Монголын төрийг төлөөлөн 771.5 сая ам.долларын гэрээнд 1983 онд төрсөн, өдгөө 33 настай залуу гарын үсэг зурсан байх юм.
Улмаар монголчууд бид түүнд хулхидуулан харь оронд гаргаж алдаад араас нь эрэл сурал болсоор олон сарын нүүрийг үзэж байна. Мэдээж хэн гэдэг сүйхээтэй эрийн талаар хэлэх гээд байгааг уншигчид төдийгүй түүний хамтрагчид биднээр хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх.
Тэгвэл энэ залуу бидний сайн мэдэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ юм. Өдгөө түүнийг манай улсын хууль хяналтынхан эрж хайж байгаа ч төдийлөн амжилт олохгүй байгаа нь хачирхалтай. Уг нь Монголын төрийн түүхэнд хамгийн их үнийн дүнтэй гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтэд гарын үсэг зурсан байдаг юм билээ. Тэгвэл сайд асны дараа бидний дээр нэр дурдсан 33 настай залуу өндөр үнийн дүнтэй гэрээнд Монгол Улсыг төлөөлөн гарын үсэг зурсан баримтууд олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байна. УИХ-ын гишүүн, сайд асан Н.Батбаяр гаднаас их хэмжээний мөнгө татсан бол П.Бат-Эрдэнэ зарцуулсан гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн П.Бат-Эрдэнийг энэ их мөнгөн дүнтэй гэрээнд гарын үсэг зуруулахын тулд Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын суудлаас дуулиантай халсан уу гэдэг асуудал урган гарч байна.
Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүд 1983 онд төрсөн шавилхан залууг энэ албанд тохоон томилсон нь хардлага дагуулж байна гэсэн үг. Ямартай ч П.Бат-Эрдэнэ "МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан арваннэгэн сарын хугацаанд долоон гэрээнд гарын үсэг зурж мөнгө зарцуулсан байдаг. Товчхондоо бол долоон гэрээний нийт мөнгөн дүн 771.5 сая ам.доллар болж буй юм.
Бүр цааш нь ухаад үзвэл, “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт, Шинэ төмөр зам төслийн хүрээнд хийгдсэн мега төслийн санхүүжилтэд тухайн үед 30 настай залууг ашиглан гарын үсэг зуруулж байсны цаана юу нуугдаж байгаа бол гэх хардлагыг төрүүлж байна. Хэдийгээр өдгөө П.Бат-Эрдэнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа ч тэрбээр өөрийгөө яг ямар хэрэгт холбогдсон тухайгаа төдийлөн сайн мэдэхгүй гэх юм билээ. Ингээд олон үг нуршилгүйгээр П.Бат-Эрдэнэ Монголын төрийг төлөөлж ямар, ямар гэрээнд гарын үсэг зурж байсан бэ гэдгийг баримтаар дэлгэе.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дугаар тогтоолоор “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг зогсоосон юм. Тухайн концессын гэрээнд 267 км урттай төмөр замыг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр бариад 19 жилийн дараа 51 хувийг нь төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх заалттай байсан.
Тодруулбал, “Энержи ресурс” ХХК “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барьж эхлэх үед “Самсунг Си энд Ти” компани болон түүний охин компани болох “SCTECM” ХХК-тай төмөр зам бариулах ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг хийгээгүй харин албан захидлаар “эцэслэн тохирсон” байдаг тухай бид олонтаа онцолж байсан . Өөрөөр хэлбэл, “эцэслэн тохирсон” гэдгийг “гэрээ байгуулсан” мэтээр олон нийтэд танилцуулж Засгийн газрыг хуурч мэхэлсэн үйлдэлд хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой тухай ч хэвлэлүүд тухайн үед онцолж байсан.
Угтаа бол “МТЗ” ТӨХК сонгон шалгаруулалтгүйгээр тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани, түүний охин компани болох “SCTECM” ХХК-ийг ажиллуулсан гэдгийг баримт бичгийг үндэслэн олон талаар нотолж байна. Тэгэхээр одоо үүсээд буй асуудалд дүгнэлт хийвэл салбар удирдаж байсан хүмүүсийн энэ шийдвэр зөв, эсвэл буруу байсныг хялбар ялгаж болохоор байгаа юм.
