Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ “СОНГОХГҮЙ”

Ч.Болортуяа
2016 оны 6 сарын 7
iKon.MN

"Өмнө нь эмэгтэйчүүд бусдын хүслээр чимээгүй байдаг байсан бол орчин үед тэд өөрийн хүслээр аниргүй байна" гэж  Хиллари Клинтон номондоо бичсэн байдаг. 

2012 -2016 оны УИХ 11 буюу нийт гишүүдийн 15 орчим хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын хувьд жендерийн түүхэн өөрчлөлт гэж болно. Харамсалтай нь, энэ тоо олон улсын хэмжээний эмэгтэй парламентчдын дунджаас (21.9 хувь) доогуур үзүүлэлт аж. 

Өөрөөр хэлбэл бид эмэгтэйчүүдийгээ сонгох дургүй, бас эмэгтэйчүүд шийдвэрлэх эрх мэдэлд очих хүсэл сонирхол бага байгаатай холбон тайлбарлаж болох юм. 

ЯАГААД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖДЭГ ВЭ?

Эмэгтэйчүүдийг яагаад илүүтэй дэмжих ёстой вэ гэсэн асуулт байнга хөвөрдөг. Үнэхээр өөрсдийгөө дорд үзүүлэхгүйн тулд тэд эрчүүдтэй ижил, тэнцүү өрсөлдөөнөөс гарч ирэх ёстой гэх үзэл бас бий. 

Хөгжингүй улс орнууд шийдвэрлэх эрх мэдэл, хууль батлах түвшинд зөвхөн эмэгтэйчүүд бус нийгмийн олон бүлгийн төлөөлөл багтаж байж аливаа шийдвэр оновчтой, олон ургальч, нийгмийн бүх бүлгийг хамарч чаддагийг нотолсоор байна. 

Тиймээс улстөр дэх оролцоо нь бага байдаг эмэгтэйчүүдэд тусгай квот бий болгож шийдвэрлэх эрх мэдэл дэх тэдний хувийг нэмэгдүүлж иржээ. 

Эмэгтэйчүүдийг яагаад онцгойлон авч үзэх ёстой вэ. 

Монголд ч төдийгүй дэлхийн дийлэнх улс орон дахь хүн амын хүйсийн ялгаатай ойлголтоос асуудал эхэлж байна. 

Хамгийн энгийн жишээ нь, адилхан мэдлэг, боловсрол, чадвартай эмэгтэй болон эрэгтэй улстөрчдөд ирдэг хүлээлтийн ялгааг “Гайхмаа гайхахаа больсон нь” комикст дараах байдлаар тусгажээ. 

Хүснэгт, 

Өгөгдөл ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ
Байр суурин дээрээ баттай зогсдог бол Зарчимч залуу Зөрүүд хүүхэн
Шийдвэр гаргахдаа удаан бол Болгоомжтой, хашир Шийдэмгий биш, аймхай 
Ажлаа хийхийн хамт гэрийн ажил, хүүхдээ асардаг бол Маш ажилсаг нөхөр, Маш мундаг аав Байдаг л ээж, Жирийн л эхнэр
Мэдлэг боловсролтой бөгөөд санаагаа чөлөөтэй илэрхийлдэг бол Их мэдлэгтэй залуу Мэдэмхий хүүхэн
Амжилтанд хүрч, нэрд гарсан бол Чадварлаг, нөлөөтэй эр Сүйхээтэй хүүхэн, Хэний татаасных вэ?
Нийгэм улстөрийн амьдралд идэвхтэй оролцдог бол Мундаг, чадварлаг залуу Хэнхэг хүүхэн
Шаардлага тавьдаг, эрхээ хамгаалдаг бол Шулуун шударга залуу Хэрүүлч, илүү үгтэй хүүхэн
Өөртэй итгэлтэй бол Өөрийн үнэ цэнээ мэддэг залуу Биеэ тоосон хүүхэн
УИХ-д нэр дэвшвэл  УИХ-д байх ёстой хүн УИХ-д дэвшээд яахнав дээ

Дээрх хүснэгтэд өгүүлсэнээр эрэгтэй, эмэгтэй хүнийг үнэлэх, хэмжих ойлголтын ялгаатай байдлаас эхлээд л эмэгтэй улстөрчдөд ямар нэгэн саад тотгор ил, далд хэлбэрээр бий болдог байна. 

Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд нь нөхөн үржихүйн онцгой үүргийнхээ дагуу эрэгтэйчүүдээс мэдлэг, боловсрол, ажил алба, карьерын хувьд хоцрох магадлал хамаагүй илүү байдаг нь ямар нэгэн судалгаа хэрэггүй ойлгомжтой зүйл юм. Хамгийн энгийн жишээ гэхэд л яг ижил түвшинд ажлын гараагаа эхэлсэн эр, эм хоёр хүний эмэгтэй нь хүүхэд тээн, төрүүлэх гэсээр хамгийн багадаа нэгээс хоёр жилийг гэр бүлдээ зориулах шаардлагатай болдог. Харин зэрэгцээ ажилд орсон эрэгтэй нь тэр хугацаанд ажил албандаа илүү мэргэших, дадлагажиж, карьераа өсгөх боломж бүрдсээр байдаг. Тэгвэл эмэгтэйчүүд нэг л удаа төрөөд, нэг л хүүхэдтэй болоод зогсдог гэж үү.
 

Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд ойлголтын зөрүүгээс эхлээд, бие сэтгэл, боловсрол, албан тушаал, хууль, санхүү, хүрээлэл, ёс заншлаас эхлээд л эрчүүдээс хоцрох, муу үзэгдэх магадлалтай учраас ийнхүү хөгжингүй орнууд эмэгтэйчүүдийг дэмжсээр тодорхой квот тогтоож иржээ. 

Зөвхөн олон нийтийн хүлээлт, нөхөн үржихүйн онцгой үүргээс гадна эмэгтэйчүүдийн хувьд санхүүгийн хувьд эрчүүдээс хоцрогдмол байдал нь тэднийг улстөрд орох магадлалыг бууруулсаар байгааг судлаачид онцолдог. 

Монгол Улсын хувьд аливаа нэгэн хүйсийн оролцоог хангалттай хэмжээнд хангаж өгөхийн тулд УИХ дахь эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь гэж тогтоосон байснаа энэ жил 20 болгон буруулсан харамсалтай явдал болсон. Энэ нь ардчилсан Монгол Улсын хувьд томоохон ухралт болсныг зарим нэг улстөрч хэлж буй. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Ерөөсөө тэгш байдлын тухай яриад байгаа нь улс орны хөгжил, нийгмийн амьдралд эрчүүдтэйгээ хамт оролцъё. Аль нэг хүйс нь давамгайлах эсвэл дутагдах нь тогтвортой хөгжлийг бий болгодоггүй юм байна. Хамтдаа төрийн бодлогоо зөв тодорхойлъё, төсөв хөрөнгөө оновчтой хуваарилъя л гэж байгаа юм” гэж “Эмэгтэйчүүд” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байв. 

Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хүнд үйлдвэр, техник, технологийн эринд эрэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэж байсан. Харин одоо хүний хөгжлийн эрин үе ирсэн. Энэ үед хүнийг бүхий л талаар хөгжүүлэх, хамгаалах бодлого байх ёстой. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдралын туршлага, байгалиас өгөгдсөн чадвар ялгаатай тул бодлогын тэргүүлэх чиглэл нь мөн өөр байдаг. Тийм учраас эрчүүд уул уурхай, төмөр зам, санхүү эдийн засгийн асуудлыг нэн тэргүүнд тавьдаг бол эмэгтэйчүүд гэр бүл, хүүхэд, эрүүл мэнд, боловсрол, байгаль хамгаалал зэрэг асуудалд түлхүү анхаарал хандуулж, бодлого боловсруулах эрмэлзэлтэй байдаг нь судалгаагаар харагдсан байна билээ.

Тиймээс эмэгтэйчүүд улстөрд олуулаа байх нь гэр бүл, хүүхдэд ээлтэй, иргэдэд чиглэсэн чухал бодлогуудыг боловсруулж, шинэчлэл хийж чадна" гэжээ.  

Гэхдээ сонгогч бидний хамгийн чухал ойлгох зүйл бол хүүхэд, гэр бүл, нийгмийн халамж, эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдэд оногдсон асуудал биш юм. 

Энэ нь эр ч бай эм ч бай бүх хүйсийн хувьд хамааралтай, утга учиртай асуудлууд. 

Гагцхүү шийдвэр гаргах түвшинд нийгмийн олон бүлгийн төлөөлөл, хүйсийн оновчтой харьцаа нь шийдвэр төгс, иргэдийн амьдралд ээлтэй гарах нөхцлийг бүрдүүлдэг. Уул уурхай, хүнд үйлдвэр, цэрэг, цагдаа, санхүү гэх эрэгтэйчүүдэд оногддог асуудлуудад ч  эмэгтэйчүүд зөв шийдвэр гаргахад оролцох шаардлага байсаар байна. 

Тухайлбал, Монгол Улсын хувьд жил бүрийн ТӨСВИЙГ батлахад өнгөрсөн хугацаанд дийлэнх олонх эрчүүд баталсаар ирсэн нь нийгмийн олон бүлгийн төсөв хаягдах, зарим нэг нь хангалтгүй батлагдаж иржээ. 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Эрчүүд зам тавих ажлыг маш сайн хийж байгаа ч тэр замын хажуугаар нь тавигдах явган хүний замаа өргөн гоё хийхээ мартчихдаг. Тэр явган хүний зам дээр нь ээжүүд хүүхдээ түрээд явна гэдгийг мартчихдаг” гэж шийдвэр гаргалт зөвхөн нэг талын төлөөлөлтэй байвал хэрхэн гарч байгааг ойлгомжтой тайлбарласан байдаг.  

“Эрчүүд зам тавих ажлыг маш сайн хийж байгаа ч тэр замын хажуугаар нь тавигдах явган хүний замаа өргөн гоё хийхээ мартчихдаг" Ц.Оюунгэрэл

Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буюу УИХ-ын хувьд түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүнтэй байсан парламент нийгэмд ямар өөрчлөлт авчирсан бэ?

Тэд УИХ-ын ердөө 15 хувийг бүрдүүлж байгаа ч олон чухал хууль, тогтоолыг санаачилж, батлалцжээ. 

Манай улсад сургуулийн өмнөх насны 240 мянган хүүхэд бий. Тэдний 20 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Үүнээс болж эрүүл, аюулгүй орчинд өсч торних тэдний эрх зөрчигдсөөр ирсэн. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гэхэд эдгээр 50 мянган хүүхдэд ач холбогдолтой юм. Мөн Тамхины хяналтын тухай хууль гэхэд хамгийн наад зах нь дотор орчинд тамхи таталт байхгүй болж дам тамхидалтын хор уршиг багасч нийгмийн эрүүл мэндэд томоохон эерэг өөрчлөлтийг авчирсан. Гэх мэтчилэн тэдний нийгэм, эдийн засагт өөрчлөлт авчирсан хууль олон. 

УИХ-ын 11 эмэгтэй гишүүний санаачилж, батлалцсан хуулиудыг харцгаая

/Хүн тус бүрийн онцлох хуулиудыг түүж ялгасан гэдгийг анхаарна уу/

 

 

Л.Эрдэнэчимэг

  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулсан.
  • Согтууруулах ундааны хяналтын тухай хууль
  • Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсан.
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулсан.
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн таван намын ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
  • Хивэгний экспортыг зохицуулах тухай хуулийн төслийг батлуулсан.
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
  • Зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. /Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах тухай УИХ- ын тогтоол/
  • Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна.

 

 

Д.Арвин

  • Хамтын тэтгэврийн тухай хууль
  • Соёлын өвийг хамгаалах тухай хууль
  • Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус барьцааны тухай хууль
  • Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хуулийн Ажлын хэсэг

 

 

 

М.Батчимэг

  • Монгол хэлний тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль
  • Төрийн албаны тухайн хууль, Монгол Улсын гадаад харилцааны тухай, хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоол

 

 

 

Р.Бурмаа

  • Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай
  • Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • Органик хуулийн төсөл
  • Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл
  • Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл
  • Тариалангийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга

 

 

 

З.Баянсэлэнгэ

  • Галт зэвсгийн тухай хууль,
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль,
  • Өршөөлийн тухай хууль
  • Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
  • Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,
  • Засгийн газрын тухай хууль,
  • Хог хаягдлын тухай хууль

 

 

 

С.Оюун

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, дагалдах бусад хуулийн хамт
  • Ногоон хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоол
  • Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулийн төсөл
  • Органик хүнсний тухай хууль
  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 
  • Мөнгөн урамшууллын хэмжээг тогтоох тухай УИХ-ын Тогтоол
  • Гаалийн тариф , гаалийн татварын тухай хууль,
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх тухай/
  • 2012-2014 онд байгаль хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутаг, ой, усны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг хэрэгжүүлж, байгаль орчны хамгааллын эрх зүйн орчныг шинэчлэв. 

