Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

МОНИТОРИНГ: Сонгуулийн кампанит ажлын САНХҮҮЖИЛТ ИЛ ТОД БИШ байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс оны Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцад дөрвөн чиглэлээр мониторинг хийж байгаа. Тус сүлжээнээс өнөөдөр мэдээлэл хийж, мониторингийн дүнгээ танилцууллаа.

Хяналтын чиглэлүүд:

  1. Хэвлэл мэдээллийн мониторинг, 
  2. Сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, 
  3. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, 
  4. Санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт

 

Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцад хийж буй мониторинг
 
Гэрэл зургийг mpa.mn

Танилцуулгыг МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал

2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийг зохион байгуулахад гарсан нэг томоохон өөрчлөлт бол саналыг автоматаар тоолох болсон явдал билээ. Үүнтэй холбоотой автоматжуулсан системийг ашиглан санал тоолох, дүнг нэгтгэх, дамжуулахад гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, сонгуулийн үйл явцын ил тод байдпыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сүлжээний гишүүн МИДАС ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийг 2012 оны УИХ-ын сонгууль болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тус тус хариуцан хэрэгжүүлсэн. 

Дээрх мониторингийн үр дүнд үндэслэн гаргасан зөвлөмжийн зарим нь энэ жилээс хэрэгжиж эхлээд байна. Үүнд тухайлбал, төхөөрөмжөөс хэвлэх дүнгийн хуудас буюу биллийг хэвлэхэд хэдэн цагт, ямар машинаас хэвлэснийг харуулах динамик тэмдэглэгээ тавигдах болсныг дурдаж болно. 

Түүнчлэн 2012 онд зөөврийн хайрцгаар авсан саналыг санал хураалт дууссаны дараа төхөөрөмжид уншуулсан нь эргэлзээ төрүүлэх нэг шалтгаан болсон тул энэ жил санал авах өдрийн 07.00 цагт санал авах байрны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан сонгогчдын саналыг авч эхлэхээс өмнө зөөврийн хайрцагийг нээж саналыг хуудсыг төхөөрөмжид хийж уншуулахаар зохицуулсан.

Хуулиар техникийн тооллого хийх журмыг СЕХ батлах ёстой боловч өнөөг хүртэл эцэслэн батлаагүй байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах програм хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа 2016 оны тавдугаар сарын 28-ны өдөр сонгогчдын бүртгэлийн хэсгийн програм хангамжийн хяналтаар эхэлсэн ба үүнд нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавьсан.

Нам, эвслийн ажиглагчдын хувьд баталгаажуулалт явагдсан сүүлийн өдрүүдэд хяналтаа бүрэн тавилгүй цалгар хандах байдал ажиглагдсан. Програм хангамжид ямар нэг алдаа илрээгүй бөгөөд баталгаажуулсан файлыг лацдан найдвартай байдлыг хангах арга хэмжээ авсан.

Үүний дараа СЕХ-ноос санал тоолох төхөөрөмжийн эх кодыг хянан гэрчилгээ олгох ажлыг гүйцэтгэсэн ба үүнд нам, эвсэл, ТББ-уудын төлөөллийг оролцуулаагүй. Харин зургаадугаар сарын 13-наас эхэлсэн санал тоолох машинуудыг бэлтгэх, баталгаажуулан гэрчилгээжүүлэх үйл ажиллагаанд СЕХ-ноос баталсан хуваарийн дагуу оролцуулж эхлээд байна. 

Сонгуулийн тухай хуульд заасанчлан санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийх ёстой. Хуулиар техникийн тооллого хийх журмыг СЕХ батлах ёстой боловч өнөөг хүртэл эцэслэн батлаагүй байна. Хяналтын тооллого хийх нь санал тоолох төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад маш чухал ач холбогдолтой. СЕХ журамдаа хэсгийн хороодын 50 хүртэл хувийг сугалаагаар түүвэрлэн сонгохдоо ил тод байдлыг хэрхэн хангах, төхөөрөмжөөр тоолсон дүн, гараар тоолсон дүнгүүд зөрсөн нөхцөлд зөрүүг хэрхэн нягталж шалгах талаар тодорхой тусгана гэж найдаж байна.

Сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл маш хаалттай байна
 

Танилцуулгыг Филантропи Хөгжлийн Төлөө Төвийн судлаач Д.Эрдэнэчимэг

Чөлөөт шударга сонгуулийн нэг гол зарчим нь нэр дэвшигчид тэгш гарааны зарчмаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн шударгаар өрсөлдөх боломжоор хангагдах явдал бөгөөд энэ зарчмыг ханган цэвэр улс төрийн үйл явц, өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжихэд сонгуулийн кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал юм.

Түүнчлэн ил тод байдлыг хангах нь мөнгөний нөлөөнөөс үүдэлтэй улс төр дэх авилгаас урьдчилан сэргийлэхэд мөн чухал ач холбогдолтой билээ.

Сүлжээний гишүүн Филантропи Хөгжлийн Төлөө Төв сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийг хариуцан ажиллаж байна. 

Мониторингийн зорилго нь Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мэдээллийг ил тод болгоход нөлөө үзүүлж сонгогчдыг мэдээллээр хангах, Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд хяналт тавих үүрэгтэй төрийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэх, Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хуулийн заалтуудын хэрэгжилтийг хянахад оршино.

Дээрх зорилгын хүрээнд Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 49, 53 дугаар тойрог, Сүхбаатар дүүргийн 60, 61 дүгээр тойрог, Төв аймгийн 30 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 22 болон 23 дугаар тойргуудад дараах асуудлуудаар мэдээлэл цуглуулахаар ажиллаж байна. Үүнд:

  • Сонгуулийн штабт ажиллаж буй менежер, ухуулагч, бусад хүмүүсийн урамшуулал, зардал
  • Ухуулах байр, түүний түрээсийн төлбөрийн талаарх мэдээлэл
  • Зурагт хуудас, ухуулах хуудас, суртапчилгааны самбар зэргийн үнэ хөлсний талаарх мэдээлэл
  • Сурталчилгааны арга хэмжээний зардал
  • Төрийн эх үүсвэр буюу төрийн өмчийн байр, унааг сурталчилгааны арга хэмжээнд ашиглаж буй эсэх, төрийн албан хаагчдыг дайчлан ажиллуулж буй эсэхэд хяналт тавьж байна.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс буюу 2016 оны зургаадугаар сарын 11-14-нийг хүртэлх мониторингийн дүнгээс харахад Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлд заасан хууль бус сурталчилгаа хийх үйлдэл илэрхий ажиглагдаагүй боловч сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл маш хаалттай байна. 

Сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл маш хаалттай байна. 

Мониторингд хамрагдаж буй Нийслэлийн тойргуудад ажиллаж буй нам, нэр дэвшигчдийн штаб, ухуулах байруудын 98 хувь нь тодорхой үндэслэл дурдалгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан ба Улаанбаатар хотод энэ хандлага түлхүү ажиглагдаж байна. 

Түүнчлэн СЕХ-нд хандан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн сүүлийн нэг жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс хүлээн авсан хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлангийн хуулбар, нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаарх мэдээлэл авах хүсэлт тавихад татгалзсан хариу өгөөд байна. Хуулийн дагуу иргэд энэ мэдээллийг хүсэлт гарган авах эрхтэй юм.

Цаашид сонгуулийн цэвэр шударга өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжиж, авлигаас ангид тунгалаг төрийг бэхжүүлэхийн тулд сонгуульд оролцож буй нийт нам эвсэл, нэр дэвшигчид зардлын дансаараа хүлээн авч буй хандив, түүний зарцуулалтыг сонгогчдод ил тод мэдээлэхийг уриалж байна.

ТЕЛЕВИЗҮҮД ТЭГШ, ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА
 

Танилцуулгыг Глоб Интернэшнл Төвийн судлаач Б.Онон

Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Глоб Интернэшнл Төв УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө буюу зургаадугаар сарын 8-10, албан ёсны сурталчилгаа эхэлсэн 11-13-ны өдрүүдэд МҮОНТ, TV9, MN25, TV5, UBS телевизүүдэд хийсэн мониторингийн дүнг танилцуулж байна.

Мониторинг нь хамгийн нөлөөтэй ХМХ болох телевиз нь нэр дэвшигчдийн тухай мэдээллийг олон нийтэд аль хэр тэгш, тэнцвэртэй мэдээлж буй байдал, сурталчилгааны өнгө аясыг судпахын зэрэгцээ, мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, сонгогчдын боловсролд зориулсан цагийн хэмжээ, далд сурталчилгаа явагдаж байгаа судлах зорилготой. 

