- Өдрийн сурвалжлага -
Сэлбийн гүүр орчмыг тохижуулах ажил 2011 оноос эхэлж, 2014 оны наймдугаар сард 350 метр газрын тохижилтын ажил дууссан билээ.
Төслийн гүйцэтгэгчээр “Норбу” ХХК ажилласан бөгөөд Нийслэлчүүдийн амарч тухлах газар нэгээр нэмэгдлээ хэмээн хэн хүнгүй ам сайтай байсан.
Гэтэл энэ хавраас эхлэн далан лаг шавраар дүүрч, урсгал нь тасалдахад хүрээд байна. Лаг шавраар дүүрсэн даланг цэвэрлэх ажлыг Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэлийн зүүн салбарын ажилтнууд бүтэн сар хийж, 1,700 тонн лаг шавар гаргаад байгаа ажээ.
Даланг яаж цэвэрлэх технологийг боловсруулаагүй учраас цэвэрлэхэд маш түвэгтэй байна.
Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэлийн далан сувгийн ажилтан Д.Гөлөгдэмбэрэл "Энэ инженерийн байгууламжийг хийхдээ машин орж, гарах зам хийгээгүй, яаж цэвэрлэх технологийг боловсруулаагүй учраас цэвэрлэхэд маш түвэгтэй байна.
Гүйцэтгэгч "Норбу" гэх компани гэрээнийхээ хугацаанд лагаа цэвэрлээгүй хаяад явсан.
Ингээд хуримтлагдсан лагийг цэвэрлэх ажил манайд оногдож, 12 хүний бүрэлдэхүүнтэй бригад гарган ажиллаж байна. Цэвэрлэгээний ажилд Нийслэлээс 60 сая төгрөг төсөвлөсөн. Тэр хөрөнгө нь одоо дуусч байна.
15 метр өргөнтэй 220 орчим метр урт талбайд тунаж тогтсон лагийн 30 гаруй хувийг буюу 1,700 тонныг гаргаад байгаа. Дахиад 3-4 мянган тонн лаг гарах байх. Саяхан нэг лагийн насостой болсон. Туршиж үзэх гээд бэлтгээд л байж байна" гэлээ.
Сэлбийн гүүр орчмын 350 метр газар тохижуулах төслийн нийт өртөг хоёр тэрбум орчим төгрөг бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!