Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн 12 дугаар сургуулийн 1г ангийн багачууд сурсан ЭРДМЭЭ тайлагналаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 5 сарын 9
www.ikon.mn
Зураг зураг

- Өдрийн сурвалжлага -

Алтан номын үсэг бид 
Ах дүү 35-уулаа
Эрдэм номын үсэг бид 
Эгч дүү 35-уулаа... гэж балчирхан зургаан настнууд цээлхэн хоолойгоор дуулснаар Эрдмийн баяр нь эхэллээ.

Үндэсний лаборатори Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар бүрэн дунд сургуулийн Эрдмийн баяр болж, долоон бүлгийн 330 сурагч баяраа тэмдэглэж байна.

Баяр болж буй танхим руу ороход хөл гишгэх зайгүй. Бяцхан сурагчид маань эцэг эхчүүд, эмээ өвөөдөө урлагийн тоглолт үзүүлж байлаа. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ тоглолтыг үзэхээс гадна танхимыг тойруулан байрлуулсан сурагчдын бүтээлийг үзэж сонирхоно. 

Ангиуд ээлжлэн сургуулийн урлагийн зааланд орж, эцэг эхчүүддээ сурсан мэдсэнээ үзүүлж буй аж. Ээлжээ хүлээн бужигналдаж байсан Л.Дариймаа багштай 1г ангид орлоо. Энд бие биенийхээ дууг давах гэсэн багачууд бужигналдах бөгөөд "Ээжээ, Ааваа, Багшаа" гэж чангаар дуудан, дор бүрнээ нэг зүйл ярина.

"Отгон ангиа төгсгөж байгаа болохоор сэтгэл маш их хөдөлж байна"

1г ангийн багш Л.Дариймаа өнгөрсөн жил "Улсын шилдэг 25 багш"-ийн нэгээр тодорч байжээ. Түүнтэй Эрдмийн баярынх нь сэтгэгдэлийг хуваалцлаа.

 

"Би боловсролын байгууллагад 29 дэх жилдээ ажиллаж байна. Зургаан удаа нэгдүгээр анги авч төгсгөсөн. Энэ миний отгон анги. Энэ ангиа тавдугаар анги төгсгөөд тэтгэвэртээ гарна. Отгон анги маань болохоор өнөөдөр маш их сэтгэл хөдөлж байна. Ангийнхандаа өөрийнхөө багшлах хугацаанд сурсан мэдсэн, туршлага болгосон бүхнээ шингээж үлдээгээд төгсгөнө гэж бодож байгаа.

Манай анги 49 хүүхэдтэй. 27 охин, 22 хөвгүүнтэй. Анги дүүргэлт их, ачаалал ихтэй учраас зайлшгүй эцэг, эхчүүд, сургуулийн захиргааны оролцоо дэмжлэг хамтын ажиллагаа шаардлагатай байдаг. Өнөөдөр бүх шавь нар маань уншиж, бичиж, бодож сураад баяраа тэмдэглэж байна. Үүнд тал бүрийн оролцоо, идэвх чармайлт хамгаас чухал байсан" хэмээн ярилаа.

Зургаан настнуудын анхаарал хандуулах хугацаа богино байдаг хэдий ч аливаа юмыг хурдан сурч, цээжилдэг.

Зургаан настнуудын анхаарал хандуулах хугацаа богино байдаг хэдий ч аливаа юмыг хурдан сурч, цээжилдэг гэдгийг мөн Л.Дариймаа багш онцолж байсан юм.

Хүүхдүүд тайзан дээр гараад унших шүлэг, дуулах дуугаа бэлдэж байгаа бололтой. Зарим нь томоотой сууж амандаа бувтнана, зарим нь дуу аялна, хэсэг нь ноцолдож тоглоно. Багшийг чангахан дугарахад гараа ширээн дээр тавьж, цомцойн суух сурагчдыг одоо бага балчир гэж хэлэхээргүй болжээ. Гэхдээ томоотой суух нь тийм ч удаан үргэлжлэхгүй. 

Самбарын урдуур эгнэн хүүхдүүдээ харах аав, ээжүүд ихэд жаргалтай харагдах бөгөөд үе үе хүүхдээ дуудан үс, хувцсыг нь засаж өгнө. 

"Манай ангийнхан их авьяастай"

Уншиж, бичиж, бодож сурснаа аав, ээж, эмээ, өвөө, ах, эгчдээ шалгуулан, басхүү урлагийн тоглолт үзүүлэхээр бэлдэж буй сурагч Б.Болорцэцэг, А.Алтан-Од нартай ярилцсан юм.

 

- Эрдмийн баяраа тэмдэглэж байгаад нь баяр хүргэе. Сургуульд ороод юу юу сурсан бэ?

