Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

GOOGLE STREET VIEW-д Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншанд хотуудыг оруулсныг нээх ёслол болно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өргөн сүлжээ болох Google Street View-д манай улс нэгдсэн билээ. Тэгвэл энэ төслийн хүрээнд Монголын Үндэсний Музей, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Богд хааны музейг Google Cultural Institute-д, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншанд хотуудыг Google Street View-д оруулсныг нээх ёслолын ажиллагаа маргааш Монголын Үндэсний Музейд 13.00 цагт болох гэж байна.

"GOOGLE STREET VIEW" ГЭЖ ЮУ ВЭ?

"Google street view"-д Монгол орны зураглалыг холбосноор дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ Google map болон search, youtube-ээр манай орны мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр гадаад дотоодын тэрбум тэрбум хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм. 

Үүнтэй холбоотой Гүүгл компанийн Ази номхон далай, Ойрхи Дорнод, Африк, ОХУ-ын Засгийн газартай хамтран ажиллах асуудал эрхэлсэн захирал хатагтай Сузен Пойнтер тэргүүтэй зочид төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч компани Гүүгл Монгол Улстай хамтран ажиллаж буйд талархал илэрхийлээд цаашид цахим ертөнцөөр дамжуулан дэлхий нийтэд таниулан түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэ үеэр Google Street View Mongolia төслийн удирдагч С.Нацагдорж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

 

Монгол орон дэлхийн хамгийн өргөн энэхүү сүлжээнд холбогдсоноор ямар ач холбогдолтой байх талаар тэр “Бид Гүүглийн технологийг ашиглан Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадны жуулчдыг татах, интернэтийн технологийг ашиглан амьдралд хэрэгтэй зүйлийг бий болгож байна.

Одоогоор бид зүүн аймгийн төвүүд, замуудыг оруулсан. Хөдөө аялахад Гүүглийн газрын зургийг хараад явахад төөрөхгүй. Бид бүх орон нутгаа оруулах санаатай байна. Монгол орон маань өргөн уудам учраас энэ жилдээ амжихгүй дараа жил үргэлжлүүлэн хийнэ” гэв.

Улаанбаатар хотын зураглалыг үзэхийг хүсвэл maps.google.com хаягаар нэвтрээд Улаанбаатар хотыг сонгон томруулна.

 

Баруун доод буланд байгаа шар өнгөтэй хүний дүрсийг дарвал харах боломжтой гудамж талбайнууд хөх өнгөөр ялгарч харагдана.

Эдгээр хөх судлууд дээр очоод дарахад тэр цэгийн бүрэн фото дүрс харагдана. Дээш доош, баруун зүүн чигт хөдөлгөн шилжүүлэн харах боломжтой.

Хөх дугуй цэгүүд дээр дарвал сонирхогчдын үүсгэсэн тэр орчны 360 хэмийн бөмбөлөг зургийг харуулна.

Шар дугуй цэгүүд нь дотоод аялал хийх боломжтой байгууламжуудыг илэрхийлнэ. Энэ маягаар та зураглал нь орсон бүхий л газар, хотуудыг үзэх боломжтой.