• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэ дагаж үйлчилгээ гэдгийг Цэцэрлэгт хүрээлэн, Парк хоёроос харлаа

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 6 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Эко цэцэрлэгт хүрээлэн хар зах болж хувирчээ-

Ногоон навчис сэрчигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж, хүүхэд, залуус хөгжилдөн нийслэлд маань аль хэдийнэ зун цаг иржээ. Нар хур тэгширсэн зуны нарлаг өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зорих иргэдийн тоо ч ихэслээ. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод гэр бүлээрээ ая тухтай амарч, тухлах басхүү хөдөөнөөс ирсэн нэгэндээ сонин болгож үзүүлэх газрын тоонд яалт ч үгүй дээрх хоёр газар ордог болжээ. 
 
Эдгээр хүрээлэнг зорих хүмүүсийн тоо манай улсын иргэдээр ч хязгаарлагдахгүй. Жилийн 250 өдөрт нартай байдаг монголын цэлмэг тэнгэрийг харах гэж ирсэн жуулчдын хамгийн эхний саатах газар нь Улаанбаатар хот. Аяллын хөтөч, тайлбарлагчдын жуулчиддаа үзүүлэх тоотой хэдэн газрын нэг нь мөн л дээрх хоёр хүрээлэн.

Манай оронд өнгөрсөн жил 386,204 жуулчин ирсэн гэсэн статистик мэдээлэл гарчээ. Эндээс Монголын нийслэл Улаанбаатар хотын талаарх жуулчдын үнэлэмжийн нэг хэсэг нь дээрх хүрээлэнгүүдээс шалтгаалдаг болсон гэж хэлж болохоор.

Тиймээс бид жуулчид гэлтгүй нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Үндэсний соёл, амралтын хүрээлэнгээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Гэхдээ эдгээр хоёр газрын үнэ төлбөр, цаашлаад үйлчилгээний соёлыг харьцуулахыг чухалчилсан юм. 

Нарантуул уу, Цэцэрлэгт хүрээлэн үү

Ойр хавьд ямар ч гарц алга. Зорьсон газраа хүрэхийн тулд гарцгүй газраар зам гарах шаардлагатай. Зүүн гар талаас машины тойрог урсгал орж ирж байгаа учраас нэлээд анхаарал, болгоомжтой байхгүй бол хүүхэд байтугай том хүн ч бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй юм билээ. Хүмүүс гарц байхгүй учраас шууд л зам хөндлөн гарч харагдлаа.

Машины урсгал саарахыг хүлээж таван минут саатсаны эцэст зорилтот газраа ирлээ. Хаалгаар нь ормогц л шорлогны үнэр хамар сэтэлж, хаа нэг утаа сүүмэлзэн, энд тэндгүй “Хоёр мянгаар 12 сум шидээд тоглоом аваарай”, “Зургаан сум шидээд оновол 10 мянган төгрөг ав, онохгүй бол зургаан мянган төгрөг ав”, “Хүүхдийн тоглоом зарж байна”, “Хөөсөн чихэр аваарай, амттай шүү” гэх дуу хадаж, хажуугаар өнгөрсөн нэгнийг барьж авах нь холгүй авирлах худалдагчид, төв хаалганаас эхлэн намхан тавиур дээр өрсөн нүд эрээлжлэм, өнгө өнгийн тоглоомнууд харагдав.

Нарантуул зах руу ороод ирчих вүү гэж андуурмаар энэ газар бол нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тус хүрээлэн нь анх 2010 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 30 дугаар тогтоолоор байгуулагдаж байсан. Өдгөө 110 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин үеийн тохилог орчинг бий болгохоор зорьж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зорилт, зохион байгуулалт хоёр зөрж байна уу гэлтэй. Зах замбараагүй худалдаа, үйлчилгээний зохион байгуулалтад бухимдах хүмүүс ч цөөнгүй байлаа. 

Энэ талаар иргэн Т.Баяраа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ ирэх дуртай. Орой ажлаа тараад хүүхдүүдээ, эхнэрээ аваад ирэх сайхан байдаг. Гэхдээ сүүлийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн их бохир болсон. Хаа сайгүй л шорлог зарж орилсон хүмүүс. Өнөөдөр арай гайгүй байна. Та нар хүүхдийн баяраар энд ирсэн бол ямар байсныг нь мэдэж байгаа байлгүй.

Сүүлийн үед цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах гэж л ирдэг болсон. 

Юун хүүхдүүдээ баярлуулах бухимдсаар байгаад таарсан. Хэдэн хуушуур, шорлог идээд, усан завинд хүүхдүүдээ суулгаад л явсан. Ямар ч зохион байгуулалтгүй. Энд тэнд зарж байгаа хятад тоглоомуудыг хүүхэд хараад авна гэнэ.

Авч өгөхгүй байх хэцүү. Аваад өгье гэхээр үнэтэй байдаг. Залуу гэр бүлүүдэд хэцүү л дээ. Үүд хэсгээрээ хөл хөдөлгөөн ихтэй. Энд тэндгүй юм ав гэж орилсон хүмүүс байдаг юм. Харин усан оргилуураас цаашаа арай гайгүй. Чимээ шуугиан ч намдаад ирдэг.

Сүүлийн үед цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах гэж л ирдэг болсон. Манай хүү дөрвөн настай юм. Энэ жил дугуй унаж сурсан. Тиймээс орой болгон ирж байна. Ер нь цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүсийн тоо эрс ихэссэн. Зарим газар хүмүүс нь хэт бөөгнөрөөд суух сандалгүй болчихно. Хүмүүсийн тоо ихэсч байгаа учраас цэцэрлэгт хүрээлэнгээ зохион байгуулалттай, эмх цэгцтэй болгох хэрэгтэй байх. Ядаж л бараа зарж байгаа хүмүүсээ цэгцэлчих хэрэгтэй шүү дээ. 

Энэ чинь нийслэлд байгаа ганц л ногоон цэцэрлэг шүү дээ. Бид хүрээлэнд ирэх дуртай” гэсэн юм. Манай сурвалжлах хэсэгтэй цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах гэж л ирдэг гэсэн залуус цөөнгүй таарсныг нуух юун. Магадгүй тус хүрээлэнд байрлах “Green bike” дугуй түрээсийн газарт очиход л хүмүүс ямар зорилгоор ирдэг болсныг мэдэж болно. Найзуудтайгаа хамт дугуй унахаар ирсэн гэх охиныг Б.Мичидмаа гэдэг. Тэрбээр, “Би найзуудтайгаа хамт дугуй унахаар цэцэрлэгт хүрээлэнд ирдэг.

Дугуй унах сайхан байдаг юм. Өмнө нь цэцэрлэгт хүрээлэн цэвэрхэн, тайван байсан. Одоо хүмүүс их ирдэг болсон болохоор эмх замбараагүй болсон. Энд янз бүрийн тоглоом байдаг. Бид тэр сум шиддэг тоглоомыг тоглодоггүй. Хий дэмий мөнгө үрсэн зүйл. Хиртэй чихмэл авах гэж 2,000 төгрөг төлсний оронд дугуй аваад хүрээлэнг нэг бүтэн тойрсон нь дээр. Дугуйнаас бусад үйлчилгээ нь нэг их таалагддаггүй” хэмээсээр найзуудтайгаа дугуйгаа унан явцгаалаа. Уг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс зөвхөн дугуй унах гэж биш гэр бүлээрээ алхаж, хүүхдүүдтэйгээ тоглож, цагийг зугаатай өнгөрөөх гэж ирэх ёстой. Гэвч эмх замбараагүй зохион байгуулалтаас хар зах шиг уур амьсгал үүсчээ. 

Хогийн савтайгаа зэрэгцсэн хоолны буфетуудыг хэрхэх вэ

Оройн 20.30 цаг гэхэд Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх, Туул голын дагуу 960 га талбайд баригдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих хүмүүсийн тоо тасрахгүй байлаа. Хүрээлэнг зорьж ирсэн хүмүүс эндээс хоол авч, идэхгүйгээр гарах нь ховор аж. Орж ирсэн хүн бүр л төв хаалганаас урагш байрласан хоолны буфетуудэд дугаарлан зогсоцгоож харагдсан. Зарим нэг нь ширээ, сандал байхгүйгээс нэгнийгээ босохыг хүлээж байв. 
 
Урд талдаа тус бүр дөрвөн сандалтай гурван ширээ байрлуулсан буфетуудын хоолны цэсний сонголт нь тун ядмаг. Ихэвчлэн бэлэн бүтээгдэхүүн. Эндээс бэлэн хайрсан хуушуур, хотдог, шарсан тахианы мөч, бургер л авах боломжтой бөгөөд 1,000-3,500 төгрөгийн үнэтэй.

Хоолны ширээтэй зэрэгцээд халтартаж, хог нь халихаа дөхсөн хогийн савнууд байрласан харагдана. Хогийн савыг харсан зарим нь ярвайж, нөгөө хэсэг нь ширээгээ солин сууна. Тус хүрээлэнд зарагдаж байгаа хоолны чанарт хяналт тавьж байгаа эсэхэд эргэлзмээр. Бүхээгтэй портер машинтай хүмүүс тус хүрээлэнд ирсэн иргэдэд хуушуур зарж байх юм. Хоолны эрүүл ахуй гэдэг чухал. 

Ялангуяа хүн ихтэй, хүүхэд багачууд ихээр цугларсан газруудын хоолны чанар, хоол хийх, зарах байрны эрүүл ахуйн шаардлага нэн тэргүүнд тавигдах ёстой. Гэвч энд тийм зүйл алга. Бид төв хаалганаас гадна зүүн талын хаалгаар дахин орж үзлээ. Зүүн талын хаалганы гадна талд City toilet байрлах бөгөөд 200 төгрөгийн үнэтэй.

Тус ариун цэврийн газар дотор ундаа, ус зарж харагдсан. Харин хаалганы үүдэнд машины зогсоолын мөнгө хураах цэг байрлажээ. Хүрээлэнгийн зогсоолд машинаа байрлуулахын тулд 30 минут 500, 31-60 минут 1,000, 81-120 минутын үнэтэй. Хэрвээ цагаасаа хэтэрвэл 3,000 төгрөгийн торгуультай юм билээ.

3,000 төгрөгийн аюул дагуулсан тоглоомууд

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Чонын элч” хөшөөний урд талд хүүхдийн тоглоомын хэсэг байрлана. Тус хэсэгт хийлсэн гулсуур, усан завь, морин тойруулга, савлуур, байт харваа гээд төрөл бүрийн тоглоом байрлах аж. Тоглоом тус бүрийн үнэ 3,000-5,000 төгрөгийн үнэтэй.

Тодруулбал, хүүхэд өөрөө сэлүүрддэг жижиг усан завь, морин тойруулга таван минут нь 3,000, байт харваа таван сум нь 3,000, 10 сум 5,000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин хийлдэг гулсуур 3,000 төгрөгийн үнэтэй бөгөөд хэдэн ч цаг тоглох боломжтой. Энд байгаа тоглоомуудын ганц цагаар хэмжигддэггүй тоглоом нь хийлсэн гулсуур. Гэвч аюулгүйн баталгаа алга. Хийлсэн гулсуур нь бараг орон сууцны нэг давхартай тэнцэхээр өндөртэй. Гулсуурыг тойруулан хамгаалалтын ямар нэгэн бэхэлгээгүй. 

Харин зүүн доод талд нь жижиг цахилгаан мотор хүнгэнэн дуугарч харагдсан. Гулсуур дээр тоглож байгаа хүүхдүүд мотор нь дээр унаж мэдэхээр. Мөн хүүхдийн тоглоомын хэсэгт зам тавиагүйгээс тоос босч, хүүхдүүдийн хувцас халтар болсон байв. Ийм орчинд хүүхдүүд тоглож байлаа. Хүүхдийн тоглоомын хэсгийн зүүн талд “Green bike” дугуй түрээсийн газар байрладаг.

Түрээсийн үнэ дугуйны хэмжээнээс хамаарч харилцан адилгүй. Дөрвөн хүний саравчтай дугуй 7,000, хоёр хүнийх 5,000, цуваа дугуй 3,000, нэг хүний дугуй 2,000 төгрөгөөр түрээслэх боломжтой байна. Тус хүрээлэнд хөл бөмбөг, сагсан бөмбөг, агаарын теннисний талбай байх бөгөөд эдгээр талбайд үнэгүй тоглож болно.  

Энэ янзаараа зүлэг ч үгүй болох нь...

Энд дуртай хүн бүр зүлгэн дээгүүр гүйж, дугуйтай явж тоглоно. Зарим хэсгээр хүн их явснаас болж зүлэг нь халцарч шороон зам гарчээ. Зүлгэн дээгүүр хүн явж байгаад санаа тавих хүн гэж алга. Хүссэн газартаа хүмүүс товчилж хүрч байх юм. Энэ талаар иргэдийн санаа бодлыг сонсоход иргэн н.Сарангэрэл “Хүмүүс ухамсаргүй байна.

Нийслэлдээ ийм сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болж байхад хайрлаж хамгаалж чадахгүй байна. Хэрвээ энэ янзаараа хандвал зүлэггүй л болно шүү дээ” хэмээн ярих нэгэн байхад “Цэцэрлэгт хүрээлэнгийн зам толгой эргэмээр. Нэг замаар явахаар өөр тийшээ аваад оччихно. 
 
Тэр нь настай хүмүүст хэцүү л дээ. Тэгээд л шууд товчлоод зүлгэн дээгүүр явчихдаг. Уг нь зам чиглүүлэгч хийгээд, мөн замынхаа хажуугаар хашаа хийчихвэл хүмүүс орохгүй байх” гэж ярих хүмүүс тааралдсан. Биднийг оройн 22.00 цагт Үндэсний цэцэрлэгээс гарахад тус хүрээлэнг зорин ирэх, хөгшид, хүүхэд багачууд, залуус тасраагүй байсан юм. Ямартай ч дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн Эрүүл-Эко ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулахыг зорьж ажиллаж байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэлхийн жишигт хүрэхэд хол байна даа. 
 
Өмнөх удирдлага нь уг нь энэ талаар илүүтэй анхаарч байлаа. Гэвч өнөөдөр удирдаж сууж буй удирдлагууд эко байх тухай ойлголт байдаггүй гэхэд хэтийдэхгүй дүр зураг биднийг угтсан юм. Энэ байдлаараа бол тун удахгүй цэцэрлэгт хүрээлэн гэх утгаа алдаж мод нь хугарчихсан, зүлэггүй зүгээр л нэг худалдааны хар зах болох ирээдүй Цэцэрлэгт хүрээлэнг угтаж байгааг сануулахад гэмгүй биз ээ. Энэ талаар холбогдох хүмүүс анхаарлаа хандуулна гэж итгэе. 

“Супер багц” 25 мянган төгрөгийн үнэтэй

Манай сурвалжлах хэсгийн очсон бас нэгэн газар бол Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар парк. Энэхүү газар анх 1965 оны арваннэгдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй аж.

Хүүхдийн парк нь 35 га дэвсгэр нутагтай, үүнээс 25 га талбайг нь ногоон байгууламж, 1.8 га газрыг нуур цөөрөм, 5.6 га нь тоглоом тоног төхөөрөмж, соёлын төвүүдийн болон аж ахуйн зориулалттайгаар баригджээ. Парк гадна талаасаа эхлээд л эмх цэгцтэй харагдаж байлаа. Үүднээсээ эхлэн паркийг зорин ирсэн хүмүүсийн авто машинууд цэгцтэй, хэн хэндээ саад болохооргүй эгнээ байраа эзэлжээ. Энд цаг минут өнгөрөх тусам машины зогсоолын төлбөр нэмэгдэнэ гэж санаа зовох хэрэггүй юм билээ. Учир нь машины зогсоол нь төлбөргүй. Харин парк руу ороход 1,000 төгрөг төлөх шаардлагатай. 
 
Мөн Цэцэрлэгт хүрээлэнг бодвол хоолны газрууд тун тухтай. Энд тэнд хөглөрсөн олон түргэн үйлчилгээний цэггүй тодорхой газарт тохилог тухтай хоолны газар, кофе шоф, хүүхдүүдийн хамгийн амтархан иддэг зайрмагны цэгүүд байрлажээ. Харин хүүхдийн тоглоомын хувьд маш үнэтэй. Ёстой л баячуудын хүүхэд парк, борчуудын хүүхэд Цэцэрлэгт хүрээлэнг зорьдог гэх дэгсдүүлсэн яриаг үнэн гэдгийг батлах гэсэн мэт жижиг усан буу 2,000 төгрөгөөс эхэлж, 75 мянганд хүрч байв.

Үнийн хувьд жирийн супермаркетуудад зарагддаг үнэтэй дүйх боловч дунджаас доош орлоготой айлын хүүхэд үйлчлүүлэх боломж тун бага. Харин тоглоомын хэсэгт нь үлгэрийн баатрууд, амьтны ертөнц, галт тэрэг, алсыг харагч, галзуу хулгана, хийн буудлага, аймшгийн байшин гээд хүүхэд бүрийн сонирхол татахуйц тоглоом олон байлаа. Энд тоглоом бүр өөр өөрийн талбайтай, эмх цэгцтэй. Бүх тоглоомууд 4,000-5,000 төгрөгийн үнэтэй.  
 
Мөн орох бүртээ 1,000 төгрөгний тасалбар авч орно. Ингэхээр ихэнх хүүхдүүд 2-3 тоглоомыг тоглоод л бусдыг нь харж зогсохоос өөр аргагүй болдог нь илт. Гэхдээ мөнгө хэмнэх боломжийг ч бас паркийн хамт олон олгожээ. Тухайлбал, “Super” багц 25 мянган төгрөгөөр аваад арван тоглоом, 20 мянган төгрөгийн үнэтэй “COOL” багцаар долоон тоглоом, “Happy” багцыг 15 мянгаар авч, таван тоглоом, “Fun” багц 10 мянга төгрөгөөр аваад гурван тоглоомоор тоглох боломжтой байна.

Багц бүрт орох тасалбарын 1,000 төгрөг багтсан гэнэ. Тус хүрээлэн үйлчлүүлэгчдээсээ хураасан орох тасалбарын 1,000 төгрөгийг автомашины зогсоол, зорилтот бүлгийн хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар үнэ төлбөргүй тоглуулах, болон төлбөргүй тоглоомуудад зарцуулдаг гэнэ. 
 
Мөн хоолны газраар үйлчлүүлсэн үнийн дүнгээс 1,000 төгрөгөөр хөнгөлөх, ногоон байгууламж, өдөр тутмын хөтөлбөр, цэвэр цэмцгэр орчны тохижилт, аюулгүй байдал зэрэгт зарцуулдаг. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд байрлах “Sport pub” залуусын очих дуртай газрын нэг болжээ. Тус паб нь орчин үеийн интерьерийн өвөрмөц шийдэлтэй, 120 хүний суудалтай бөгөөд бүх төрлийн спортыг шууд дамжуулдаг байна. Мөн олон төрлийн уралдаан тэмцээнийг тогтмол явуулдаг аж.

WII, PS3, XBOX зэрэг өнгөний ялгарал болон дуу авианы эффект сайтай, өргөн дэлгэц дээр хамгийн сүүлийн үеийн тоглоомуудыг тоглох боломжтой. Мөн өөрт болон хайртай гэр бүлдээ тохиож буй тэмдэглэлт баярын өдрүүдээ хэзээ ч мартагдашгүй дурсамжтай тэмдэглэн өнгөрөөхийг хүсвэл “Төрсөн өдрийн үйлчилгээ”-г авах боломжтой гэнэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нэрийн “Зун цаг” дэлгүүрт өвөрмөц хэв загвартай олон давтагдахгүй онцлогтой бэлэг дурсгалын худалдаалж байлаа. Төрөл бүрийн ном, бэлэг сэлтээс хүссэн гэрэл зургийг бэлгэн дээр нь буулгаж өгдөг аж. 

Аюулгүй байдлыг бүрэн хангажээ

Жилээс жилд өнгө нэмэх Үндэсний соёл амралтын хүрээлэн маань зөвхөн багачууд хүүхдүүд төдийгүй томчуудад ч цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг олгосон байв.

Томчуудад зориулж шинэ тоглоом нэмжээ. Аттракцион тоглоомнууд буюу усан завь, тойрог зам, галзуу хурд гээд хуучин тоглоомнуудаас гадна “Тагада”, “Давалгаат эргүүлэг” зэрэг шинэ тоглоомууд нэмэгдэж хөгжилдөх боломжийг нэмж өгчээ. Гэхдээ тоглоом бүр  хүмүүсийн аюулгүй байдлын үүднээс насны хязгаарлалт  болон хэд хэдэн  хориглох зүйлүүдтэй. 
 
Дурьдвал, “Тойрог зам” тоглоомд тоглохдоо дараах зүйлсийг анхаарна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед, цусны даралт болон зүрх судасны өвчтэй, толгой болон нурууны өвчтэй, сэтгэцийн өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эмэгтэйчүүд, 1.4 метрээс доош өндөртэй хүүхэд тоглож болохгүй. Мөн нялх хүүхэдтэй явж буй хүмүүст зориулан хүүхдийн түрдэг тэрэг цагийн 6000 төгрөгөөр түрээслэх боломжийг олгон 0-3 настай хүүхдүүдээ тоглуулах “Бонгийн ертөнц” тоглоомын төвийг ажиллуулдаг. 
 
Булан тохой бүрт хогийн сав байрлуулж, цэвэр цэмцгэр орчныг төгс бүрдүүлж чадсан энэ газарт хүмүүс ч соёлтой үйлчлүүлж байсан юм. Үйлчилгээний чанарт ч сэтгэл хангалуунб байгаагаа иргэд хэлж байлаа. Иргэн Б.Наранчимэг “Манай улсад байгаа цорын ганц хүүхдүүдэд зориулсан томоохон хэмжээний тоглоомын газар бол парк.

Бид хүүхдүүдтэйгээ хааяа паркт ирэх дуртай. Заримдаа хөдөөнөөс ах дүүсийн маань хүүхдүүд ирвэл бас энд авч ирдэг юм. Паркийн тоглоомууд харьцангуй хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байдаг. Мэдээж хүүхдүүдээ насанд нь тохирсон тоглоомонд суулгах хэрэгтэй. Зарим нэг хүүхэд суухад аюултай тоглоомууд харагддаг. 
 
Гэхдээ суулгадаггүй” гэсэн юм. Баяр наадмын үеэр дараалал нь дийлдэхгүй хонох шахан байж тоглодог гэж бухимдаж байсан иргэд өнөөдөр тайван яарах зүйлгүй, ээлжээ хүлээнгээ бусдаасаа туршлага судлаж байв. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр архи гэгч гашуун ундаа ч мөн энд байсаар л байна.

Хаа сайгүй баар цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж  согтууруулах ундаа худалдагийн жишгээр энд ч бас тодорхой хэдэн газарт зарж байсан юм. Бусад газрын үнэтэй харьцуулахад хамаагүй үнэтэй. Өсвөр насны охид хөвгүүд маш ихээр согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж хорт муу зуршилтай болж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлэв. Магадгүй согтуу хөлчүүрхэж явахдаа хэн нэгнийг гэмтээх, айлгаж цочоох зэрэг эрсдэл гарахгүй гэх зүйлгүй. 
 
...Үндэсний соёл, амралтын хүрээлэнд ганц нэг засах зүйл байгаа ч авах зүйл их байна. Ядаж л энд хүмүүс хогоо хогийн савандаа хийж хэвшчээ. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд хар захаас дутахгүй болсон гэхэд хилсдэхгүй. Эмх замбараагүй байрласан худалдаа үйлчилгээ нь хүмүүсийг залхааж эхэлсэн. Машин бүрээс авсан зогсоолын мөнгөө парк шиг зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулахгүй юм гэхэд хүрээлэнд худалдаа эрхэлж байгаа хүмүүсээ зохицуулах арга хэмжээ авбал зүгээрсэн.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.116.34] 2016/6/23
zaaa hutsaach, buur neg muulahiin don tuschihsan um shig, muulj l baival sain setguulch uu, tegeed teriig ni sonsood teneg umnuud ni duu duugaa avaltsaad, tiim l um bol ochihoo boliod gertee hevtej bhgui yu,
0 | 1 Хариулах
Х [103.57.94.86] 2016/6/23
Үндэсний цэцэроэгт хүрээлэн бол ёстрй хөдөөнийхөн ирж нохойн махан шорлог илэж, Эрээний хулхи тоглоомоор тоглодог газар болсон бна лэ. Амрах гэж зугаалах гэж ирлэг болхоос хиншүү хярвас үнэртэж, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир заваан худалдаа сонирхох гэж очмооргүй байхын Жоохон цэгцэлмээр санагдсан.
3 | 0 Хариулах
Зочин [202.55.180.8] 2016/6/22
Huduniihun hotoor duuren hotod irees tuurnu... Soyoltoi huduuniihuun bdg l bh gehdee muuhain ih bnaa hogoo shuud hayna nus tseree shuud hayna hetsuu hetsuu...
0 | 0 Хариулах
Зочин [202.21.116.162] 2016/6/22
mod tsetseg muutai. usalgaanii sytemee odoo boltol shiideegui. huduunii huuhneer bitii hariutsuulaldaa. hotiin medremjtei hun tavih heregtei. gadniii parkaas suraltsah heregteishde.
4 | 0 Хариулах
зочин [103.9.90.130] 2016/6/22
Би үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байнга очдрг хүн бишээ. Тэхдээ сая очиход үнэхээр сайхан болсон байсан. Жил бүр л сайхан болгож байгаа нь таалагдсан шүү. Одоо би цаашид улам гоё болно гэдэгт итгэж байгаа. Парк бол олон жилийн түүхтэй газар, энэ мэт соёлын жишиг байлгүй яахав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ хамаагүй муу ярихаасаа очоод сайн судлах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол бас нэг газрын наймаачин нь хэрэггүй газрыг хэрэгтэй болгоно гээд газраас нь хумсалчихна шүү. Хийсэн нэгнээ дэмжиж өөдрөг байя цөөхөн монголчууд минь ээ
0 | 1 Хариулах
Uuree [202.9.40.167] 2016/6/22
Tegeed mungutei humuus ochdog, munggui humuus orj boldoggui gazar bolgoh geed bgaa yumuu?! Ochood oorsdoo l tsagiig zugaatai ongrooj bval bolooshdee. Gehdee niitdee l hogoo hayah tal deer anhaarchuul bolohgui yum bhgui bhaa.
0 | 3 Хариулах
Зочин [103.212.119.244] 2016/6/22
Захиалгат мэдээ байна ч гэх шиг угаасаа бодит байдал тйим л байгаашд нэг аятайхан юм хийхээр дандаа заваартуулж сүйтгэж байдаг манай иргэдийн байгаа байдал нь тэр арчаагүй заваан юмнууд. Тэгчээд их том том юм хуцна улс хөгжихгүй байна энээ тэрээ ийм ухамсарын доройтолтой, ганц цэцэрлэгээ гоё байлгаж чадахгүй байж юуун гадны жуулчид :(((( юм болгоныг муухайгаар харна арчаагүй сугууд шүүлмжэлхээс өөр ид шидгүй усан толгойнууд
5 | 0 Хариулах
irony? [202.170.80.25] 2016/6/22
гэж та шүүмжилэв
3 | 0 Хариулах
хха [49.0.184.20] 2016/6/22
хха гоё гоё
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.229] 2016/6/22
Yaagaad yalgaatai baigaag helhuu 1 n huviih nuguuh n turiih turiin yum gedeg ezengui l yum gesen ug
3 | 0 Хариулах
Г [27.123.214.109] 2016/6/22
