НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санаачлагаар 2001 оноос жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн сүүний өдөр болгон зарлаж, тэмдэглэсээр ирсэн. Харин Монгол Улсад анх удаагаа энэ өдрийг “Чингисийн талбай”-д тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийг дэлхий нийтээр 16 дахь жилдээ тэмдэглэж байгаа бол манай улс анх удаагаа “Эх орны сүү, эрүүл хүнс, амьдралын баталгаа” уриан дор тэмдэглэж байна.
Өнөөдрийн арга хэмжээг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ “Монгол Улсын Хүнсний тухай хуулиар сүүг стратегийн хүнсний ангилалд оруулснаар хуурай сүүний импортод хязгаарлалт хийх, сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож болох эрх зүйн орчин бүрдсэн.
Мөн Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 2012-2015 оны хооронд сүү үйлдвэрлэгч, боловсруулагч нийт 47 аж ахуйн нэгжид 38.4 тэрбум төгрөг, “Сүүний чиглэлийн үхрийн цогцолбор аж ахуйг шинээр байгуулах, өргөжүүлэх”-д зориулж 74 аж ахуйн нэгжид 1.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгож, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Цаашид сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, мөн “Сурагчийн үдийн цай” хөтөлбөрийн бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг сүү сүүн бүтээгдэхүүн болгох, техникийн шаардлага хангасан сүүг үйлдвэр цехэд нийлүүлж байгаа малчин, фермерт урамшуулал олгох гэх мэт тодорхой ажлуудыг зохион байгуулах бодлого баримталж байна” хэмээсэн юм.
Мөн өдөрлөгт оролцогчдын шүд болон биен дэх кальцийн хэмжээг тогтоох, ясны сийрэгжилтийг оношлох зэрэг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөг өгсөн юм.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!