"Мөнгөн гүүр" эмнэлэг, Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг болон БНСУ-ын "Мёнжи" эмнэлэгтэй хамтран энэ сарын 9, 10-ны өдрүүдэд элэг, цөс, нойр булчирхайн хавдартай, элэгний В, С вирустэй өвчтөнүүд болон бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 260 гаруй өвчтөнд үнэ төлбөргүй үзлэг хийн, зөвлөгөө өгч байна.
Энэхүү үнэ төлбөргүй үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, элэгний хатуурал, өөхжилтийн шинжилгээнд хамруулахад 269 хүний 61 хувьд нь элэгний өөхжилт илэрсэн байна. Мөн эмчийн заалтаар ирсэн 1,118 өвчтөний 78 хувийнх нь "Элэг өөхөлсөн" гэсэн хариу гарсан байна. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс өндөр байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байв.
Элэгний өвчлөлийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэг буюу эход харуулах, цусны шинжилгээ өгч, өвчтэй эсэхээ тодорхойлуулж, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. Хорт хавдар илэрсэн бол ямар ч найдваргүй болсон гэж ойлгож болохгүй. Хавдрыг бага дээр нь илрүүлж, боох эмчилгээ хийх, хавдрыг авах, химийн тариа хийх зэрэг эмчилгээний олон аргууд байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэн А.Эрдэнэтуяа “Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж байгаад үнэ төлбөргүй үзлэг хийнэ гэж дуулсан. Энэ эмнэлэгт БНСУ-ын нарийн мэргэжлийн таван эмч нар үзлэг хийж байгаа юм байна. Би 160 мянган төгрөгөөр бүх шинжилгээнүүдээ хийлгэчихээд эмчид үзүүлэх гээд хүлээж сууна. Эмч нар нь чирэгдэлгүй, хурдан шуурхай, үйлчилж харагдана” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
"Элэгний өвчлөл нь элгэндээ хэт их ачаалал өгөх, ардын эм тан хэтрүүлэн хэрэглэх, архи, тамхины зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байдаг" гэдгийг БНСУ-ын Мёнжи эмнэлгийн дэд ерөнхийлөгч, мэс заслын тасгийн дарга Чон Жин Ху яриандаа онцлов. Тэрээр “Монгол улсад элэгний С вирустай хүмүүс олон байна. Үүнээс үүдэн элэгний хавдрын өвчлөл нэмэгдэх хандлага харагдлаа. Энэхүү үнэ төлбөргүй үзлэгээр элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараагаар биеийн байдлаа хянуулах, эмийн жор бичүүлэх зэрэг биеэ үзүүлж, зөвлөгөө авч байна.
Одоогоос 20 жилийн өмнө манай улсын хувьд элэгний В вирусын өвчлөл их байсан. Нэг гэр бүлийн гишүүнд элэгний В вирус илэрвэл улсаас хамаатан садангуудыг нь шинжилгээнд хамруулж, урьдчилан сэргийлэх вакцин хийх арга хэмжээг авсан. Тиймээс сүүлийн жилүүдэд энэ өвчлөл харьцангуй багассан. Монгол Улс ч гэсэн төрөөс иргэддээ чиглэсэн системтэй, нэгдсэн арга хэмжээг авах нь зүйтэй” хэмээн ярьсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!