-Том зах зээлтэй орнууд эмийн үнийг хязгаарлах бодлого барьдаг-
Чөлөөт зах зээл хязгааргүй өрсөлдөөн биднийг төөрөлдүүлсээр. Манай улсад бүх зүйлд эрх чөлөө гэсэн сайхан нэр томьёо үйлчилдэг. Бас үүгээр далимдуулан түрэмгийлэх үзэгдэл газар авсаар байгаа нь нууц биш. Эмийн зах зээл л гэхэд хяналтгүй болоод олон жил болжээ.
Жил ирэх тусам зах зээлийн эргэлтэд оруулах эмийн нэр улам зузаарч байна. Өнгөрсөн жил л гэхэд гадаадаас импортлох эмийн бүртгэлд 40 гаруй нэр төрлийн эм бичигджээ. Харин дотоодод үйлдвэрлэсэн 10 гаруй эмийг албан ёсоор бүртгэсэн байх юм. Түүнчлэн уламжлалт эмчилгээний өчнөөн төрлийн тангууд хүртэл бүртгэлийн жагсаалтыг зузаатгав.
Ингэж нэр төрөл нь олшрохын хэрээр сонголт бий болж буй ч үнэ нь тэнгэрт хадсан хэвээр. Уг нь зах зээлийн жамаар бол сонголт өргөжихийн хэрээр үнэ буурдаг ёстой. Гэтэл эмийн салбарт ийм зарчим хэзээ ч үйлчлэхгүй шинжтэй. Манай улсын эмийн бизнес эрхлэгчид хэт өндөр үнэ тогтоогоод байна уу гэсэн хардлагыг зарим иргэн тээж явдгаа нуусангүй.
Эквадорыг эрүүл мэндийн даатгалаар жороор хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулжээ. Ингэлээ гээд тийм ч сайн хямдарсангүй. Даатгалаар хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтаас харахад 5-10 мг хэмжээтэйг нь 28,500 төгрөгөөс 22,800 болгон хөнгөлдөг юм байна. Харин 10-20 мг хэмжээтэй нь 30 мянгаас 24 мянга болох аж. Ингээд үзэхээр хямдруулсан үнэ нь хойд хөршид зардаг үнээс өндөр байгаа биз. Зөвхөн ганц эмээр жишээ татахад л ийм байгаа юм.
Тэрчлэн өөрийн өртгөө гурав нугалаад олчихдог эм ч байдаг аж. Хэсэг хугацаанд эмийн сан ажиллуулж байсан эмэгтэй хэлэхдээ “Уг нь эм хамгийн өндөр ашигтай бизнес. Эмийн сан ажиллуулдаг байхдаа хашаа, байшин, машины мөнгө өлхөн олчихсон” хэмээн ярьж байв.
Эм бол чихэр жимс хийгээд өргөн хэрэглээний бараатай адилгүй. Онцгой бүтээгдэхүүн гэдэг утгаараа тодорхой байдлаар хяналт зохицуулалт үйлчлэх учиртай. Гэвч манай улсад тийм зохицуулалт одоогоор алга. Зовлон болоход лам баяждаг, зуд болоход нохой зоолдогийн адил өвчлөл ихсэх тусам эмийн бизнес эрхлэгчдийн хэтэвч зузаардаг аж.
Эрүүл мэнд, спортын яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Д.Уранчимэг “Манай улсад эмийн үнэд хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Зөвхөн даатгалаар хөнгөлөлт үзүүлэх байдлаар зохицуулалт хийдэг” гэсэн тайлбар өглөө. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн энэ салбарын бизнесийн өрсөлдөөн шударга байна уу, үгүй юу гэдэгт л хяналт тавьж анхаарал хандуулдаг байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар чанар аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй. Харин үнийг зохицуулдаг байгууллага байхгүй. Эмийн бизнес эрхлэгчид үүнийг далимдуулан амандаа орсон үнээ хэлж, иргэдийн халаасыг суйлж байна.
Тэгвэл дэлхийн бусад орон хэрхэн зохицуулж байна вэ? Том зах зээлтэй хэд хэдэн орон эмийн үнийг хянадаг тогтолцоог бүрдүүлжээ. Тодруулбал, БНХАУ, Энэтхэг, Бельги, Франц зэрэг улс эмийн үнийн түвшинг хатуу хянадаг байна.
