Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Номин: Тэрбум төгрөгийн өртөгтэй Телевизийн шоу Монголд анх удаа хийх гэж байна

Ч.Болортуяа
2015 оны 2 сарын 11
IKON.MN
 

iKon.mn сайтын "Өглөөний хүн" ярилцлагын булангийн ээлжит нэгэн зочны шинэхэн ярилцлагыг хүргэж байна. 

Энэ удаад бид Монголын Хэвлэл мэдээллийн салбарт цахиур хагалан гарч ирсэн "Монгол ТВ" телевизийн Гүйцэтгэх захирал Ч.Номинтой ярилцлаа. 

Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлж, сүүлийн хоёр жилийн турш телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийн, энэ үйл явцдаа бусдыгаа ч уриалан, манлайлж байгаа тэдний арга туршлага салбарынхны анхаарлыг эрхгүй татдаг. Дотоодын төдийгүй олон улсад ч тэдний үйл хэргийг үнэлж 2013 онд Ч.Номин нь телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр шалгарсан билээ. 

Түүнчлэн тус телевизийн удирдлага нь Монголын бизнесийн салбар дахь томоохон төлөөлөгчийн гэр бүлээс бүтдэг болохоор бусдын сонирхлыг ч багагүй татдаг байх. 

Энэхүү ярилцлага нь  Ч.Номингийн Монголын онлайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч буй анхны дэлгэрэнгүй ярилцлага гэдгээрээ онцлог юм. 

Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилж байна.


 

- "Грэмми - 2015" шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулалт хийж байх үед та зааварчилгаа өгч байгаа харагдлаа. Энэ мэтээр телевизийн найруулагчийн ажил их хийж байна уу?
- Миний хувьд иймэрхүү ажилд байнга оролцоод байдаггүй л дээ. Онцгой арга хэмжээнүүд буюу Үндэсний Их баяр наадам, "Оскар", "Грэмми" зэрэг өндөр ач холбогдол бүхий шууд нэвтрүүлгүүдэд өөрөө заавал оролцдог. 

- "Грэмми", "Оскар"-ыг шууд дамжуулахын тулд танай хамт олон нэлээд эртнээс бэлтгэдэг гэж байсан.  Жишээ нь энэ удаагийн "Грэмми"-г дамжуулахын тулд танай хамт олон хэр хэмжээний бэлтгэл хангасан бэ?
- "Грэмми" дээр жишээ авахад зургаан сарын өмнөөс эхэлж бэлдсэн. 

 Гэрээгээ хийхээс эхлээд тайз, хөтлөгчөө бэлдэнэ, нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээ олно. 

Мөн цаанаасаа шууд дамжуулалтын зааварчилгаагаа авна. Түүнийг нь орчуулна гээд нэлээд ажил болдог. Гэхдээ бид ингэж хичээгээд эхний жилээ хийчихэд дараа жилээс нь дадаад, гаршаад ирнэ байх гэж бодож байгаа. 

-  Удахгүй "Оскар"-ын 87 дахь удаагийн шалгаруулалт болно. Танай телевиз мөн шууд дамжуулах байх. Тийм үү?
- Тийм ээ. Энэ сарын 22-нд "Оскар"-ын шагнал гардуулах ажиллагаа болно. Монголын цагаар 23-ны өглөө шууд дамжуулагдана.  Цаашдаа "Оскар", "Эмми" гээд олон улсын чанартай энтертейнмент арга хэмжээнүүдийг шууд дамжуулах тал дээр бид алдахгүй байхыг хичээж байна.  

- Өөрийн тань хувьд хамгийн сүүлийн мэдээлэл гэхээр Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдоод удаагүй байна. Үүсгэн байгуулах хурал болсны маргааш л зарим нэг хэвлэл эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдсэн байсан. Үүнийг хэрхэн хүлээж авав? 
- Аливаад үргэлж л эерэг, сөрөг тал гэж байдаг. Тэр болгон дээр "Намайг хүн ингээд хэлчихлээ. Одоо би яах вэ" гэж бодоод байвал хэзээ ч юу ч хийж чадахгүй.  Эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэлд сэтгэл хөдлөлөөр хандахыг хүсдэггүй. 

Хамгийн чухал зүйл бол Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн зөвлөл сэтгүүлч нарын олон жилийн эрмэлзэл, хүсэл  зорилго дээр бий болсон байгууллага. Сэтгүүлч нараас өөрсдөөс нь үүсгэн байгуулагдаж байгаа байгууллага юм. Түүнээс ганцхан би барьж яваад санаачилж яваа зүйл биш. 

Харин энэ бий болгосон байгууллагаа удирдуулахаар намайг сонгож итгэл хүлээлгэж байгаа учир би өөрөөсөө хамаарах бүх зүйлээ дайчилж ажиллахыг л хичээнэ. Үүндээ итгэлтэй байгаа учраас сөрөг шүүмжлэлд би эмзэглэхгүй байна. 

Үнэхээр бодитой шүүмжийг бол хүлээж авахад хэзээд бэлэн байдаг. 

-  Гол нь Хэвлэлийн зөвлөлийн талаар ойлголтгүй хүн олон байгаа шүү дээ. Хэвлэлийнхэн маань ч янз бүрийн хариу үйлдэл үзүүлж байх шиг байна. 
- Энэ байгууллагыг удирдлага талаасаа биш сэтгүүлч нар дундаасаа үүсгэн байгуулж байгаа учраас зарим нэг хүнд бас их сонин байж магадгүй. 

Хамгийн нэгдүгээрт,  Ёс зүйн зөвлөл бол шүүн, хэлэлцдэг байгууллага биш. Хэвлэлийн зөвлөлөөрөө мэргэжлийн дүгнэлт гаргана. Тэр дүгнэлтийг та авсан ч болно. Авахгүй байсан ч болно.  Дүгнэлт гаргаад шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэх зүйл огт байхгүй.  Хэн нэгэн гомдол гаргахад гаргасан гомдлыг хэлэлцээд тухайн сэтгүүлч алдаа гаргасан нь үнэн байна эсвэл бодитой бус гомдол байна л гэж дүгнэлт гаргадаг. Ямар нэгэн байдлаар хүмүүсийн хэлээд байгаа шиг шүүн таслах газар биш юм. 

- Сэтгүүлчид маань энэ байгууллага өөрсдийг нь хамгаална гэдгийг сайн олж харахгүй байх шиг байна. 
- Тийм ээ. 

Энэ үүсгэн байгуулагдсан зөвлөлд Монголын олон чадварлаг сэтгүүлч, редактор, эзэд, судлаач гээд бүх талын төлөөлөл багтсан.  Энэ байгууллагын хамгийн чухал үүрэг нь сэтгүүлчдийг хууль хяналтын байгууллага буюу шүүхэд очихоос хамгаалах явдал шүү дээ. Эвлэрүүлэн зуучлах, зохицуулах л үүрэг гүйцэтгэх газар юм.

- Ёс зүйн зөвлөлийг удирдахаар хэвлэл мэдээллийн салбарт удаан ажиллаагүй эсвэл олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн тавигдсангүй гэдэг сэтгэгдэл үүсгэн байгуулах хурлын үеэр гарч байв.  Та үүнд ямар хариу өгөх вэ?
- Болороогоос ийм асуулт ирнэ гэж бодсонгүй. 

Намайг анх энэ салбарт орж ирэхэд ч салбарын бус хүн орж ирлээ гэсэн шүүмжлэл байсан. Гэхдээ хүн аливаад зориод хийгээд хөдөлмөрлөвөл тодорхой эерэг үр дүнд хүрдэг учраас иймэрхүү шүүмжлэлд нэг их эмзэглэхгүй байна.
 
Дээрээс нь энэ байгууллага маань үйл ажиллагаагаа ч эхлээгүй дөнгөж үүсгэн байгуулагдаж байгаа учраас би нэг их олон зүйл яримааргүй байна. Гол нь хийх ажлаараа л бусдад хүлээн зөвшөөрөгдөх нь чухал байх. 

ОЙЛГОЛЦЛЫН ЭХНИЙ ЦЭГ САЯНЫ ФОРУМААР ХАТГАГДСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА

 

 

- "Монгол ТВ" телевизийн тухайд “Бид л ёс зүйтэй. Бид л мундаг” гэж ярьдаг. Бусдыгаа үргэлж шүүмжилдэг, гоочилдог нь сэтгүүл зүйн "алтан" дүрмийг зөрчдөг гэх нь бий. Таны "News Asia"-д өгсөн ярилцлага ийм шүүмжлэл дагуулсан шүү дээ. 
- Монголын уран бүтээлчид олон улсын түвшинд хүрэхүйц уран бүтээл хийх боломжтой гэж би хардаг. 

Энэ боломжийг эрэлхийлж  гадна, дотны олон хүнтэй уулздаг, туршлага судалдаг. Ингэхдээ Монголынхоо нөхцөл байдлыг бас ярина. Жишээ нь, гаднын нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй гаргачихдаг гээд ярихаар тэд маш их гайхаж хүлээж авдаг. Энэ бүх мэдээллээр дамжаад олон улсын хэвлэлүүдээс хэд хэдэн удаа ярилцлага авч байсан.
 
Тэглээ гээд би өөрийнхөө телевизийг зөвхөн манайх мундаг гээд яриад явдаггүй. Зарим нэг тохиолдолд хэлсэн үгийг маань мушгих, гуйвуулах зүйл байдаг л даа.

 Мэдээж би өөрийнхөө ажиллаж, амьдарч байгаа эх орноо хүнд муу харуулахыг хүсэхгүй. Би өөрөө амьдарч байна. Миний үр хүүхэд амьдарна. Гэхдээ бодит байдлаас зугтаад байх юм бол бид хэзээ ч сайжрахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нөхцөл байдлаа бид бодитоор дүгнэх ёстой. Архичин хүн өөрийгөө архичин гэж хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал байдагтай адил бид болохгүй байгаа зүйлээ хүлээн зөвшөөрч байж сайжруулах, дараагийн шат ахих зүйлээ ярьж, хийх боломж бүрдэнэ шүү дээ. 

- Монголын Телевизүүдийн Форумыг хоёр дахь жилдээ санаачилж зохион байгууллаа. Энэ форумаас хамгийн их олзуурхаж хүлээж авсан зүйл тань юу байв?
- Телевизийн Форумыг бид хоёр дахь жилдээ зохион байгуулсан. Түрүүний хэлсэнчлэн бид байгаа нөхцөл байдлаа эхлээд мэдэх хэрэгтэй. Түүний дараа бид цугтаа хөгжих хэрэгтэй.

 Дотооддоо л өрсөлдөөд байх биш гадагшаа тэмүүлэх хэрэгтэй байна. Гаднын сайн контентуудыг хараад бидэнд үүнийг хийх боломж байна. Харин бид яагаад чадахгүй байна вэ гэж хувь хүнийхээ хувьд миний шар их хөдөлдөг. Тиймээс бид тулгамдаад байгаа асуудлуудаа олж гаргаж ирэхийн тулд цуглаж, нийлж сууж байгаад ярилцах, ойлголцох хэрэгтэй байна. 

Форумаас бид учиргүй өндөр үр дүн гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх гээд байгаадаа биш. Хамгийн чухал нь хүмүүсийг цуглуулж нэг өдөр ярилцуулж, ойлголцолд хүрэх нь ямар ч форумын утга учир байдаг байх.  

- Форумын хэлэлцүүлгүүдийн үеэр  Хэвлэл мэдээллийн салбар дахь санхүүжилт хүнд байдалд байна. Тиймээс ч сайн Монгол контент үйлдвэрлэж чадахгүй байгаа талаар ярьж байсан. Санхүүжилт нэмэх нэг гарц нь IPTV эрхлэгчдээс татаас авах гэж ярьж байсан. Энэ хэзээ биеллээ олох вэ?
- Хоёр хүн зэрэгцэж суучихаад нэгнийхээ халаасанд байгаа мөнгөнөөс авна гээд яриад байх хэцүү шүү дээ. 

Бидний  хувьд IPTV эрхлэгчдийг ч ойлгох хэрэгтэй. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд бидний уран бүтээлийг үзэгчдэд түгээж байгаа хүмүүс. Гэхдээ олон улсын жишгээр түгээж байгаа газрууд контентээ худалдаж авдаг.  Хамгийн их хөндөгдсөн асуудал бол энэ IPTV, кабелийн сувгууд  гаднын контентийг худалдаж авчихаад яагаад дотоодын контентээ худалдаж авахгүй байна вэ гээд асуудал гарч ирсэн.  

