Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеф суудлаасаа огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Бразилийн Сенат санал хураалт явуулж олонхийн шийдвэрээр ерөнхийлөгч Дилма Руссефийг төсвийн мөнгө завшсан шалтгаанаар суудлаас нь огцрууллаа.

Ингэснээр 13 жил төрийн эрхийг барьсан зүүн жигүүрийн Ажилчдын Намын засаглал өндөрлөж байна. 61 сенатор дэмжиж, 20 нь татгалзсанаар ерөнхийлөгчийг огцруулахад шаардлагатай гуравны хоёрын босгыг давжээ.

Одоо Мишел Темер тангараг өргөж Руссефийн үлдсэн бүрэн эрхийн хугацааг дуустал буюу 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл ерөнхийлөгчөөр ажиллана.

Хэдийгээр хатагтай Руссеф ерөнхийлөгчийн суудлаасаа огцорсон ч түүний төрийн албанд ажиллах эрхийг найман жилийн хугацаанд хасах өөр нэг санал хураалт Сенатаар дэмжигдсэнгүй.

Тиймээс өөрийг нь зайлуулсан хэргийг давж заалдахаа амласан Руссеф “Би та нарт баяртай гэж хэлэхгүй. Харин удахгүй уулзая гэж хэлэх нь зөв байх” гэж дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Тэр бас “Тэд гэм буруугүй хүний эсрэг шийдвэр гаргаж парламентын хүрээнд төрийн эргэлт хийлээ” гэж мэдэгджээ.

Руссефийг огцруулсантай холбоотойгоор Венесуэл улсын зүүний чиг баримжаатай засгийн газар өөрийн элчин сайдаа эргүүлэн татаж, Бразилтай харилцах харилцаагаа царцаасан байна.

Хатагтай Руссефийг өнгөрсөн тавдугаар сард Сенат суудлаас нь түдгэлзүүлж, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг шалгаж эхэлсэн юм.

Түүнийг улсын төсвийг буруу зорилгоор ашигласанд буруутгаж байгаа бол өөрөө үүнийг гүтгэлэг гэж няцаан, авлигын эсрэг тэмцсэний төлөө томоохон улс төрчдийн авсан хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа.

Дилма Руссефийн талаар товчхон:

  • 1947 онд Бело Оризонте хотод дундаж гэр бүлд төрсөн
  • Эцэг нь Болгарын цагаач, экс-коммунист нэгэн байсан
  • Зүүн жигүүрийн улс төрийн хөдөлгөөнд нэгдэж 1964 онд Бразилийн засгийн эрхэнд гарсан цэргийн дэглэмийн эсрэг тэмцсэн
  • 1970 онд баривчлагдаж гурван жил шоронд хоригдсон
  • 2003-2011 онд Бразилийг удирдсан Луйз Инасио Лула да Силвагийн фракцад багтан улс төрд орж ирсэн
  • 2011 онд Бразилийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөсөн
  • 2014 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон
  • 2016 оны наймдугаар сарын 31-нд суудлаасаа огцров

 

Эх сурвалж: BBC