Хотын захиргааны шинэ цогцолборыг “Глобал Бридж олон улсын консерциум” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, барилгын ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.
Нийслэлээс “Хотын захиргааны шинэ төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын сонгон шалгаруулалтыг зарлаж, таван компани материалаа ирүүлснээс БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Халла Гонсол” ХХК шалгарсан.
Ингээд Нийслэлийн Засаг даргын захирамжаар захиалагчийг төлөөлж төсөл хэрэгжүүлэгч “Халла Гонсол” ХХК-тай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулах гэрээний төслийг боловсруулж гарын үсэг зурахад бэлэн болсон боловч манай улсын болон дэлхийн эдийн засгийн байдлаас хамааран төсөл хэрэгжүүлэгч “Халла Гонсол” ХХК гэрээ байгуулах, барилга угсралтын ажил эхлүүлэх боломжгүй байгаагаа илэрхийлсэн тул төслийн ажил түр хугацаанд зогсжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хувьд уг төслийг "Халла Гонсол" ХХК-ийн боловсруулж батлуулсан зураг төсөл, эрх бүхий байгууллагуудаас өгөгдсөн техникийн нөхцлийн дагуу барих нь цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой гэж үзэж байгааг харгалзан НИТХ-аас уг ажлыг концессоор хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм.
Энэ шийдвэрийн дагуу “Хотын захиргааны шинэ төв” төслийн батлагдсан зураг төслийн зохиогчийн эрхийг хамтран өмчлөгч болох “Глобал бридж консерциум” /Глобал ток ХХК/-тай шууд гэрээ байгуулах аргаар концессын гэрээгээр гүйцэтгэхээр болсон байна.
Хотын захиргааны шинэ цогцолбор нь газрын түвшнээс доош нэг давхар, газрын түвшнээс дээш НЗДТГ болон хэрэгжүүлэгч агентлагууд байрлах 20 давхар /А блок/, иргэдэд үйлчлэх төвийн хоёр давхар /Б блок/, НИТХ, түүний Ажлын албаны зургаан давхар /В блок/ болон спорт залны барилга баригдахаар төлөвлөсөн.
Зоорийн давхарт 112, барилгын гадна талбайд 366 машины зогсоолтой байна.
Төсөл хэрэгжүүлэгч барилгын угсралтын ажлыг гадна тохижилтын хамт өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх бөгөөд захиалагч түлхүүр гардаж авснаас хойш гурван жилийн хугацаанд төлж барагдуулах журмаар уг төслийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх аж. Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжиж 2019 онд хотын захиргаа шинэ байрандаа орох нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!