Захиалгат нийтлэл гэж
1 | 4 Хариулах
Зочин [178.162.216.30] 2016/6/22
Үндэсний хоосон тал гэвэл зохилтой
0 | 0 Хариулах
Навтгар хамартай авгайд [178.162.216.30] 2016/6/22
Явуухулангын цэцэрлэгт хүрээлэн хамаагүй дээр шүү. Мод нь өндөр ургачихсан, зүлэг нь битүү ногоороод, усан ориглууртай жижигхэн ч гэсэн маш тухлаг. Харин үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Моднууд ерөөсөө том болдоггүй. Би тэнд амьдардаг өчнөөн жил боллоо халцарсан тачирхан модтой хоосон талбай. Дугуйн үйлчилгээгээр цөм хийдэг юм шиг санагдсан. Хэтэрхий олон хүн дугуй унаж замбараагүй явж тавьсан замаа эвдэхэээс гадна явган хүнийг дайрчих гээд байдаг. Үзэмж муутай хэдэн хөшөөнүүд... Хамгийн гайгүй нь Солонгос үндэсний хашаатай цэцэрлэг, хүүхдийн тоглоом санагдсан. Навтгар хамартай авгайн Мөнгө хүүлдэгл газар болсон доо.
3 | 0 Хариулах
Зочин [178.162.216.30] 2016/6/22
Явган очиход хэцүү, БаянМонгол хорооллоос цэцэрлэгт хүрээлэн хүртэл явган хүний зам байхгүй. Зам гарах гэж машин дайруулчих шахдаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.29.7] 2016/6/22
Setguulchid bayarlalaa,,,, Zuw sedew hunduj bna. Tsetserlegt hureelen uneheer muuhai bnalee
9 | 0 Хариулах
Зочин [203.91.112.66] 2016/6/22
Газарт нь шунасан улсуудын захиалгаар хуцаж байгаа байх даа
1 | 5 Хариулах
Зочин [202.179.29.3] 2016/6/22
Энэ үнэндээ ядмаг сэтгүүлч юм аа. Ногоон навчис сэрчигнэдэггүй юм. Сэрчигнэсэн ч гэсэн дөнгөж ургаж байгаа нялх нахиаг сэрчигнэж байгаагаар бичих нь муу ёр байгаа даа. "Эрүү өвдөг нь нийлсэн охид хөвгүүд ЭЕШ өгөв" гэвэл ямар сонсогдож байна? Эхний гурван үгийг уншаад шууд уур хүрэв.
2 | 0 Хариулах
Зочин [203.91.119.154] 2016/6/22
Уншихаа л байчих л даа, заавал стресстэж эдр
0 | 0 Хариулах
Zochin [59.153.114.248] 2016/6/22
Dan orkuud tsuglardag zavaam gazar bolson bnle,hairan yum.
4 | 0 Хариулах
Зочин [27.123.214.108] 2016/6/22
Ene tsetelegt hureeleng olon haalgatai bolgomoor bn yag tuv zam daguu zogsool muutai gantshan haalga bgaa ni taaalagdahgui bn
10 | 0 Хариулах
Зочин [103.57.93.58] 2016/6/22
Яг зөв. Урд, баруун, зүүн талдаа зогсоолтой олон хаалгатай байвал арай дээр баймаар
0 | 0 Хариулах
Кто вэ [103.254.120.83] 2016/6/22
Асуудал хөндсөн нь таалагдаж бгаа ч захиалгын цуврал мэдээлэл шиг бна. Үүний өмнө гарсан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх нийтлэлдээ уг хүрээлэнд Нарантуулынхан цуглардаг газар гэсэн аястай бичсэн бсан, нийтлэлчээс нь асууя: Нарантуулынхан ямар гэж? Тэд хүмүүс. Чадвал хариулаарай. Яасан том ялгаварлал вэ?
4 | 3 Хариулах
Энэбиш байна [203.91.119.154] 2016/6/22
Энд үндэсний нэртэй цэцэрлэгт хүрээлэн нь энгийн захтай ижил болсон байна гэж хэлсэн байна. Амарч зугаалах газараа зах шиг болгочихлоо гэсэн болохоос зах дээр худалдаа хийдэг хүмүүс муу гэсэн зүйл алга. Цэвэр цэмцгэр, ая тухтай амрах орчин байх ёстой.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.41.229] 2016/6/22
Narantuuliihan bol Orcuud
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.8] 2016/6/22
en sudalga hsen hun ni sohor yumuu haashaan tsetserlegt hureelengiin tow haalagni urd gerlen dohiotoi todoos tod tsagaan shugamtai garts baidiisht! ter gartsiig hiigeed ch udaj bn!
0 | 1 Хариулах
zochin [103.229.177.46] 2016/6/22
Parkaas zahialsan medee shig haragdaj bn.
3 | 3 Хариулах
Guest [210.195.219.6] 2016/6/22
baidal iim bhad zahialah shaardalga bh u
0 | 0 Хариулах