Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунаа: ЭЗТХ-ийн ашиг шимийг БИЗНЕСИЙНХЭН хүртэнэ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр /ЕРА/-г хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд 2016 оны тавдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ноот бичиг солилцсон билээ.

Ноот бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу зургаадугаар сарын 7-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм. Хэлэлцээр хүчин төгөлдөр болохыг угтан ГХЯ-наас өнөөдөр бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд МҮХАҮТ болон японд бүтээгдэхүүнээ экспортлогч холбоо, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгчид оролцов. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар уулзалтыг нээж үг хэллээ.

Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5,700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх ажээ. Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах зээлд Монголын гаралтай бүтээгдэхүүнээ хөнгөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.
 

 

Энэ нь манай бизнес эрхлэгчдэд маш их боломжийг бий болгох талаар ГХЯ-ны ЭЗХАГ-ын дарга А.Ариунаа “Энэ хэлэлцээрийн ашиг шимийг хамгийн түрүүнд хүртэгч нь манай бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн байх учиртай.

Монгол-Японы худалдааны эргэлт 300-500 сая ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл монголын нийт худалдны 3-4 хувийг эзэлдэг. Энэ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ.

Нийт гаалийн бараа 97 бүлэг бий. Манай талын импортын барааны гаалийн тариф ихэвчлэн 5 хувь байдаг. 59.7 хувь буюу 3,423 төрлийн бараа зургаадугаар сарын 7-ноос эхлээд импортын таван хувийн тариф төлөхгүй гэсэн үг. Нөгөө талаасаа Япон улсын экспортолж байгаа 8,004 төрлийн барааны тариф чөлөөлөгдөнө.

Дараагийн үе шатанд бид харилцан уулзаж тарифийг бууруулах хэлэлцээ хийнэ. Зарим нэрийн бараа тарифаас чөлөөлөгдөхгүй.

Япон руу бараагаа экспортлох гэж байгаа бол зургаадугаар сарын 7-ноос хойш ашигтай. 100 мянган ам.долларын сүлжмэл бүтээгдэхүүн экспортоллоо гэхэд Япон руу ороход төлдөг 10-14 хувийн татвар буюу 10-14 мянган ам.доллар бизнес эрхлэгчийн халаасанд орно. Өөрөөр хэлбэл энэ хэлэлцээрийн ашиг шимийг хүртэгч нь цэвэр бизнесийнхэн” гэв.

0-3 жил ашигласан Япон машины импортын татвар ТЭГЛЭГДЭНЭ

Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр автомашины импортын тарифыг тэглэхээр болжээ. Гэхдээ 0-3 жил ашигласан автомашины импортын тариф зургаадугаар сарын 7-ноос байхгүй болох аж.

Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ.

Тэгэхээр дээр дурдсан хувь хэмжээгээр Япон машины үнэ хямдрах боломжтойг албаныхан хэлж байв.

Мөн арьс шир, үслэг эдлэлийн 24 хувийн татварыг тэглэсэн тул Монголоос энэ чиглэлээр экспорт хийхэд ашигтай болж байна.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ВИЗНИЙ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

Японы импортлогч талыг төлөөлж “Санко Сейки” ХХК-ийн захирал Т.Шимизү эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбогдуулж

  • Орон нутгийн банкуудаас тусгай зээл гаргах нь ЖДҮ-ийг дэмжинэ,
  • Хүн хоорондын солилцоог сайжруулахын тулд визний асуудлыг хялбар болгох шаардлагатай байна гэсэн хоёр санааг дэвшүүлсэн.

ГХЯ-ны төлөөллийн хэлснээр бизнес эрхлэгчдэд Японд бизнесийн шугамаар зорчих бол 1,3,5 жилийн хугацаатай виз олгохоор болжээ.

Ийм виз авахын тулд Японтой хамтарч үйл ажиллагаа явуулах дор хаяж нэг жилийн гэрээтэй байх ёстой юм байна.

Мөн хөрөнгө оруулагч, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх хүмүүс визний хөнгөлөлтөд хамрагдах ажээ. 

Уулзалтын танхимын гадаад үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээжээр танилцуулах үзэсгэлэн гаргажээ. Бид энэхүү үзэсгэлэнгээс фото сурвалжлага хийснээ хүргэе.

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг