Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Заяасайхан: Эх орон хүн бүрийн ЗӨГНӨЛ МӨРӨӨДЛИЙН ертөнц байдаг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 7 сарын 7
iKon.MN

Үзэсгэлэнгийн танхим чив чимээгүй, цав цагаан. Хананд нь 22 бүтээл өлгөөтэй.

Энэ бол Монголоос дэлхийд танигдсан зураач С.Заяасайханы “Зөгнөл мөрөөдөл рүү эргэн аялахуй” “Return into Fantasy” хэмээх бие даасан үзэсгэлэнгийн нээлтийн өмнөх үе.

Бидэнд үзэсгэлэн болохын өмнө түүнтэй уулзаж, уран бүтээлийн талаар яриа өрнүүлэх боломж олдсон юм.

Хэдийгээр Япон улсад суурин амьдарч уран бүтээлээ туурвидаг ч Монголчууд С.Заяасайханы бүтээлийг эчнээ мэддэг болсон.

Мөн олон улсын уран зураг сонирхогчид, нийтлэлчид түүнийг өөрийнхөө сэдэв болгож, уламжлал шинэчлэлийг хослуулсан уран бүтээлүүдийнх нь талаар бичсээр байгаа билээ.  

Эхнэр үстэй гоо бүсгүйчүүд, хүлэг баатар, өнгөний төгс зохицол, төсөөлөл бол түүний бүтээлийг илэрхийлэх үгс болов уу.

Зургийн гол дүр болох эмэгтэйчүүдийнхээ талаар тэрбээр “Миний өөрийн дуртай сэдэв. Харахад эмэгтэй хүмүүс байгаа боловч эмэгтэй хүмүүсээр дамжуулж тухай үеийн мэдрэмжээ илэрхийлж буй хэлбэр юм” хэмээн тайлбарлав.

АНУ, Япон, Тайвань гээд дэлхийн томоохон орнуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан зураач С.Заяасайхан эх орондоо 15 жилийн дараа өөрийн бүтээлүүдээ дэлгэх гэж байгаагаараа онцлогтой.

Ингээд түүний үзэсгэлэнгээс ОНЦЛОХ ДӨРВӨН зурагтай танилцацгаая. 

1. “Зөгнөл мөрөөдөл рүү эргэн аялахуй”
 

“Зөгнөл мөрөөдөл рүү эргэн аялахуй” хэмээх энэ бүтээл бол түүний эх орондоо ирснийг илэрхийлнэ. Хүн бүрийн хувьд эх орон нь зөгнөл мөрөөдлийнх нь ертөнц байдаг гэдгийг хэлж байсан юм.

2. "дахин төрөлт"

Түүний “Дахин төрөлт” бүтээл нь Монгол “Мона Лиза” гэдгээрээ дэлхийд танигдсан билээ.

 

Энэ бүтээлийнхээ талаар  “Нью-Йоркийн Модерн Арт музейгаас Мона Лизагийн зуун шинэ төрх гээд ном гаргасан. Тэр номонд орсон зураг байгаа. Мэдээж Мона Лизагаас санаа авч, Монгол бүсгүйн дүрд хувиргаж, өөрийнхөөрөө илэрхийлэхийг оролдсон” гэв.

3. “Хүүрнээгүй яриа”
 

С.Заяасайханы бүтээлүүдээс онцлох дараагийн зураг бол “Хүүрнээгүй яриа” хэмээх эл бүтээл. Тэрбээр бүтээлийнхээ талаар “Түүхэнд маш олон эмэгтэйчүүд төр, улс орон, айл гэрийг авч явсан байдаг. Тэдний хувь тавилан адармаартай. Хэлье гэвэл эмэгтэйчүүдэд асар олон нууц бий. Магадгүй хүн бүрийн тусгал энэ хүний оронд байж болно” гэв.

4. “Орчин үеийн байлдан дагуулагч”
 

Энэ зургийг цахим орчинд хараагүй хүн цөөхөн байх. Коммунист хувцастай Чингис хаан бол  “Орчин үеийн байлдан дагуулагч” нэртэй зураг.

Зургийнхаа талаар С.Заяасайхан зураач “Олон жилийн өмнө Монголд ирээд хөдөөгүүр явсан. Тэгээд шүүмж маягийн зураг зурах гэж хичээсэн нь энэ. Монгол хүмүүсийг сөрөг талаас нь шүүмжилж харах юм бол ямар харагдаж байгаа бол гэдэг утгаараа ингэж зурсан. Хаан толгойтой, коммунист цээжтэй” хэмээн онцолсон юм.

С.Заяасайхан гэж хэн бэ?

Зураачийг хувь хүн талаас нь арай илүү танихын тулд түүний дуртай өнгө, дуртай хөгжмийн талаар товч ярилцлаа.

Уран зураачийг өнгө будаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүнээс дуртай өнгийг нь асуухад “Би бүх өнгөнд дуртай. Өнгө сэтгэлийг маш их хөдөлгөдөг зүйл. Мөн хүний сэтгэлд маш хурдан хүрдэг. Зохилдолгоо нь чухал болохоос яг нэг өнгийг онцолдоггүй” хэмээв.

 

Нээрээ л түүний бүтээлүүдийг харахад “Өнгө!” хэмээн уулга алдмаар гайхалтай төгс зохицжээ. Эдгээр “гоо үзэсгэлэнт” бүтээлүүдийг гаргахад зураач С.Заяасайханд намуухан орчин, амгалан тайван байдал хамгийн чухал байдаг гэв.

Мөн хөгжимгүйгээр зураг зурдаггүй. Сонсдог хөгжмийн тухайд гэвэл жазз, блюз, классик рок, альтернатив, хард рок гээд бүх төрлийн хөгжимд нээлттэй ханддаг. Сүүлийн үед аяз /instrumental/ их сонсож байгаа. Өөрөөр хэлбэл ажилдаа төвлөрөхөд тус болдог хөгжим сонсож зурдаг хэмээн бидэнд хэлсэн юм.

С.Заяасайхан уран бүтээлээрээ бидэнд хангалттай танигдсан. Харин хувь хүнийхээ хувьд хэн бэ гэтэл “Намайг хамгийн сайн мэддэг хүмүүс намайг тодорхойлох байх. Гэхдээ би өөрийгөө муу хүн гэж боддоггүй. Муу хүн байсан бол зураг зурахгүй байсан” гэх даруухан хариултыг өглөө.

 

“Зөгнөл мөрөөдөл рүү эргэн аялахуй” үзэсгэлэн маргааш буюу долоодугаар сарын 8-нд Маршал Арт Галлерейд нээлтээ хийх бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй.

Мөн түүний “The Art of Zaya” уран бүтээлийн номны нээлт үзэсгэлэнгийн үеэр болно. Энэхүү номдоо 15 жилийн турш туурвисан бүтээлүүдээ шингээжээ.

Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

ФОТО: 

С.Заяасайханы бусад уран бүтээлүүдээс...

 
 
 
 
 
 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn