Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ЭКСПОРТ: Монголчуудын голлох ТАВАН бүтээгдэхүүний үнэ 2025 он хүртэл ямар байх вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг Уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгвэл Дэлхийн банкнаас манай экспортын голлох таван бүтээгдэхүүн болох зэс, алт, төмрийн хүдэр, нүүрс, нефтийн үнэ 2025 он хүртэл дэлхийн зах зээлд ямар байх талаар прогноз гаргажээ. 

Уг мэдээллээс харвал ойрын арав орчим жилийн хугацаанд уул уурхайн супер цикл ирэхгүй. Харин зэсийн үнэ 2017 оноос эхлэн 2025 он хүртэл 7,000 ам.долларт хүрч өсөх юм байна. 

ГРАФИК:

Төмрийн хүдэр

Ашигт малтмалын үнийн уналттай холбоотойгоор манай экспортын хэмжээ нэмэгдсэн ч борлуулалтын орлого буурч байгаа билээ. Тухайлбал ҮСХ-ны гаргасан мэдээллээр төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн оны эхний найман сарын байдалтай харьцуулбал 650 мянган тонноор нэмэгдэж, 3.7 сая тонн болсон. Гэсэн хэдий ч экспортын орлого 145 сая доллар болж, 5 сая доллараар буурсан байна. 

Графикаас харахад 2011 онд тонн бүр нь 167.8 ам.долларт хүрч байсан төмрийн хүдрийн дэлхийн зах зээлд борлуулагдах үнэ өдгөө 50 ам.долларт хүрч гурав дахин буураад байгаа. 

Тэгвэл ойрын гурван жилдээ буюу 2018 хүртэл энэ үнэ өсөхгүй буурах шинжтэй байна. Харин  2020 оноос сэргэлт ажиглагдана. 

Алт

Үндэсний Статистикийн Хорооны 2016 оны наймдугаар сард гаргасан мэдээллээс харахад алтны экспорт 9.6 тоннд хүрч өсөөд байна. Үүнийг дагаад алтны экспортын орлого 50 орчим хувиар нэмэгджээ. 

Энэ нь сүүлийн үед алтны үнэ өссөнтэй холбоотой. Гэхдээ Дэлхийн банкны гаргасан прогнозоос харахад супер циклийн үед нэг унц алтны үнэ 1,669 ам.долларт хүрээд байсан бол одоо 1,250 ам.доллар байна. 

Алтны үнэ 2020 хүртэл тасралтгүй унасаар нэг унц алтны үнэ 1,000 ам.долларт хүрэх төлөв ажиглагджээ. 

Нүүрс /Австрали/

Нүүрсний экспорт өнгөрсөн оны эхний найман сарын байдалтай харьцуулбал 42 хувиар нэмэгдсэн тухай мэдээлэл Үндэсний Статистикийн Хорооноос гаргаад буй. Гэхдээ австрали нүүрсний үнийн прогнозоос харахад таван жилийн өмнө тонн тутам нь  121 ам.долларт хүрээд байсан бол өдгөө 50 ам.доллар болтлоо буурсан байгаа. 

Цаашид эрчимтэй өсөлт үзүүлэхгүй ч 2025 он гэхэд 60 ам.доллар хүрнэ гэжээ. 

Зэс

Манай улсад хамгийн их орлого оруулдаг зэсийн баяжмалын экспортын хэмжээ нэмэгдсэн хэдий ч борлуулалтын орлого нь өнгөрсөн оноос 400 сая ам.доллараар буураад байна. Одоо тонн тутам нь 4,650 ам.долларт хүрээд буй зэсийн баяжмалын үнэ цаашид өсөх эерэг хандлагатай байна. 

2025 он гэхэд зэсийн баяжмалын үнэд огцом өсөлт ажиглагдаж тонн тутам нь 7,000 ам.долларт хүрэх төлөв гарчээ. 

Түүхий нефть

Газрын тосны экспортын хэмжээ 2016 оны наймдугаар сарын байдлаар өнгөрсөн оныхоос таван хувиар өсч 5.47 сая баррель болоод байгаа. Гэсэн хэдий ч үнийн уналтаас болж борлуулалтын орлого нь 18 хувиар буурчээ. 

Гэхдээ түүхий нефтьний үнэ цаашид тогтвортой өсөх хандлагатай байна. 

 

 

Эх сурвалж: Дэлхийн банк