 "IPTV, кабелийн сувгууд  гаднын контентийг худалдаж авчихаад яагаад дотоодын контентээ худалдаж авахгүй байна вэ"

Санхүүжилтийн хувьд хүнд байгаа талаар телевизийн удирдлагууд ярьсан. Зөвхөн реклам, зар сурталчилгаанаас орлого олдог бидний хувьд эдийн засаг хямрахаар дагаад санхүүжилт маань багасаад байна. Дээрээс нь маш олон телевизтэй учраас орж ирэх орлого маань олон тийшээ салж, олон талд хуваагдаж олгогдож байгаа учраас нэг телевизэд ирэх ашиг, орлого бага байсаар байна. 

Миний харж байгаагаар манай улс оюуны өмч болоод бусад зохицуулалтын маш сайн хууль, дүрэм, журамтай.  Энэ бүгдийг хариуцсан агентлагууд, газрууд л сайн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал олон асуудал шийдэгдэх боломжтой. 

Хүн оюуны өмчөө л дээдлэхгүй юм бол бид дараа дараагийн зүйлийг ярих боломжгүй болж байна. 

IPTV-ээс татвар, татаас авах тухай асуудал бол цаг хугацааны зүйл. Аль алиныгаа дэмжих л сонголтыг хийх хэрэгтэй. Тэд бидэнд мөнгө төлдөг болбол эргээд бидний контент ч сайжрах шаардлагатай болно. 

Контент үйлдвэрлэгч, контент түгээгч гэдэг нэг тэрэгний хоёр дугуй шиг бие биенээсээ салшгүй холбоотой.  Тэгэхээр хамгийн түрүүнд бид ойлголцох хэрэгтэй. Тэр ойлголцлын эхний цэг саяны форумаар хатгагдсан гэж бодож байна.

- "Монгол ТВ" телевизийн тухайд цэвэр реклам сурталчилгаагаараа зардлаа хаах хэмжээнд хүрсэн үү?
- Эхний жилүүдэд бид толгой компаниасаа санхүүжилт авдаг байсан. Харин сүүлийн гурван жил бид өөрсдийгөө санхүүжүүлээд "хоёр идэхгүй, хоосон хонохгүй" гэдэг шиг баланслах цэг дээрээ ирж байна.
 

"Хүн оюуны өмчөө л дээдлэхгүй юм бол бид дараа дараагийн зүйлийг ярих боломжгүй болж байна"


- Нийгмийг хоёр хувааж талцуулаад байгаа зүйлийн нэг нь газар тариалангийн салбар болоод байна. Таныг шууд утгаараа энэ салбартай холбоотой учраас асууж байгаа юм шүү. Монгол HD телевизийн тухайд Мэдээнийхээ эхэнд “Хаалтын гэрээгүй. Төлбөртэй мэдээ авахгүй” гэдэг. Гэвч саяны жишээн  дээр өөрийн толгой компанийхаа эрх ашгийг хэт их хамгаалсан, өмгөөлсөн явдал гарав уу даа гэж сэтгүүлч хүний хувьд харж байлаа. 
- Энэ асуултад хариулахаас өмнө манай Мэдээний хөтөлбөр өөрийн гэсэн бодлоготой, бусад нэвтрүүлгүүд маань бас тусдаа бодлоготой гэдгийг ойлгох хэрэгтэй.  Бидний хувьд мэдээллийн хөтөлбөрөө санхүүжилтээсээ тусдаа байлгах бодлого барьдаг. Энэ нь манай үндсэн зарчмын нэг.

"Би тариаланч хүний охин учраас энэ салбарыг арай илүү ойлгодог" 

Яг газар тариалангийн салбарын тухай ярих юм бол манай цөөхөн хэдэн стратегийн салбарын нэг. Нэн ялангуяа хүнсний аюулгүй байдал гэдэг бол маш том ойлголт. Хүмүүс хүнсний аюулгүй байдал гэдгийг зөвхөн чанаргүй хүнсний тухай ярьж байна гэж ойлгодог. Гэтэл үүнд хүнсний дутагдал хүртэл ордог. Манай байгууллагын хувьд хүнсний аюулгүй байдлыг маш чухал сэдэв гэж үздэг учраас үүнд өөрсдийн дуу хоолойгоо байнга гаргана гэдэг бодлоготой байдаг. 

Өөрийн тань хэлснээр буюу хардлага бол байгаад байна.  Би тариаланч хүний охин учраас энэ салбарыг арай илүү ойлгодог. Үнэхээр нугалааг нь гаргаж харах хэмжээнд ойлгож байгаа учраас бусдаас илүү хардаг.

Бид нефтиэрээ нэг орноос хараат. Дээрээс нь хүнсээрээ бас өөр нэг орноос хараат болох нь их аюултай гэж боддог. Ялангуяа үндсэн хүнс буюу гурилаа бид өөрсдөө тарьдаг, үйлдвэрлэдэг байх ёстой гэж боддог. 

 

 "ӨДӨР БОЛГОН ХҮҮХЭД ТӨРЖ БАЙНА. ТҮҮНИЙХЭЭ ХЭРЭЭР ӨДӨР БОЛГОН АВЬЯАСТАН ТӨРЖ БАЙГАА"

 

 

- Маргааш (2015.02.10) таныг Лондон руу хоёр хоногийн сургалтад явах гэж байгаа гэсэн.  "Монгол ТВ" телевиз дэлхийд алдартай "Got talent" нэвтрүүлгийг Монголд хийх эрхийг аваад байгаа. Энэ нэвтрүүлэгтэй холбоотой сургалт гэж ойлгож болох байх. Тийм үү?
- Тийм ээ. Бидний хувьд ийм хэмжээний том төсөл хийнэ гэдэг мөрөөдөл байсан. Өдөр тутмын ажлаасаа гарч чадахгүй байсаар томоохон төслүүдийг хойш тавьсаар ирсэн. Энэ удаад ямар ч байсан зорилго тавиад хийгээд үзье гэж бодсон. 

Нэг хэсэг ийм том хэмжээний төслийг хийхэд бидний туршлага хүрэхгүй гэж эмээдэг байлаа. Дахиад нэг шалтгаан нь санхүүжилт олох бэрхшээлтэй гэж хойшлуулсан. Түүний дараа өдөр тутмын ажлаасаа салж чадахгүй байсаар өдий хүрсэн. 

Харин энэ бүх айдас маань арилаад одоо л хийе гэж зориод 2015 онд энэ төслөө эхлүүлэхээр шийдсэн. 

"Бидний хувьд ийм хэмжээний том төсөл хийнэ гэдэг мөрөөдөл байсан"

Нэвтрүүлгийн эрхийн талаар Каннын фестивалийн үеэр анхны уулзалтаа хийсэн. Энэ уулзалтыг хийхийн өмнө Саймон Коуэллийн ярилцлаган дээр суусан байсан. Тус ярилцлагаас энэ төслийг ерөөсөө л хийе гэдэг шийдэлд хүргэсэн.

Энэ ярилцлагаараа нэг зүйлийг тодотгоод хэлэхэд Саймон Коуэлл Монголчуудыг бассан гэдэг утгатай ташаа мэдээлэл олон хэвлэлээр гарсан. Энэ бол орчуулгын алдаа. Уг нь Саймон Коуэлл "Монгол бол маш сайхан газар. Тэнд заавал авьяастан байх ёстой" гэдэг утгаар хэлсэн байсан. Тиймээс ч бидний саналыг дэмжиж хүлээж авсан. Өнгөрсөн намраас яриа, хэлэлцээ эхлээд арванхоёрдугаар сард гэрээгээ баталсан. Он гараад хоёр долоо хоногийн хугацаанд гаднаас сургалтын баг нь ирээд манай хамт олон суралцаад явж байна. 

Маргааш /2015.02.10/ Лондон яваад яг газар дээр нь очиж студитэй нь танилцаж Саймон Коуэллийн багтай дахиад уулзана. 

- Нэвтрүүлгээ тэгэхээр яг хэзээ цацаж эхлэх вэ?
- Энэ оны дөрөвдүгээр улиралд цацаж эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Бид аль хэдийнээ бэлтгэл ажилдаа ороод эхэлчихсэн гэсэн үг. 

