“Босоо хөх Монгол” ТББ, Сэлэнгэ аймгийн иргэд хамтран "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлэн энэ сарын 9-ний өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж, 11-ний өдрөөс нойтон өлсгөлөн зарлаад өнөөдөр хуурай өлсгөлөн болгожээ.
Өлсгөлөн зарлаж эхэлсний маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй учраас ийнхүү хуурай өлсгөлөн рүү шилжиж байгаа аж. Одоогийн байдлаар долоон залуу өлсгөлөн зарлаж байгаа бөгөөд олон иргэн нэмэгдэж байгаа талаар “Босоо хөх Монгол” ТББ-аас мэдээллээ. Мөн тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар нэгэн хариу өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.
Намрын чуулганы хаалтын өдөр Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжсэнээр хуулийн хүрээнд хамгаалагдаж байсан газар нутагт уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа хийх эрх нээгдсэнийг тэд ийнхүү эсэргүүцэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!