Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэлээ. Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS“ ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальон, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явуулж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 6 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулах ёслол боллоо.
Энхийг сахиулагчдыг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт
Энхийг сахиулагч дайчдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Батлах Хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар гардуулж өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан "Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний үүргээ биелүүлэх, даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх их үйл хэрэгт Энхийг сахиулагчид маань эх орноо төлөөлөн оролцож, хүнд харицлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, дэлхийд монгол хүний, монгол цэргийн ур чадварыг бахархуулах гайхамшигт уламжлал тогтоосон ариун их үйл хэргээр чинь төр засаг, ард түмэн чинь үргэлж бахархаж байна.
Дэлхийн халуун цэгүүд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Судан улс, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсуудад энхийн манаанд үүрэг гүйцэтгэж ирсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүн тухайн улсын нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн болоод бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, нутгийн иргэдийн итгэлийг хүлээн ажилласан нь монгол түмэн ядарсан, зүдэрсэн нэгэндээ сэтгэлийн гүнээс итгэлийн гараа сунган тусалдаг уужуу сэтгэлтэй, холч ухаантай ард түмэн гэдгээ харуулж чадсаныг энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Төр засгаас даалгасан нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж өгсөн Олон улсын энхийг сахиулах ажиллагааны командлал, Та бүгдийн хань ижил, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд дахин талархал илэрхийлж, Энхийг сахиулагч цэнхэр дуулгатан дайчин нөхөддөө эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай" гэв.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!