Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

360: Монголын ард түмэн та бүхнээс ХОЁР дахин илүү АМЖИЛТ хүлээж байна

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 20
iKon.MN

"РИО 2016" зуны олимпийн XXXI, паралимпийн XV наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг /42 ТАМИРЧИН/ үдэх ёслолын ажиллагаа яг одоо Чингисийн талбайд боллоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баг тамирчдад хандан хэлэхдээ "Өнөөдөр Монгол Улс, Монголын ард иргэдийн хувьд маш сайхан үйл явдал болж байна.

Монголын ар түмэн их бэлгэшээлтэй ард түмэн. Охидоо, хөвгүүдээ алс хол явахад нь сайхан үдэж гаргадаг ард түмэн. Гэхдээ хатуу үг хэлж, өөрийнхөө захиасыг хэлдэг ард түмэн.

Энэ жилийн хувьд Монгол Улсын түүхэнд хамгийн олон тамирчин буюу 42 тамирчин зуны олимпийн наадамд, 8 тамирчин Пара олимпийн наадамд оролцохоор болсон.

Ийнхүү 50 тамирчин дэлхийн шөрмөстэй, чадалтай, оюунтай, ухаантай хүмүүстэй өрсөлдөхөөр Монгол нутгаасаа хөлгийн жолоо залах гэж байна.

Та нарт 16 хоног үлдлээ. Та нарыг нэг, хоёр хоногийн өмнө ч болтугай Бразилд очиж бэлтгэлээ хангах боломжийг бид олгосон байгаа. 

Та бүхэнд ард түмний хүндэтгэл, магтаал багадаагүй. Төрийн хайр халамж багадаагүй. Монголын ард түмэн, төр засгаас насан туршийн тэтгэлэг авч явж байна. Ингэж нийт ард түмний зүгээс миний охин, хүү олимпоос медаль аваад ирвэл насан туршийн дэмжлэг олгож байна. Бид халаасандаа байгаа эцсийн мөнгөө Монголынхоо нэрийг гаргаад ирээрэй гэж өгч байна.

Та бүхэн нэгдүгээрт, Монгол хүн гэдгээрээ бахархаж, хоёрдугаарт, өөрсдийн хувийн зохион байгуулалтаар бусдаас ялгарч байж амжилтад хүрэх болно.

Тамирчдад ялагдах ЭРХ байхгүй. Өмнөх олимпуудтай харьцуулахад энэ удаа хоёр дахин илүү тамирчид явж байна. Тийм ч учраас Монголын ард түмэн та бүхнээс ХОЁР дахин илүү АМЖИЛТ хүлээж байна. Эдгээр зүйлийг та бүхний төлөө сүү өргөж, дэмжиж байгаа ард түмнийхээ өмнөөс захин хэлж байна. Та бүхний эрмэлзэл бол энэ шар өнгө буюу алтан медаль байх ёстой. Түүний төлөө зүтгэх ёстой. Та бүхний амжилтыг бүх хүмүүс сайхан хүлээж авах болно. 

Саяхан Монгол Улс, Монголын ард түмэн АСЕМ-ын уулзалтыг амжилттай зохион байгуулж чадлаа. Би ард түмэндээ асар их баярлаж байгаа. Монголын ард түмэн чадлаа , Монгол Улс чадлаа гэдгийг харуулж чадсан. Одоо Олимпийн тамирчид үүнийг нотлох ёстой.

 

Саяхан ОХУ-ын Саха улсын Якутск хотноо болсон "Азийн хүүхдүүд-2016" спортын олон улсын хүүхдийн олимпийн наадмаас 48 медальтай ирлээ. Сая ОХУ-ын ерөнхий сайдтай "Монгол Улс 2020 онд ОХУ-ын Саха улсын Якутск хотноо болсон "Азийн хүүхдүүд-2016" спортын олон улсын хүүхдийн олимпийг зохион байгуулах эрх авсан"

Нэг л өдөр олимпийг хүлээж авах чадалтай болно гэдэгт бид итгэдэг. Бид үүний төлөө зүтгэх ёстой. Аль болох олон удаа Монголынхоо тугыг гаргаж, төрийнхөө дууллыг эгшиглүүлээрэй.

Сэтгэлээр унаж болохгүй. Сайн яваад ирээрэй. Монголын ард түмэн, төр харж байгаа. Эх орны нэрийг даяан дэлхийд дуурсгаад, эргээд Монгол нутагтаа сайн хүрээд ирээрэй. Та бүхэнд амжилт хүсье. Хурай Хурай" хэмээн захиас даалгавраа айлтгав.

Тамирчид тангараг өргөж, Төрийн далбаагаа гардан авлаа
 

Үүний дараа Монголын тамирчдын төлөөлөл болсон ҮШБ-ийн жүдо бөхийн тамирчин Гавьяат тамирчин, ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа, боксын тамирчин Азийн аварга Доржсамбуугийн Отгондалай нар тангараг өргөлөө.

Мөн Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн хишгийг "Рио 2016" олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчин тус бүрт нэг сая төгрөгийг олгох бөгөөд нийт баг тамирчдыг төлөөлж дараах тамирчид тэтгэлгээ гардан авав.

  • Лондон-2012 зуны Олимпийн наадмын Хүрэл медалы, Дэлхийн Хошой аварга, МУГТ Соронзонболдын Батцэцэг
     
  • Бээжин-2008 зуны Олимпийн наадмын Мөнгөн медальт. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ Отрядын Гүндэгмаа
     
  • Хүндийн өргөлтийн Залуучуудын Дэлхийн аваргын мөнгөн медалы, Олон Улсын хэмжээний мастер Мөнхжанцангийн Анхцэцэг
     
  • Бээжин-2008 зуны Паралимпийн наадмын Алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ Дамбадондогийн Баатаржав
 

Эцэст нь, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Рио 2016” зуны олимпийн наадамд оролцох Монголын төлөөлөгчдийн тугч, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэнд Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө.

ВИДЕО: 

/Гэрэл зургийг MPA.mn/