Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Авлигад хамгийн их автсан жагсаалтыг УЛС ТӨРИЙН НАМУУД тэргүүлжээ

Н.БОЛОРЧИМЭГ
2016 оны 10 сарын 14
iKon.MN

2006 оноос хойш хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд авлига, хээл хахуулийн нөлөөлөл иргэдийн хувийн амьдрал болон улс төр, бизнесийн орчинд тогтвортой байсан нь ажиглагдаж байна.

Судалгаанд авлигын нөлөөллийн дундаж утгын хэлбэлзэл (1-авлигын нөлөөлөл “огт” байхгүй, 4-“их хэмжээгээр” авлигад өртсөн) маш бага байсан бөгөөд иргэд хувийн амьдрал ахуйдаа авлигад өртөх тохиолдол багассан байгааг доорх үзүүлэлтээс харж болно.

Харин бизнесийн орчинд авлигад өртөх нь буурсан байхад улс төрийн орчин дахь авлигын нөлөө бага зэрэг өсчээ.

Авлигын нөлөөлөл

Улс төрд үзүүлэх авлигын нөлөө нэмэгдэж байгаа үзэгдэл байгууллагуудын үнэлгээнд мөн харагдаж байна. 2006 оноос хойш хийсэн судалгаанд улс төрийн намууд авлигад хамгийн их автсан байгууллагуудын жагсаалтыг тэргүүлжээ.

Судалгаанд оролцогчдын гуравны нэг гаруй нь (35.6%) улс төрийн намуудыг “маш их” авлигад автсан гэж үзсэн бол гуравны нэг хувь буюу 33.3 хувь нь жагсаалтын хоёрт бичигдсэн газрын албыг “маш их” авлигад автсан гэж үзжээ. 

Авлигын тархалт 2016, 2015 (1-“огт үгүй”, 5-“маш ихээр” авлигад автсан)

2016 оны авлигын үнэлгээ (Салбараар)

Энэ жилийн хувьд авлигад хамгийн их автсан байгууллагуудын жагсаалтын эхний тавд 2015 оны адилаар УИХ, Улс төрийн намууд, Засгийн газар багтаж байна. 2010 оны гуравдугаар сараас хойш хийсэн судалгаанаас харвал эдгээр гурван байгууллага тэргүүлэх байрыг тогтмол эзэлсээр байгааг дараах хүснэгтээс харна уу.

Энэхүү нөхцөл байдлаас үүдэн "Нийгэм эдийн засгийн хямрал”-ыг улс орны тулгамдсан асуудлуудын хоёрт бичигдэх асуудал гэж дүгнэж болохоор байна.

Авлигад хамгийн их автсан байгууллага

Огноо 1-р зэрэглэл 2-р зэрэглэл 3-р зэрэглэл 4-р зэрэглэл 5-р зэрэглэл
2006.03 Газар ашиглалт Гааль Уул уурхай Шүүгч Цагдаагийн байгууллага
2006.09 Газар ашиглалт Гааль Уул уурхай Шүүгч Цагдаагийн байгууллага
2007.03 Газар ашиглалт Гааль Уул уурхай Шүүгч Бүртгэл, зөвшөөрлийн үйлчилгээ
2007.09 Газар ашиглалт Уул уурхай Гааль Бүртгэл, зөвшөөрлийн үйлчилгээ Шүүгч
2008.03 Газар ашиглалт Уул уурхай Гааль Бүртгэл, зөвшөөрлийн үйлчилгээ Шүүгч
2008.09 Газар ашиглалт Уул уурхай Гааль Шүүгч Прокурор
2009.03 Газар ашиглалт Уул уурхай Шүүгч Гааль Прокурор
2009.09 Газар ашиглалт Шүүгч Цагдаагийн байгууллага Прокурор Уул уурхай
2010.03 Газар ашиглалт Уул уурхай Улс төрийн намууд Гааль УИХ/Хууль тогтоох байгууллага
2010.09 Газар ашиглалт Уул уурхай Шүүгч Гааль Улс төрийн намууд
2011.04 Газар ашиглалт Уул уурхай Шүүгч Гааль Улс төрийн намууд
2012.11 Газар ашиглалт Уул уурхай Орон нутгийн ханган нийлүүлэх тендерүүд Мэргэжлийн хяналтын газар Улс төрийн намууд
2013.03 Газар ашиглалт Уул уурхайн Төрийн удирдлага Орон нутгийн ханган нийлүүлэх тендерүүд Улс төрийн намууд Гааль
2013.09 Газар ашиглалт Уул уурхайн Төрийн удирдлага Орон нутгийн ханган нийлүүлэх тендерүүд Улс төрийн намууд Уул уурхайн салбар дахь хувийн компаниуд
2014.03 Газар ашиглалт Уул уурхайн Төрийн удирдлага Орон нутгийн ханган нийлүүлэх тендерүүд Шүүгч Гааль
2015.04 Газар ашиглалт Улс төрийн намууд Уул уурхай Засгийн газар УИХ/Хууль тогтоох байгууллага
2016.03 Улс төрийн намууд Газар ашиглалт Уул уурхай УИХ/Хууль тогтоох байгууллага Засгийн газар

2016 оны байгууллага тус бүрийн авлигын дундаж түвшинг судалгаанд оролцогчдын хүйсээр нь авч үзвэл онцын ялгаа харагдахгүй байна.

Эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, орон нутгийн засаг захиргаа болон уул уурхайн талаар илүү эерэг хандлагатай байгаа бол эрэгтэйчүүд банк, санхүү, бүртгэл, зөвшөөрлийн үйлчилгээ, мэргэжлийн хяналтын байгууллага, гааль, татварын алба болон засгийн газрыг илүү эерэгээр үнэлжээ.

2016 оны Авлигын үнэлгээ, хүйсээр (1-“огт үгүй”, 5-“маш ихээр” авлигад автсан)

Харин авлигад автсан байгууллагын үнэлгээ судалгаанд оролцогчдын ажил эрхлэлтийн байдлаар нь ангилж үзэхэд арай өөр үр дүн ажиглагдлаа.

Ажил эрхлэлтийн салбараар авч үзвэл төрийн бус байгууллагад ажилладаг оролцогчид татварын алба, орон нутгийн засаг захиргаа, хууль сахиулах байгууллага болон шүүхийн тогтолцоог сөргөөр үнэлжээ.

Харин судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын хувьд улс төрийн орчинд сөрөг үнэлгээ бага байсан нь тухайн байгууллагуудтай хамтарч ажилладагтай холбоотой байж болох юм. 

Хувийн хэвшлийн оролцогчид УИХ, Бүртгэл болон зөвшөөрлийн үйлчилгээнд илүү шүүмжлэлтэй хандсаж байсан бөгөөд газрын асуудал эрхэлсэн албаны талаар төрийн бус байгууллагын оролцогчидтой адил үзэл бодолтой байна.

Авлигад автсан байгууллагуудын зэрэглэл - судалгаанд оролцогчдын хөдөлмөр эрхлэлтийн салбараар (1- “огт үгүй”, 5- “маш ихээр” авлигад автсан)

 

Монгол Улсад ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь төсөл

Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа

Энэхүү судалгааг Канадын Засгийн газар, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хийсэн болно. Судалгааг Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулсан бөгөөд судалгааны үр дүн нь Канадын засгийн газар болон канадын Гадаад хэргийн яамны үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.