Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барихаар шав тавиад дөрвөн сар өнгөрсөн.
Тэгвэл эл ажлын хэрэгжилт ямар шатандаа явж байгаатай өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд Шимизү Такэнори тэргүүтэй албаныхан танилцлаа.
Олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг Монгол, Япон, БНСУ, Англи, Филиппин зэрэг орны 80 гаруй инженер, техникийн ажилтан удирдаж, 700 орчим ажилчид гүйцэтгэлийн ажлыг хийж байгаа юм байна.
Шинэ нисэх буудал нь цахилгаан эрчим хүчээ хоёр талын эх үүсвэрээр хангахаар төлөвлөсөн бөгөөд Налайхаас 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татжээ.
Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барилга барих 2.8 сая кв/м хөрс хуулж, энэ жилийн төлөвлөсөн ажлынхаа 94 хувийг гүйцэтгэсэн байна.
Мөн барилга болон онгоц хөөрч, буух зурвасын суурь ухах болон дүүргэлт тус бүр 1.48 сая куб/м газар шорооны ажил гүйцэтгэхээс 1.88 сая куб/м-т ухмал хийж, төлөвөлгөөний гүйцэтгэлийг 27 хувиар давуулан биелүүлсэн тухай Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Эхнбат хэлж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд 30 орчим барилга байгууламж барихаас гуравынх нь суурийг цутгаж, барилгын эхлүүлсэн аж.
Хамгийн түрүүнд нисэх буудлын захиргааны алба, Аэродромын засвар үйлчилгээний барилга, ачаа шуудан, тээврийн үйлчилгээний барилгыг барих шаардлагатай бөгөөд эдгээрийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар гаргах юм байна. Тиймээс санхүүжилтын хөрөнгийг цаг тухайд нь шийдэж өгөхгүй бол нисэх буудал товлосон 2016 ондоо ашиглалтад орж чадахгүй аж.
Тиймээс тус хөрөнгийг шуурхай гарган өгөх тал дээр анхаарч ажиллахаа Ерөнхий сайд амлалаа.
Шинэ нисэх буудал нь цахилгаан эрчим хүчээ хоёр талын эх үүсвэрээр хангахаар төлөвлөсөн бөгөөд Налайхаас 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татжээ.
Хоёр дахь эх үүсвэр болох Сонгины дэд станцтай холбох шугамын угсралтын ажил дууссан бөгөөд ирэх онд Сонины дэд станц баригдахад холболтыг хийхээр болжээ.
Хөшигийн хөндийд шинэ онгоцны буудал баригдсанаар 100 мянга гаруй хүн амтай шинэ дагуул хот бий болно гэж Засгийн газар үзэж байгаа.
Нисэх онгоцны буудал барих хөрөнгө 28 тэрбум 807 сая иен бөгөөд тус мөнгийг 0.2 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаатай Япон улсаас зээлж байгаа.
Түүнчлэн энэ шинэ буудлыг барьж байгуулснаар манай улсын нутаг дээгүүр өнгөрч байгаа баруун Европ, хойд Америкийг зүүн өмнөд Азитай холбосон агаарын замуудын нислэг буудаллах боломж нээгдэж, энэ нь Монголд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд таатай нөхцлийг бүрдүүлэх юм.
Жилдээ 12 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай олон улсын хэмжээний онгоцны буудлыг 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!