “Насны хишиг” олгохоор намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан.

Ер нь сүүлийн хэдэн жилд цалин, тэтгэвэр тэтгэмж огт нэмэгдээгүй. Хүний амьдралын хамгийн их хөрөнгө мөнгө шаардлагатай, эмнэлэгээр явдаг насан дээрээ ахмадууд ядуурлын хэмжээнд оччихоод байна. Тэгэхээр энэ цаг үед Монгол ёсоо бэлгэдээд цагаан сар, наадмаар ахмадууддаа “Насны хишиг” олгох бодлого баримталж байгаа. Цаашдаа эдийн засаг сайжраад ирэхээр улирал тутам олгохоор төлөвлөж байна.

Ээжүүдийн хувьд энэ бол маш чухал хөтөлбөр болж байна. Монголын хүн амыг дэмжих бодлого барихгүй бол тун удахгүй хүн амын өсөлт саарах эрсдэлтэй. 1990-ээд оны өмнөхөн нэг айлд ногдох хүүхдийн тоо 2.8 байсан бол өнөөдөр 2.1 болсон. Ийм байдлаараа явах юм бол биднийг тэтгэвэрт гарах үед манайх ахмад настан нь зонхилсон улс болох гээд байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсыг нуруун дээрээ аваад явах үе тасарч магадгүй. Тиймээс хүн амын өсөлтөө тогтмол хангахын тулд өсөлтөө дэмжих бодлого баримтлах ёстой.

Эдийн засаг хямарсан үед нийгэм рүү чиглэсэн халамж хамгааллаа хэт бууруулбал ядуурал, ажилгүйдлийг нэмэгдүүлж, гэмт хэргийн тоо өссөн жишээ олон оронд бий. Үүнийг дагаад асуудал бүр хүндэрнэ.

Мэдээж бид эдийн засгаа сайжруулахын тулд хэмнэлт хийх ёстой ч зорилтот бүлэгтээ чиглэсэн халамжаа танах нь эдийн засгийн хямралыг даван туулах том алхам болж чадахгүй. 

-Одоо хүмүүсийн хамгийн их хүлээж байгаа асуулт бол Монгол Улс эдийн засгийн хямралаас хэзээ гарах тухай юм. Та энэ асуултад ямар хариу өгч чадах вэ?

-Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрөөр бид эхний хоёр жил эдийн засгийн хямралаас гарах алхмыг хийнэ. Түүний дараа тогтворжуулах буюу эдийн засгийн тодорхой салбаруудыг дэмжих ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.

Шинэ Засгийн газар бодлогоо зөв тодорхойлоод явж чадвал 2-3 жилийн дотор эдийн засгийн хямралаас гарах боломж байна.

-Ярилцсанд баярлалаа.