Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

18:00 цагаас өмнө хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөнд шилжихээ мэдэгдлээ

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Босоо хөх Монгол” ТББ, Сэлэнгэ аймгийн иргэд хамтран "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлэн энэ сарын 9-ний өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж, 11-ний өдрөөс өлсгөлөн зарлаад 12 хонож байна.

Тэдний өлсгөлөн сар шинийн баярын өдрүүдэд ч үргэлжилсэн бөгөөд одоогийн байдлаар нэг хүний биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдээд байгаа юм.

Өнөөдөр өлсгөлөн зарлагчид мэдээлэл хийж 18:00 цаг гэхэд ямар нэгэн хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөнд шилжих болно гэдгээ мэдэгдлээ.

Өлсгөлөн зарлаж эхэлсний маргааш Ноён уулыг аврах, урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй байгаа аж. 

УИХ-ын чуулганаар Гацууртын ордын 20 хувийг төр эзэмших асуудлаар хэлэлцээд хууль санаачлагчид нь буцаасан. Харин Намрын чуулганы хаалтын өдөр Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжсэнээр хуулийн хүрээнд хамгаалагдаж байсан газар нутагт уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа хийх эрх нээгдсэн юм. Тиймээс өлсгөлөн зарлаж буй иргэд өлсгөлөнгөө зогсоохгүй бөгөөд Ерөнхийлөгч өнөөдөр ямар нэгэн хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөн рүү шилжинэ гэдгээ мэдэгдлээ. Өлсгөлөн зарлаж байгаа иргэдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

“Байгал хамгаалах бүлгэмийг дэмжих холбоо” ТББ-ын тэргүүн Д.Пүрэвжав: Өдөр бүр биеийн жин хасагддаг юм байна

Өдөр бүр эмчийн үзлэгт орж байгаа. Жин өдрөөс өдөрт хасагдаад байдаг юм байна. Урд шөнөжингөө л бөөн юм боллоо. Тусгай хүчин, цагдаагийнхан эргэлдээд ажиллагаа явуулах санаатай байх шиг байна. Босоо хөх Монгол бүлгийн залуучууд ирж биднийг хамгаалж хонолоо. Өлсөж, даарахын хажуугаар хүчний байгууллагуудын дарамт үнэхээр хэцүү байна. Сүүлийн үед эмнэлэгтэйгээ хуйвалддаг боллоо. Өдөрт 2-3 удаа ирж үзлэг хийж байгаа. Эмч нар урд шөнө 02:00 цаг өнгөрч байхад нийслэлийн цагдаагийн газрынхантай биеийн байдал муу байна гэсэн албан бичиг барьчихсан ирсэн. 

 

 

“Босоо хөх Монгол” бүлгэм УЗ-ийн гишүүн Х.Бээжин: Гуравдугаар сарын 1-нд тайван цуглаан зохион байгуулна

О.Цэрэннадмид эгчийн бие муудаж эмнэлэгт хүргэгдээд хоёр хоног эмчилгээ хийлгэж байгаад өнөөдөр гарч ирсэн. Долоон залуугийн бие гайгүй байна. Гэхдээ 13 хоног өлсчихсөн хүмүүсийн биеийн байдал ямар байх нь тодорхой. Бид нэгдүгээр сарын 26-нд жагсаал хийгээд, хүсэлт шаардлагаа өгсөн. Түүнээс хойш дахин хоёр удаа өгсөн боловч одоо болтол хариу ирээгүй байна. Битүүний өдөр УИХ-ын чуулганаар гуравхан цагийн дотор 50 гаруй хууль баталсан. Ард түмэн бөхөө үзээд сууж байх хооронд 12 секунд, есөн секундэд нэг хууль баталсан. Ийм хурал гэж хаа ч байхгүй шүү дээ.

Цаашдаа ч бидэнд ямар нэгэн хариу өгөхгүй юм шиг байна. Өнөөдөр хараад хариу өгөхгүй бол цаашдаа яах вэ гэдгээ ард түмнээсээ асууна. Ирэх бүтэн сайн буюу гуравдугаар сарын 1-нд Чингисийн талбай дээрээ тайван цуглаан зохион байгуулна. Энэ цуглаан дээр урлагийнхан эх орны сэдэвтэй дуугаа дуулна. Цаашид яахаа ярилцана. Ер нь бид Ерөнхийлөгчид л найдаж байна. Энэ 76 бүр дөжирчихсөн юм байна. Өнөөдөр өлсгөлөн тарна гэсэн мэдээлэл яваад байна энэ худлаа. Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас тараахыг оролдсон. 

Зураач  Л.Өнөрчимэг: Оюунлаг зураач нараа Ноён уулаа аврах хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна

Би Монгол Улсын иргэний хувьд Ноён уулаа аваръя хөдөлгөөнд нэгдээд байна. Энэ хэдхэн хоногт ямар их бэрхшээл, дарамт шахалт учирдгийг биеэрээ үзлээ.  Би өнөөдөр албан ёсоор өлсгөлөнд нэгдэж орж байна. Өлсгөлөнд орохоос өмнө дүүргээс дүгнэлт бичиг, зөвшөөрөл, эмнэлгийн бүх шатны үзлэгт ордог юм байна. Монголчууд бид байгалиа хамгаалахгүй бол удахгүй цэвэр усгүй болох аюул нүүрлээд байна. “Таван толгой”, “Оюу толгой”-нхоо асуудлыг шийдэж чадахгүй байж дахин том орд руу дайрч байгаа нь байж болшгүй зүйл. Би зураач хүн. Тиймээс зураачдаа энэ үйл ажиллагаанд нэгдэж ороорой гэж уриалмаар байна. 

О.Цэрэнбадам: Би эх орныхоо төлөө хоёр дахь Ц.Мөнхбаяр болоход бэлэн

Сү.Батболд, Н.Багабанди нар ч Монгол Улсыг ийм байдал хүргэсэн хүмүүсийн нэг. Монголын ард түмэн та нарын хийсэн гэмийг мартаагүй. Тагнуулын газрын дарга асан, генерал н.Сандаг, зөвлөх н.Нямсүрэн, Ж.Эрдэнэбат гээд Сэлэнгэ аймгаас УИХ-д гарсан гишүүн,С.Баярцогт, Д.Эрдэнбат нар одоо болих хэрэгтэй. Эд ард түмнээсээ уучлал гуйгаад бидэнтэй нэгдэх ёстой. Би 10 гаруй хоног энд өлсгөлөн зарлаж байхдаа Ц.Мөнхбаяр яагаад буу, шийдэм барьсныг ойлголоо. Буу, шийдэмдээ хүрэхгүй бол энэ нөхөд чинь бүр дүлийрчихсэн юм байна. Ард түмнээсээ тасарчихсан, ямар ч мэдрэмжгүй болсон юм байна. 

1990 онд АН-ынхан тусгай хангамж, хээл хахуулиа зогсоо, Засгийн газрын эрх мэдлээ шилжүүл гэж гарч ирсэн. Тэгээд өөрсдөө эрх мэдэлд хүрэхээрээ ард түмнээ мартчихдаг юм байна. Би эх орныхоо төлөө хоёр дахь Ц.Мөнхбаяр болоход бэлэн байна. Монголын ард түмэн МАН-д 90 жил мэхлүүлж, АН-д 25 жил хулхидууллаа.