 

 

 

Д.Оюунхорол

  • Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай
  • Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
  • Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай хуулийн төсөл
  • “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, 
  • “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, 
  • “Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслүүд
  • Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Хөрсний бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр
  • Төрөөс ойн талаар баримтлах бодлого
  • Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Ойг хамгаалах, тарьц, суулгац ургуулах ажлыг урамшуулах журам
  • “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын ХХААБОБХ-ны тогтоол
  • Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хог хаягдал ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг төрөөс урамшуулах журам
  • Аюултай хог хаягдлын жагсаалт
  • “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг” тогтоох журам
  • Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцоолох аргачлал

 

 

 

С.Одонтуяа

  • Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төсөл
  • Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Төрийн өмчийн тухай хуулийн төсөл
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

 

 

 

Ц.Оюунгэрэл

  • Номын сангийн тухай хууль
  • Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
  • Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль
  • Монгол бахархлын тухай шийдвэрүүдийн төслийг бэлтгэж Засгийн газраар батлуулав.
  • Зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. /Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах тухай УИХ-ын тогтоол/ 

 

 

 

Д.Сарангэрэл

  • Төрөөс эмийн талаар баримтлах бодлого
  • Төрөөс шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлого
  • Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
  • Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль
  • Хэвлэлийн эрх чөлөөт байдлыг хангах чиглэлээр арав гаруй хуульд заалт оруулж УИХ-аар батлуулсан
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль
  • Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай
  • Номын сангийн тухай хууль
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль

 

 

 

Г.Уянга

  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай
  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль
  • Ард нийтийн санал асуулга явуулах тухай
  • Улсын их хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль
  • Олон нийтийн радио телевизийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ “СОНГОХГҮЙ”

 

 

Н.Удвал бол Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй хүн юм. 

Улстөр, шийдвэр гаргах түвшинд яагаад хүйсийн зохистой харьцаа тэр дундаа ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ ВЭ.

Дээр дурдсан хуулиуд та бид, бидний үр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрахад тодорхой өөрчлөлтийг эхнээсээ авчирсан. Цаашдаа ч үр дүнгээ өгөхөөр хүлээгдэж байна. Хэрвээ  11 эмэгтэй гишүүн УИХ-д сонгогдоогүй байсан бол эдгээр хууль гарч ирэхгүй ч байх магадалтай байжээ. 

Одоо та “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ СОНГОХГҮЙ” гэж хэлэхгүй биз. 

2008 оны УИХ-ын сонгуульд 356 нэр дэвшигчийн 66 нь эмэгтэй байж гурав нь УИХ-д сонгогдсон бол 2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй байж, үүнээс 11 нь УИХ-ын гишүүнээр сонгогджээ.  

Эмэгтэй нэр дэвшигчдийн тоо нэмэгдэх нь тэднийг сонгох магадлал нэмэгдэж буйг 2008, 2012 оны сонгуулийн нэр дэвшигчдийн харьцаа түүний үр дүнгээс харж болохоор байгаа юм. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд нар зэрэгт эмэгтэй улстөрч яригдах, сонгогдох, нэр дэвших хувь их байх тусам нийт хүмүүсийн жендерийн ялгаварлан гадуурхах үзлийг бага багаар өөрчлөхөд тустай байна. 

Тиймээс ч Н.Удвалын эр зориг нь Монголын жендерийн хувьд түүхэнд үлдэх алхам болсон бөгөөд энэ нь цаашдаа ч олон эмэгтэйд урам хайрласан үйл явдал байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. 

Тэгэхээр нэр дэвшигчид олон байх тусам тухайн хүйсийн төлөөллийг сонгох магадлал нэмэгдэж байна. Ийм ч учраас КВОТ ийм чухал.

Хоёрдугаарт,  УИХ-д хамгийн олон суудалтай хоёр намын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид энэхүү 20 хувийн квотод дөнгөн данган хүрч байгааг харж болно. Энэ нь эмэгтэйчүүдийг хавчин боохоос илүү лидер эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь идэвх сул байгаа хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй юм. Хиллари Клинтоны номонд дурдагдсанаар  эмэгтэйчүүд өөрийн хүслээр аниргүй байна. 

Тиймээс ч бид улстөрд зориглон орж ирж, эмэгтэй гэж хүйсийнхээ хувьд хайр найргүй "хэрчүүлж", доромжлуулж байгаа цөөхөн эмэгтэйчүүдийгээ сонгох, дэмжих замаар энэ аниргүй байдлыг арилгаж болох юм. 

 

ӨГҮҮЛЛИЙГ Ч.БОЛОРТУЯА @BOLORT 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.