Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-д эх нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжийн асуудлыг хариуцсан Жикс /JICS/ болон тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагын төлөөлөгчид, ЭХЭМҮТ амаржих газруудын төлөөлөл оролцлоо.
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Эх нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй болсноор тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд Монгол Улсын ард иргэд болон салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье” гэсэн юм.
ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр "Манай хамт олон Тогтвортой хөгжлийн үндэс суурийг баттай тавьж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлцгээе” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Шинэ техник технологийг үр дүнтэй ашиглаж, эх хүүхдийн эндэгдлийг бууруулж төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллах болно." хэмээн хэлж байлаа.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж буй боловч шаардлагатай томоохон хөрөнгө оруулалтыг нэг дор шийдвэрлэх боломжгүй юм. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна олон орны буцалтгүй тусламж болон хөнгөлттэй зээлийн хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхи дээшилсээр байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн онд ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудын эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх төслийн хүрээнд 28 нэр төрлийн 279 ширхэг 11.8 тэрбум төгрөгийн эх нярайн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!