Түүнчлэн Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавина.

Мониторинг хийх телевизүүдийг сонгохдоо олон нийтийн санхүүжилттэй, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон гэсэн Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2015 оны судалгаанд үндэслэсэн юм.

Сурталчилгаа эхлэхээс өмнө буюу зургаадугаар сарын 8-10-ны өдрүүд

  1. Судалгааны хугацаанд таван телевизийн 271 цаг 05 минут 59 секундын нэвтруүлэгт мониторинг хийснээс 36 цаг 21 минут 46 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
    МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 39 хувийг АН, 15 хувийг МАН-ын мэдээлэл эзэлж байна. Харин бусад телевизийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 51 хувиар давамгайлжээ.
    ​Таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр АН-ын сурталчилгаа 53 хувь, МАН-ынх 31 хувийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 22 хувь байсан бол “TV9” телевиз намуудад хуваарилсан цагийнхаа 6 хувийг оноосон байна.
  2.  Нийт  таван телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл 64 хувиар давамгайлж байна.
    МҮОНТ-ийн мэдээллийн 75 хувь нь төвийг сахисан хандпагатай байсан бол “25 дугаар суваг” телевизийн мэдээллийн 50 хувь нь эерэг хандпагатай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин TV9 телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл 40 хувьтай байв. Бусад телевизүүдийн мэдээллийн 80-аас дээш хувь нь эерэг хандпагатай байгаа нь нам эвсэл, нэр дэвшигчийг агуулгын хувьд хэт их дэмжиж буйг харуулж байна.
     
  3. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнөх өдрүүдэд далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл их цацагдаж байв. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээлэлд далд сурталчилгаа 82 хувийг эзэлсэн бол “25 дугаар суваг” телевизэд 92 хувь байв.
     
  4. Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд МАН 52 хувиар тэргүүлж, АН 19 хувиар удаалж байна.
     
  5. Телевизүүд сонгогчдын боловсролд анхаарал хандуулах нь сул байна. Сурталчилгаа эхлэхээс өмнөх өдрүүдэд МҮОНТ-ээр энэ төрлийн мэдээлэл цацаагүй бол TV9 телевиз 14 минут 31 секундыг сонгогчдын боловсролд зориулсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв.

Албан ёсны сурталчилга эхэлсэн зургаадугаар сарын 11-13-ны өдрүүдэд

  1. Судалгааны хугацаанд  таван телевизийн 268 цаг 43 минут 20 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 39 цаг 38 минут 44 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
    Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх дүнтэй харьцуулахад МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн цаг огцом өссөн бол арилжааны бусад телевизийнх буурсан хандпагатай байна.Телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл 37 хувиар давамгайлсан хэвээр байна. Харин эрх баригч АН дундаж дүнгээр 30 хувийг эзэлж байна.
    Телевизүүд тэгш, тэнцвэртэй мэдээлэх үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. Тухайлбал, МАН 37 хувиар давамгайлсан хэвээр байгаа бол АН мэдээлэл 30 хувьтай байна. Харин бие даагчдад зарцуулсан цаг нь дундаж дүнгээр 3 хувьтай байна.
     
  2. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш эерэг өнгө аястай мэдээлэл өссөн байна. МҮОНТ-ийн төвийг сахисан мэдээлэл буурч эерэг хандлагатай мэдээлэл 25-46 хувиар өссөн байна. TV9 телевизийн сөрөг мэдэаплийн хувь 40-6 хувь болтол эрс буурч, эерэг өнгө аястай мэдээлэл өссөн байна.
     
  3. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл ихээр цацагдаж байсан бол сурталчилгаа эхэлснээс хойш тухайлбал 25-р суваг телевизийн далд сурталчилгаа 92-40 хувь хүртэл, UBS телевиз 80-4 хувь хүртэл буурчээ.
     
  4. Албан ёсны сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн телевизүүд сонгогчдын боловсролд анхаарч эхэлсэн. МҮОНТ, TV9 телевиз сонгогчдын боловсролд хамгийн их цаг зарцуулсан байна.