Харин АНУ, Герман, Британи зэрэг улсад зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар зохицуулагддаг хуультай аж. Дэлхий нийтэд эмийн үнийг хязгаарлах болон дэмжих гэсэн хоёр байдлаар зохицуулдаг аж. Том зах зээлтэй орнууд үнийг хязгаарлах бодлого барьдаг. Харин судалгаа, шинжилгээний туршилтын журмаар хэрэглэх эмийн үнийг дэмжих бодлого барихаас өөр аргагүй болдог аж.
Зөвхөн үнэ төдийгүй эмийн зар сурталчилгаанд ч хяналт тавьдаггүй, ерөнхийдөө энэ салбарыг зоргоор орхисон гэж хэлэхэд буруудахгүй. Сүүлийн үед эмийн зар сурталчилгаа хэрээс хэтэрсэн. Ходоод гэдсэнд сайн, даралт бууруулна гэж сурталчлах энүүхэнд. Эмийн санч бүр зар сурталчилгааны мэргэжилтэн болсон бол зарим эмч өөрсдөө оролцдог.
Эмийн санч бүр зар сурталчилгааны мэргэжилтэн болсон бол зарим эмч өөрсдөө оролцдог
Албаны эх сурвалжийн хэлснээр зарим эмч эмийн компаниудад худалдагдсан байдаг аж. Тэрбээр “Монголын зах зээлд эм нийлүүлэгч бас импортлогч дотоодын компаниудын төлөөлөгчид эмч нарын дунд маш өндөр өртөгтэй сургалт зохион байгуулдаг. Эмээ сурталчлуулах, борлуулахад нь тусалж, дэмжүүлэхийн тулд их хэмжээний шагнал урамшуулал ч өгдөг. Эмээ зарж ашиг олж л байвал хүний эрүүл мэндийг бодохгүй шүү дээ.
Зарим эмч хүртэл ийм сэтгэлтэй болчихоод байхад яалтай билээ. Хүнийг хайрлах сэтгэл даанч алга. Уг нь өргөсөн тангарагтай л хүмүүс юмсан” хэмээн шүүрс алдан ярьж байв. Түүний ингэж ярьсныг батлах захын жишээг ч иргэд хэлнэ. Үзүүлэх гэж очсон өвчтөнд эм сурталчилж, зарим эмч бүр улаан цайм ширээнийхээ нүднээс гаргаж ирээд зарах нь ч бий. Ийнхүү иргэдийн эрүүл мэнд ердөө зоосны нүхээр үнэлэгдэж байна.
Стандартчилал, хэмжил зүйн газраас 2011 онд баталсан Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2011 стандартад 5,000 хүнд нэг эмийн сан ногддог гэсэн судалгаа гаргасан байна. Эмийн сангийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Улаанбаатар хотод л гэхэд 2015 оны байдлаар 840 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг талаар холбогдох байгууллагаас мэдээлэл өгөв. Харин хөдөө орон нутагт 1,000 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ өнгөрсөн жилийн аравдугаар сард 110 эмийн санд тусгай зөвшөөрөл олгожээ. Эмийн сан хүрээгээ тэлэхийн хэрээр ханган нийлүүлэх байгууллагын тоо ч өссөөр. Эрүүл мэнд, спортын яамнаас энэ жил эм ханган нийлүүлэх 60 гаруй байгууллагад шинээр зөвшөөрөл олгожээ. Энэ бүхэн салбарын ашиг ямар хэмжээнд байдгийг батлаад өгөх бэлээхэн баримт юм. Өдгөө зах зээлд 3,000 гаруй нэр төрлийн эм борлуулж байна. Нэг төрлийн эм л гэхэд таваас зургаан оронд үйлдвэрлэснийг худалдаж буйгаа нэгэн эмийн санч сонирхуулсан.
Эмийн зах зээлийн чөлөөт өрсөлдөөн олон орны эмийн компанийн бизнесийг дэмжих гүүр болсон нь энэ. Эмийн чанар аюулгүй байдалд эрх биш хяналт тавьдаг болохоор үйлчилгээний тал дээр найдвар төрүүлдэг гэж болно. Манай улс цөөн хүн амтай, иргэдийнх нь дийлэнх тийм ч хангалуун амьдралтай биш өнөөгийн нөхцөлд үнэд нь хяналт тавьдаг болчихвол тустай алхам болно. Уг нь эмийн замбараагүй хэрэглээтэй улсад үнэ өндөр байх нь тохирох юм шиг. Гэхдээ үүний цаана хууль бус бизнес цэцэглэдгийг мартаж боломгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!