"Сайн цагийн залуус" ТББ-аас санаачлан байгуулж буй "Иргэний хамгаалалт" хууль зүйн туслалцаа үзүүлэх төв өнөөдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нээлтээ хийлээ.
Хүн ам төвлөрсөн Дарь-Эхэд байрлалтай энэ төвд иргэд хандан үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа авах боломжтой юм байна.
"Сайн цагийн залуус" ТББ-ын тэргүүн, хуульч О.Алтангэрэл "Бид иргэний хамгаалалт гэдгийг механик үйлчлэл буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, осол гэмтлээс ч юм уу хамгаалах тухай ойлгож ирсэн. Гэтэл өнөөгийн ардчилсан нийгэмд иргэн хүнд эрх зүйн хамгаалалт маш их хэрэгтэй байна.
Иргэн эрхээ эдэлж, төр эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах үүрэгтэй. Гэвч одоогийн байдлаар төрөөс энэ чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа дутагдалтай байна. Тиймээс "Иргэний хамгаалалт" хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийг байгуулж байгаа юм.
Ардчилсан нийгэмд иргэн хүнд эрх зүйн хамгаалалт маш их хэрэгтэй байна.
Иргэд төлбөрийн чадвартай, үгүйгээс үл шалтгаалан манай төвөөр үйлчлүүлэх бололцоотой. Төрийн байгууллага, албан тушаалтантай харьцах эсвэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг маргаан гээд өөрт холбогдох бүх л асуудал дээр эрх зүйн туслалцаа авах шаардлагатай байдаг.
Хууль зүйн зөвлөгөө өгдөг олон байгууллага байдаг ч энэ төв маань хууль зүйн бүхий л төрлөөр зөвлөгөө өгөх анхны төв гэдгээрээ онцлогтой.
Түрээсийн байр, ажиллагсдын цалин болон урсгал зардлын асуудал, техник хэрэгсэл гэж чадан ядан явсаар төвөө нээлээ. Энэ ажилтайгаа холбогдуулан Өвөрхангай аймгийн 6 суман дахь ахмадын өдөр өнжүүлэх төвөө өргөжүүлэх ажлаа түр хойшлуулсан.
Эрхзүйн туслалцаа хэрэгцээтэй иргэн бүрт хүрэлцээтэйгээр энэ төвөө олон салбартай болгохыг мөрөөдөж байгаа. Анхны төвөө нээсний хувьд үйл ажиллаагаа маань иргэдэд хэр өгөөжтэй байх, сайн дурын байгууллагуудаас санхүүгийн болон бусад тусламж дэмжлэг хэр ирэхээс шалтгаалан салбараа өргөжүүлэх эсэхээ шийднэ.
Эхний ээлжинд миний бие санхүүжилтийн асуудлыг шийдэж зөвлөгөө туслалцаагаа өгч ажиллана. Цаашдаа ахлах хуульч болон эрх зүйч нарын бүрэлдэхүүнтэй 10-аад хүн ажиллана гэж тооцоолж байгаа. Мөн их, дээд сургуулийн төгсөн курсийн оюутнуудыг дадлагажигч хэлбэрээр ажиллуулахаар бас төлөвлөж байна" хэмээн ярилаа.
"Иргэний хамгаалалт" хууль зүйн туслалцаа үзүүлэх төв иргэдэд харьяалал харгалзахгүй хууль зүйн туслалцааг үзүүлж, шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх ажээ.
Түүнчлэн энэхүү төвийг ажиллуулахад боловсон хүчний болоод хөрөнгө мөнгөний нөөц хязгаартай тул аль болох олон хүнд үйлчлэхэд дэмжлэг болох ямар ч хэлбэрийн туслалцаа авахад бэлэн байгаагаа нээлтийн ёслолын үеэр илэрхийлж байлаа.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!