23 настай Баяраа гурав дахь удаагаа сонгууль /2012, 2013, 2016/ өгөх гэж байгаа ч хэнд саналаа өгөхөө хараахан мэдэхгүй байна. Тэр “Магадгүй сонгууль өгөхөөр очихдоо л хэнд өгөхөө шийдэх байх” гэж хариулсан юм.
Санал өгөх “алтан” мөчид хэний нэрийг дугуйлах вэ гэдэг тохиолдлын хэрэг биш билээ. Үүнийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл, иргэдийн санаа бодол, олон нийтийн харилцааны талаар судалдаг PR хэмээх урлаг бий.
Таны санал ганцхан таны санал байдаг уу. Эсвэл таны саналд “хэн нэгэн” нөлөөлдөг үү?
Магадгүй та Баяраа шиг санал өгөх байранд очсон хойноо гэнэтийн шийдвэр гаргадаг бол энэ чинь гэнэтийн шийдвэр биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг тайлбарлахын тулд сүүлд өргөжин хөгжсөн PR хэмээх ойлголтын тухай авч үзье.
Анзаарвал сонгуулийн дуу ойртож фэйсбүүк sponsored пост, телевизийн сувгууд төлбөртэй нэвтрүүлэг, сонин, сайтын хуудсууд сурталчилгааны материалаар дүүрчээ. Арга ч үгүй юм. Сонгуулийн үр дүнд PR /Public Relations/ буюу Олон нийтийн харилцаа хэмээх ойлголт хүчтэй нөлөөлдөг, энэ нь өөрөө бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжиж чадсан цаг үед бид сонгож, сонгогдож байна.
Монголчуудын PR-ыг “хар” хэмээх үгээр төсөөлдөг. Өөрөөр хэлбэл нийгмийн шинжлэх ухааны цэл залуухан салбарыг Монголчууд ердөө “Хар пиар”, “Хар пиарчин” зэргээр төсөөлж, ярьж, бичиж байна. Гэтэл PR нь үнэндээ нийгмийн оюун санааг сайн сайхан руу ч, муу муухай руу ч хөтөлж чадах тэрхүү онол, арга технологи байдаг.
Харин МУИС-ийн доктор М.Зулькафиль “PR буюу олон нийтийн харилцааг хүмүүс болон байгууллага, бүлгүүдийн хооронд мэдээлэл солилцох замаар харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох, сайн харилцаа тогтоох үйл ажиллагааны хэлбэр гэж ойлгож болно” хэмээжээ.
Өөр нэгэн сонирхолтой тодорхойлолт бол PR-ийн мэргэжилтэн М.Буянбадрахынх байлаа. Тэрбээр “PR бол нийгмийн харилцаанд оролцож байгаа талуудын тос маслог тохируулж, харилцааг нь зохицуулан нийгмийн харилцааг эрүүлжүүлдэг буяны шахуу ажил” гэсэн байна. Дээрхээс үзэхэд PR гэдэг массын ойлгодог шиг хар буруу, муу муухай зүйл биш ажээ.
,,,
Одоо бүгдээрээ ерөнхий PR-ын тухай биш зөвхөн УЛС ТӨРИЙН PR-ыг тодруулан харцгаая.
Монголд улс төрийн PR өргөн утгаараа хэрэгжсэн он цагийг 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл эдгээр сонгууль хоёр намын PR-ын өрсөлдөөн байсан юм.
Учир нь тухайн үед иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүүтэйгээр олон нийтийн сүлжээ ашиглан мэдээлэл авдаг болсон тул нийгмийн оюун санаанд нөлөөлөх, “тархи угаах” оролдлого хаа сайгүй ихсэх болов.
2012 оны УИХ-д Ардчилсан нам олонх болсон. Энэ үед АН сөрөг хүчин байв. Харин эрх барьж буй ууган нам сонгуулийн өмнө хоёр хуваагдсан үйл явдал байдлыг эргүүлэх хөшүүргийн нэг байлаа.
Сонгууль болохын өмнөх нөхцөл байдлыг авч үзвэл Н.Энхбаяр гэх лидер намынхаа хуучин нэрийг салган “одсоноор” намдаа үнэнч иргэдийн сэтгэл зүйг талласан юм. Үүн дээр нэмэгдээд 2012 оны дөрөвдүгээр сарын 13-н буюу сонгууль болохоос хэдхэн сарын өмнө түүнийг баривчилсан нь ард түмэн эрх барьж буй намд итгэх итгэлээ алдахад хүргэсэн үйл явдал байлаа.
Та мартаагүй бол Н.Энхбаярыг баривчлах үеийн бичлэг, зураг олон нийтийн сүлжээгээр хамгийн их тархсан билээ. Мөн долоодугаар сарын 1-ний үйл явдал, Оюу толгойн гэрээ, Ардчилсан нам хамтарсан засгаас гарсан зэрэг шийдвэрүүд зэрэгт МАН буруутай болж хувирав. Тухайн үед эдгээр үйл явдалд МАН-ыг буруутгах постер, коммент, бичлэг хаа сайгүй үзэгдэж эхэлсэн.
МАН ийнхүү хөнжил дотроо “тийчигнэж” байхад АН харин “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье”, “Олуулаа” гэх зэрэг уриа лоозонгоо сурталчилж, жүжигчин Амараа “Намайг Амараа гэдэг” хэмээх сэтгэл хөдлөм бичлэгээ цацаж, сонгуулийн өмнөх судалгаанууд ч АН ялахыг “зөгнөж” байсан цаг үе.
Өнгөрсөн сонгуулийн өмнөх олон нийтийн сэтгэл зүй эрх баригч намд итгэл алдарч үүн дээр АН сайн тоглолт хийж чадсан юм. Энэ талаар судлаач Г.Лхагвадоржийн “PR ажиллагаа ингэж нийгмийн сэтгэлзүй санаа бодолд тулгуурлаж байж үр дүнгээ өгдөг. УИХ-ын 2012 оны сонгуулийн PR нь ийм байж чадсан” гэжээ. Үүнийг сонгуулийн үр дүн батална.
Монголын PR-ын алтан хуудас гэж байдаг бол түүн дээр тодоор бичигдэх хүн Ц.Элбэгдорж юм. Тэрбээр хамгийн сүүлийн үеийн PR-ын арга технологийг ашигладаг нэгэн.
Ноён Ерөнхийлөгч ямартай ч сүүлийн хоёр жилийн шинэ жилээр ард түмэндээ бэлэг барьж сайн жүжигчин, дуучин, төгөлдөр хуурч, үсчин гэдгээ харуулаад авсан билээ.
Улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, санал бодлоо илэрхийлэх дуртай зарим хүмүүс ноён ерөнхийлөгчийн сонгуулийн PR-ыг АНУ-ынхтай жишиж үздэг юм.
Тухайлбал шинэ жилээр үсчний дүрд тоглож видео цацсан нь АНУ-ын ТНБД асан хатагтай Клинтоны видеоноос санаа авсан болохыг мэдээлэлд ойр байдаг хүмүүс дор нь мэдчихсэн.
Мөн 2008 онд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама “Change” уриатайгаар ялалт байгуулахад нэр дэвшигч Ц.Элбэгдорж дараа жил нь “Өөрчилье” хэмээн гарч ирсэн.
Ц.Элбэгдорж энэ удаа сөрөг хүчний талаас дэвшсэн учир өөрчлөлт шинэчлэлт хүссэн довтлох тактик барьж ажилласан байдаг. Ингээд тэрбээр ялалт байгуулж Н.Энхбаярын ширээндээ суух хугацааг дөрвөн жилээр богиносгосон билээ.
Харин дөрвөн жилийн дараа ноён Обама “Forward” буюу “Урагшаа” хэмээх уриа дэвшүүлж ахиад дөрвөн жил ажиллаж, дуусгаагүй бүхнээ дуусгана гэсэн бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Илүү эрчээр илүү хөгжил рүү”, “Монгол улсын төлөө Зүтгэе” зэрэг уриа дэвшүүлэн сонгуульдаа оролцсон билээ.
Тэрбээр энэ удаад “Ахиад дөрвөн жил ажиллах боломжтой” гэдгээ харуулж чадсан. Энэ талаар судлаач Ц.Батгэрэл “2013 онд Ц.Элбэгдоржийг хамгаалах байр суурь баримталсныг түүний мөрийн хөтөлбөр, түүний дэвшүүлэн уриа үг, мессеж зэргээс харж болно” хэмээн дүгнэсэн байдаг.
Дээр дурдсан жишээ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн үеэр хийсэн PR ажиллагааны тухай юм. Тэрбээр өнгөрсөн долоон жил Ерөнхийлөгчийн ширээнд суухдаа олон нийтийн сүлжээгээр маш амжилттай ажиллаж, залуусыг өөртөө татсан. Гэхдээ үүнийг дагаад сөрөг хүчнээс түүний эсрэг “хар пиар” ажиллагаа ч маш олон удаа хийгдсэн юм.
Баяраа хэнд саналаа өгөх нь одоо ч тодорхойгүй байна. Гэхдээ сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг харвал 2012 онд МАН-ын суусан суудал дээр АН одоо сууж байна. Тэд эрх баригчид.
Эрх баригчид маань өнгөрсөн хугацаанд засагаа унагаж, өөрсдөө ч учраа олохоо байсан олон фракц дундаа төөрцгөөж, төмөр замын мөнгө идэж ууснаа гайхацгааж байна. “Таван толгой” төсөл гацаасан, Эрүүл Мэндийн салбарыг сайдгүй найман сар зүтгүүлсэн, улс орныг Бондын өрөнд оруулсан гээд сөрөг хүчин нь АН-ыг “гөвөх” хангалттай олон шалтгаан байна.
Үүн дээр нэмэгдээд дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн уналт, эдийн засгийн өсөлт саарсан явдал зэрэг нь иргэдийн сэтгэлд байсан галыг үлээгээд унтраачих шиг боллоо. Жүжигчин Амараа ч “Би юу хийчихэв ээ” хэмээн харуусав.
Нөгөө талаас МАН сайн сөрөг хүчин байсан уу гэвэл эргэлзээтэй. Учир нь МАН өөрт ашигтай зүйлс дээр АН-тай нийлж хөдөлдөг болохыг Сонгуулийн хуулинд гар дүрсэн явдал харууллаа.
Судлаачдын хэлснээр Баяраа шиг сонгогчдыг "хөвөгч" гэдэг. Хөвөгч сонгогчдыг Ц.Батгэрэл судалгааны ажилдаа дараах байдлаар тодорхойлжээ.
Тэрбээр "Хамгийн энгийнээр ойлгоход хөвөгч сонгогч гэдэг нь аль нэг намд харьяалагдаггүй бие даасан сонгогчдын бүлэг юм. Гол онцлог нь улс төрийн хатуу итгэл үнэмшилгүй, ямар нэг байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй, хамаарал багатай байдаг. Монголын улс төрийн орчинд хоёр гол намын рейтинг нийлээд 50 хувь ч хүрэхгүй байгаа хүнд нөхцөлд нэр дэвшигчид хөвөгч хэсгээс гол ялалтын хувиа цуглуулдаг" хэмээсэн байна.
2015 онд Сант марал төвийн хийсэн судалгаанаас харахад нийт сонгогчдын 61.3 хувь нь "Аль нэг намыг онцолж үздэггүй" буюу хөвөгч сонгогч гэдгээ батлан харуулжээ.
Энэ тоо жилийн дараа тийм ч их хөдөлгөөнд ороогүй гэж үзвэл сонгогчид "хэнийг ч" сонгоход бэлэн байна.
Онолоор бол PR нийгмийн сэтгэл зүй дээр үндэслэн хийгдвэл илүү үр өгөөжтэй байдаг. Нэгэнт нийгмийн сэтгэл зүй ийм үед энэ жилийн сонгуулийн PR хэрхэн явагдах нь хамгийн сонин байна.
Гэрэл зургийг MPA.mn
Өгүүллийг @byambasuren_b
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!