Б.Болорцэцэг: Тоо бодож, уншиж, бичиж сурсан. Манай ангийнхан бүгдээрээ сайн сурсан. Би тоо бодохоос илүү ном унших дуртай.

А.Алтан-Од: Тоо бодож, бичиж сурсан. Зөндөө гоё юм сурсан.

- Өнөөдөр баяр дээрээ ямар авьяасаа үзүүлэх вэ?

Б.Болорцэцэг: Өнөөдөр уран нугарч, бас бүжиглэж үзүүлнэ. Би гурван жил уран нугаралтаар хичээллэж байгаа.

А.Алтан-Од: Би дуу дуулна, шүлэг уншина, бас гимнастик хийнэ. Бид нар ангиараа дөрвөн дуу дуулна. Манай ангийнхан их авьяастай.

- Сургуульд ороод олон найзтай болсон уу?

Б.Болорцэцэг: Би сургуульд ороод 10 найзтай болсон. Сургуульд сурах гоё байна. 

А.Алтан-Од: Тэгсэн. Олон найзтай болсон.

1г ангийнхны тайзан дээр гарч, сурсан мэдсэнээ үзүүлэх цаг боллоо. Хэсэг зуур ёстой л бужигнаан болж эцэг эхчүүд танхим руу, хоёр сурагч тайз руу гарав. Цангинасан хоолойтой хоёр маань үсэг, тоо, ном болсон найзуудаа дуудан, тайзан дээр гаргаж ирлээ.

Цангинасан хоолойтой хоёр маань үсэг, тоо, ном болсон найзуудаа дуудан тайзан дээр гаргаж ирлээ.

49 хүүхэд тайзан дээр арай ядан багтаж хагас дугуй хэлбэртэй зогсоод дуу дуулж, шүлэг уншиж, бүжиглэж, уран нугарч тал бүрийн авьяасаа гайхуулав. Уригдан ирсэн аав, ээжүүд хүүхдүүдтэйгээ хамт дуулан өхөөрдөж, зураг аван, бичлэг хийнэ. 

Эрдмийн баярт ирсэн хамгийн өхөөрдөм зочдыг дурдахгүй байхын аргагүй. Тэд бол дүү нар. Ах, эгчийгээ дуулж, бүжиглэхэд хамт дуулан бүжиглэх дүү нар тэднээс дутахааргүй гоёжээ. Баяр дундаа орохын үед дүү нарын зарим нь аавынхаа өвөр дээр унтаж байгаа нь харагдлаа. Аргагүй ядарсан байх.

"Л.Дариймаа багш болон сургуулийн захиргаанд талархснаа илэрхийлмээр байна"

Эцэг, эхчүүдийн төлөөлөл 1г ангийн сурагчдын зөвлөлийн дарга Т.Батбаяр "Би 1г ангийн сурагч н.Тэлмэнгийн өвөө байгаа юм. Л.Дариймаа багштай 1г ангийн сурагчдын зөвлөлийн даргын ажлыг жил орчим хийлээ. Энэ хугацаандаа ангийн багштай байнга хамтран ажиллаж, хичээл дээр нь хэд хэдэн удаа сууж байсан. Ангийнхан маань маш хурдан хугацаанд биеэ даасан. Энэ завшааныг ашиглаад Л.Дариймаа багш болон сургуулийн захиргаанд талархснаа илэрхийлмээр байна. 

Сурсан мэдсэнээ аав ээждээ тайлагнаж, Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүддээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Эх орондоо хэрэгтэй мундаг сайн боловсон хүчин болоорой гэж ерөөе" гэлээ.

 "Бага ангийн багшдаа баярлалаа" дууг цангинатал дуулж, Эрдмийн баяр өндөрлөлөө

Энэ жил Эрдмийн баярыг "Тайлант өдөрлөг" буюу суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг эх , хамт олон, найз нөхөддөө тайлагнах маягаар зохион байгуулах уриалгыг салбарын яамнаас гаргасны дагуу Үндэсний лаборатори 12 дугаар дунд сургуулийнхан баяраа тэмдэглэж байгааг тус сургуулийн захирал Д.Наранцацрал хэлж байсан юм.

 

Түүнчлэн Эрдмийн баярын үеэр цэвэр бичигтэн анги, тооны аварга анги гэх мэт аварга ангиудыг шалгаруулснаа урамшууллаа.

Хичээлийн нэг жилийн хугацаанд сурсан мэдсэнээ тайлагнасан нэгдүгээр ангийнхан "Бага ангийн багшдаа баярлалаа" дууг цангинатал дуулж, Эрдмийн баяр өндөрлөлөө.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг