Монголчууд чадвараараа гайхуулсан нэгэн үйл явдал өнгөрсөн сарын 25, 26-нд ХБНГУ-ын Франкфурт хотноо боллоо.
29 дэх жилдээ зохион байгуулагдсан олон улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дундах шилдгүүдийг тодруулдаг International Arch of Europe Award ёслолын ажиллагаанд Монголыг төлөөлөж, Woodman ХХК оролцож, International Arch of Europe in the Gold Category буюу олон улсын чанарын алтан цомын эзэн болсон юм.
Олон улсын энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын компани хүртсэн явдал нь манай модон эдлэл үйлдвэрлэгчид ур чадвар, хийсэн бүтээгдэхүүнийхээ чанараар дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн гэдгийг харуулсан үйл явдал юм.
Чанарын шаардлага, стандартаараа дэлхийд тэргүүлдэг Европийн холбооны босгыг давсан явдал нь манай бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гарахад хэдийнэ бэлэн болсон гэдгийн илэрхийлэл юм.
International Arch of Europe арга хэмжээнд 40 гаруй улсын 70 гаруй нэр хүндтэй шилдэг байгууллагууд оролцсон юм. Өмнөх жилүүдийн шилдгүүдээс дурдвал олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөл ING group, ALCOA групп, WalMart зэрэг нэр хүндтэй байгууллагууд энэхүү шагналын төлөө өрсөлдөж, хүртэж байсан. Өөрөөр хэлбэл, Монголоос энэхүү шагналыг хүртсэн нь эдгээр компанийн түвшинд Монголын компани хүрч, үнэлэгдсэн явдал юм.
Бидэнд ойн сан дахь хаягдал модоо ашиглан тавилга үйлдвэрлэлээр дотоодын зах зээлээ хангах, цаашлаад дэлхийд өрсөлдөх бүрэн боломж байдаг. Өнгөрсөн оны ойн сангийн нэгдсэн тооллогоор ойн сан дахь хаягдмал модны 240 сая шоо метр буюу 60-70 жилийн хэрэглээг хангах нөөцтэй болох нь тогтоогдсон байдаг.
Нөгөө талаас жилд дунджаар 10 мянган айлын орон сууц, үйлчилгээний барилга шинээр ашиглалтад орж, үүнийг дагаад хаалга, цонх, тавилгын хэрэгцээ нэмэгдэж, энэ төрлийн үйлдвэрлэгчид чадавхжиж байна. Үүний нэг жишээ нь Woodman ХХК юм.
Woodman ХХК - ийн үйлдвэрлэсэн тавилгууд:
2007 оноос аж ахуйн нэгжүүд дотооддоо модон хавтан үйлдвэрлэх технологи нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар жилд 12 мянган шоо метр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай нэг, 500 шоо метр хавтан үйлдвэрлэдэг 10 гаруй компанитай болсон бол 10 орчим иргэн, аж ахуйн нэгж 5500 шоо метр хавтан урд хөршөөс импортолж байна.
Хэрэв дотоодын зах зээлээ хамгаалж чадвал манай үйлдвэрлэгчид эх орны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 10 гаруй тэрбум төгрөгийн хавтан экспортлох боломжтой гэсэн судалгааг Аж Үйлдвэрийн яамнаас танилцуулж байсан удаатай.
Woodman ХХК Facebook page : https://www.facebook.com/woodman.furniture
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!