Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг “Их нарт” байгалийн нөөц газар. Их нартын хад нь Дорноговь аймгийн баруун хойд хэсэгт Айраг, Даланжаргалан сумын заагт 43 мянга гаруй га газрыг хамран оршдог. Улаанбаатар хотоос 300 гаруй километрийн зайтай.
Энэхүү үзэсгэлэнт газраас авсан зургуудыг хүргэж байна.
Их нартын хадны тухай
Нартын хад нь говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил учир УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан байна.
Их нарт хөхтөн амьтдын зүйлийн бүрдлээр баялаг. Энд дэлхийд хамгийн том уулын хонь болох сүрлэг сайхан угалзнаас өчүүхэн жижиг орог зусаг хүртэл янз бүрийн хөхтөн амьтад тохиолдоно. Махчин амьтдаас саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс, халздай дорго, өмхий үен Их нартад байдаг. Жижиг хөхтнөөс дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алагдаахай, үхэр огдой, боролзон туулай, хээрийн болон хадны барагчин, хэдэн зүйлийн гар далавчтан элбэг.
Их нартад цөлөрхөг хээрийн бүлгэмдэл зонхилох ба хур тунадаснаас хамаардгаараа өвөрмөц байдаг. Өвслөг ургамлууд нь тухайн газрын 35%-ийг бүрхдэг.
Энэ газар “Хульхан ам”, “Шинэ усны ам”, “Хөх усны ам”, “Элсний ам”, “Гурван хоногийн ам” 1-3 км үргэлжилсэн булаг, модтой үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их Нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газрууд байдаг.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!