Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Монголчуудын БИЕИЙН ӨНДӨР сүүлийн 100 жилд 10 см-ээр өсчээ

A.Жаргал
2016 оны 7 сарын 28
iKon.MN

Imperial College London-ий эрдэмтдийн багийн удирдсан дэлхийн улс орны иргэдийн дундаж биеийн өндрийн судалгааны ажлын тайлан өнгөрсөн Даваа гарагт нийтлэгджээ. Судалгааг 1914-2014 оны хооронд буюу 100 жилийн хугацаанд цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн гаргасан байна.

 

Уг мэдээллээр бол насанд хүрсэн Монгол эрэгтэй хүний дундаж өндөр 1914 онд 159.1 см байсан бол 2014 онд 169.1 см болж 10 см-ээр нэмэгджээ.

Энэ үзүүлэлтээр Монгол эр хүн дэлхийн 200 орноос 100 жилийн өмнө 163­-т жагсаж байсан бол 2014 онд 123-т ахисан байна.

Харин насанд хүрсэн Монгол эмэгтэй хүний дундаж өндөр 1914 онд 147.9 см байснаа 2014 онд 158.2 см болж 10.3 см-ээр өссөн гэнэ.

Ингэснээр Монгол эмэгтэй 200 орноос 100 жилийн өмнө 165-д жагсаж байснаа 2014 онд 117-д урагшилжээ.

Харин эрэгтэй, эмэгтэй Монгол хүмүүсийн аль алиных нь дундаж өндөр бүс нутгийн бүх орнуудаас бага байна. Үүнд Төв Ази, Зүүн Азийн орнууд болох “стан” улсууд, Хятад, Орос, Хойд ба Өмнөд Солонгос, Япон орж байгаа юм.

Биднээс намхан нь Зүүн Өмнөд Ази (Вьетнам, Лаос, Камбож, Малайз, Индонези зэрэг), Өмнөд Ази (Энэтхэг, Пакистан, Афганистан, Балба, Мьянмар зэрэг), Африк тивийн ихэнх хэсэг, Төв Америк (Мексик гэх мэт), Өмнөд Америкийн уугуул иргэд голлон суудаг орнууд болж байна.

Сонирхолтой дүр зураг харагдаж байгаа нь 1980-аад оноос хойш төрөгсдийн дундаж өндөр нэмэгдэхгүй, зогсонги байдалд оржээ. Энэ нь 1990-ээд оны шилжилтийн үеийн хоол тэжээлийн хомсдолтой холбоотой байж болох талтай.

Бусад сонирхолтой тоо баримтуудыг дурдвал:

  • Эрчүүдээс Иран эрчүүд 100 жилд хамгийн их (16.5 см) өссөн байна
  • Эмэгтэйчүүдээс Өмнөд Солонгосын хүүхнүүд 100 жилд хамгийн их (20.2 см) өсчээ.
  • Хамгийн өндөр эрчүүд Нидерландад амьдардаг бөгөөд дундаж өндөр нь 182.5 см.
  • Хамгийн өндөр хүүхнүүд Латвид амьдардаг бөгөөд дундаж өндөр нь 170 см.
  • Хамгийн намхан эрчүүд Зүүн Тиморт амьдардаг ба тэдний дундаж өндөр 160 см.
  • Хамгийн намхан хүүхнүүд Гватемалд амьдардаг ба дундаж өндөр нь 149 см.
  • 2014 оны байдлаар хамгийн өндөр эрчүүдтэй 10 орон:
    • Нидерланд
    • Бельги
    • Эстони
    • Латви
    • Дани
    • Босни Герцеговина
    • Хорват
    • Серби
    • Исланд
    • Чех
  • 2014 оны байдлаар хамгийн өндөр хүүхнүүдтэй 10 орон:
    • Латви
    • Нидерланд
    • Эстони
    • Чех
    • Серби
    • Словак
    • Дани
    • Литва
    • Беларусь
    • Украйн

 

Судалгааны бүрэн тайланг визуал хэлбэрээр ЭНЭ ХОЛБООСООР үзэж болно.