Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНТРОПОЦЕН бол “хүн төрөлхтний цаг үе”

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Саяхан Британий эрдэмтдийн тэргүүлсэн баг дэлхий ертөнц маань геологийн насаа нэгээр нэмж Холоцений үеэс Антропоцений үед шилжсэн гэсэн дүгнэлтийг ӨАБНУ-д болсон Олон Улсын Геологийн 35 дахь конгрессийн үеэр танилцуулсан.

Хэрвээ үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрвөл Олон Улсын Стратиграфийн Зөвлөл хэмээх байгууллага дэлхийн геологийн насжилтын цагалбарт нэмж оруулах юм. Олон улсын Стратиграфийн цагалбар сүүлийн байдлаар:

 

Уг цагалбар нь манай дэлхийн 4.5 тэрбум жилийн түүхийг гарагийн хэмжээний том өөрчлөлт гарсан үеүдээр нь хувааж үзүүлдэг ажээ. Цагалбар ёсоор бид одоо 12,000 орчим жилийн өмнө эхэлсэн Холоцений цаг үед амьдарч байна. Холоцен нь сүүлийн мөстлөг дуусч цаг уур дулааран, далайн түвшин 120 метр өргөгдсөн тэр цагаас тоологддог.

Энэ үед хүн төрөлхтний цэцэглэн хөгжилт өрнөж түүхээ бичсэн юм.

Тэгвэл шинэ гарсан дүгнэлтээр манай дэлхий Антропоцений үед өнгөрсөн зууны дундуур шилжжээ. Антропоцен гэсэн үгийг шууд орчуулбал “хүний цаг үе” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл хүн гэдэг амьтан анх удаагаа амьдарч байгаа дэлхий гарагийнхаа геологийн бүтцэд өөрчлөлт оруулсан гэсэн үг.

1950 онд хийсэн анхны цөмийн бөмбөгийн туршилтаар цацраг идэвхит туяа дэлхий даяар тархаж, энэ нь дэлхийн гадарга, ус, агаар мандалд өөрчлөлт оруулж эхэлсэн гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Үүнээс гадна хүний гараар бий болсон байгальд шингэдэггүй хог хаягдал, агаарын бохирдол, амьтны төрөл зүйлийн мөхөл зэргийг нөлөөлөх хүчин зүйлд оруулж байна.

Ингэхдээ геологичид дэлхийн чулуулаг давхаргад өргөн хэмжээний өөрчлөлт орсон эсэхээр үе шилжилтийг тодорхойлдог. Жишээ нь том хэмжээний астероид дэлхийд унаснаар үлэг гүрвэлүүд мөхөж Кретасийн үеэс Тертиарийн үед шилжсэнийг тэр үеийн геологийн олдворуудыг шинжилж байж тогтоосон юм.

Энэ бүгдээс дүгнэвэл Антропоцений үе бол хүн төрөлхтөн дэлхийг захирах хэмжээнд хүрснийг харуулж байгаа ба дэлхийгээ аврах уу, эсвэл үлэг гүрвэлүүд шиг устаж үгүй болох уу гэдгээ шийдэх цаг үед хүрснийг харуулж байна.