“SCTECM” ХХК-ийг 2012 оны арванхоёрдугаар сард 139.000 /Нэг зуун гучин есөн мянга/ ам.долларын дүрмийн сантайгаар, менежментийн зөвлөгөө өгөх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулж гүйцэтгэх захирлаар нь БНСУ-ын иргэн Ли Жёон Ёл ажиллажээ. Мөн оны аравдугаар сарын 1-нд “Самсунг Си энд Ти” Корпорацийн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал ноён Жунг Ён Жуу “Самсунг Си энд Ти” компанийг төлөөлж “Энержи ресурс” ХХК-тай гэрээ хэлэлцээр хийх долоон үүргийг хүлээлгэн Ли Жёон Ёлыг төлөөний хүнээр томилон итгэмжлэл олгосон байна. Түүнчлэн Ли Жёон Ёлын өөрт нь олгосон долоон үүрэгт итгэмжлэлд түүнийг зөвхөн төмөр замын төсөл дээр “Энержи ресурс” ХХК-тай гэрээ хэлэлцээр хийх эрхийг өгсөн. Харин шинэ нисэх онгоцны буудал барих итгэмжлэл бусдад өгөх, төмөр замын төслийг гүйцэтгэх ажилд “МТЗ” ТӨХК-тай гэрээ үзэглэх эрхгүй юм.
Хамгийн аюултай нь Монгол Улсад хэрэгжиж байгаа энэхүү хоёр мега төслийн ажлын ерөнхий туслан гүйцэтгэгч “SCTECM” ХХК төмөр зам, нисэх буудал, барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй ажээ. Компанийн тухай хуулиар ажил үүрэгтээ хангалтгүй ажилласан аж ахуйн нэгжийн хариуцлага компанийн дүрмийн сангийн хэмжээгээр тогтоогддог.
13 компани одоо хийгдсэн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн атал тэдэнд өгөх 59 сая ам.долларыг “SCTECM” ХХК өгчээ.
Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад ажилласан Ли Жёон Ёлын итгэмжлэлд туссан долоон үүрэгт бүгд эрхтэй гэсэн боловч Санхүүгийн холбогдолтой мөн компанийн өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй гэж байгаа явдал нь “SCTECM” ХХК санхүүгийн нөхөн төлбөрт унавал “Самсунг Си энд Ти” компани хариуцлага хүлээхгүй гэдгийг баталж байна. Иймд дүрмийн сан нь 139.000 ам.долларын компанитай байгуулсан Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй ижил түвшний хоёр том мега төслийн хариуцлагыг хэрхэн тооцох вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирж байна.
Өнөөдөр бидэнд байгаа баримтаар Ли Жёон Ёл төмөр замын төсөл дээр туслан гүйцэтгэгч 13 компанийг говь руу нүүлгэн шилжүүлсэн хэмээн “МТЗ” ТӨХК-иас 14.8 сая ам.доллар авсан байдаг. Гэтэл санхүүгийн бичиг баримтаас үзэхэд гурван компанид хоёр сая ам.доллар өгч есөн сая ам.доллар “завшсан” гэх асуудал дэгдэж буй юм. Энэ бол “Самсунг Си энд Ти” компани олон улсын гэрээ хэлэлцээрт баримталдаг бизнесийн наад захын соёлгүй хуулийн этгээд гэдгийг харуулж байгаа юм. Үүнийг “гэрээний залилан” гэж олон улсад дүгнэдэг. Өнөөдрийн байдлаар туслан гүйцэтгэгч 13 компани одоо хийгдсэн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн атал тэдэнд 59 сая ам.долларыг “SCTECM” ХХК өгчээ.
Гэтэл “МТЗ” ТӨХК тус компанид 199.7 сая ам.долларыг бүрэн шилжүүлж өгснийг Хөгжлийн банкны санхүүжилт баталж байна. ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 140.7 сая ам.доллар чухам юунд зарцуулагдсаныг олж тогтоохоор ажиллаж буйг улс төржүүлэхгүй байхыг уриалах цаг ирж байна гэдгийг хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдэд хэлэх байна.
Ямартай ч бид дараагийн дугаартаа Ли Жёон Ёл “SCTECM” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа БНСУ-ын иргэн Сынг Юнг Ха-д олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих итгэмжлэл олгосон ноцтой баримтыг мэдээлэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!