Шалгаруулалт маань ч удахгүй зарлагдана.  Ирэх гурав, дөрөвдүгээр сард орон нутгийн шалгаруулалтаа хийнэ. Тавдугаар сард шүүгчийн шатны шалгаруулалтдаа орно. Шууд нэвтрүүлгүүд маань энэ оны сүүлээр гарна. 

- Манай улс гурван сая хүн амтай. Авьяастнууд нь шавхагдаагүй гэдэгт итгэлтэй байна уу. Авьяастнууд маань ийм төрлийн нэвтрүүлгүүдэд  оролцох нь оролцоод, од болох хүмүүс нь аль хэдийнээ тодорчихсон биш үү гэх хүн бас бий.
- Миний хувьд энэ тал дээр эсрэг байр суурьтай байна.

Өдөр болгон хүүхэд төрж байгаа. Түүнийхээ хэрээр өдөр болгон авьяастан төрж байгаа. Жил ирэх бүр багачууд томорч авьяастнууд нас нэмж байгаа. Тэр дундаа Монгол хүмүүс маш олон төрлийн авьяастай. "Got talent" нэвтрүүлгийн тухайд зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн авьяасыг нээх зорилготой шоу нэвтрүүлэг. Авьяас гэдэг бол шавхагдашгүй зүйл. Морин дээр зогсоогоор удаан тогтож чаддаг бол тэр авьяас. Шоо сайн эвлүүлдэг бол энэ нэг төрлийн авьяас. Энэ шоу бүх төрлийн авьяастай хүмүүсийг хамардаг. 

Дээрээс нь энэ их хар бараан мэдээллийн хажуугаар нэг үдшийг ч болов хүмүүс гэр бүлээрээ цугтаа суугаад Монгол хүн Монголчуудаараа бахархах сэтгэгдэл төрөөсөй гэж зорьсон юм. 

- Энэ нэвтрүүлгийг шүүх хүмүүс хэн байх бол гэдэг их сонин байна. Шүүгчдээ сонгосон уу?
- Телевизийн шоуны элемент ганцхан зүйл дээр тогтохгүй.

"Хэнийг шүүгч болгох вэ гэдэг дээр өдөр болгон ярилцаж, зарим шөнө зүүдэлж хонож байна"

Энэ нэвтрүүлгийн тухайд оролцогч, шүүгч, хөтлөгч, үзэгч гээд дөрвөн том төлөөллөөс бүрдэж байгаа. Энэ дөрвөн элемент дөрвүүлээ сайн, хүчтэй, сонирхолтой байж энэ шоу тодорч ирнэ. Мэдээж бид шүүгч нартаа маш их анхаарал тавьж байгаа. Хэнийг шүүгч болгох вэ гэдэг дээр өдөр болгон ярилцаж, зарим шөнө зүүдэлж хонож байна. Одоохондоо шүүгчээ сонгоогүй байгаа. Гэхдээ тэр, тэрийг болгох болов уу гэсэн төсөөлөл бол байна. 

- Нэр бол нууц уу?
- Одоо дэлгэхэд арай эрт байна. 

- Шоуны шагналын сан ямар байх бол?
- Яг танай сайтад урьдчилаад дэлгээд хэлэхэд шоуны ялагч 100 сая төгрөг авна. Шоу маань хоёр янзын шагналтай. Нэг нь мөнгөн шагнал. Нөгөөх нь мөнгөөр үнэлж болохооргүй зүйл байвал зүгээр юм уу гээд саналуудаа ярилцаж байна. 

- Тухайлбал?
- Тухайлбал, "Нарны цирк"-д очиж тоглолтоо тавих эсвэл Лас-Вегаст очиж тоглолтоо хийх зэрэг янз бүрийн саналууд яригдаж байна. Үүнийг яг тодорхой болохоор танайхаар дамжуулж зарлаж болно оо.

- Шагналын сан болоод нэвтрүүлэг бүтэх бүх зардлыг та бүхэн хариуцаж гаргаж байгаа байх. Харин санхүүжилтээ хэрхэн босгож байгаа вэ?
- Энэ шоу нийт 57 оронд хийгдсэн, 290 гаруй сая хүнд хүрчихсэн. Үзэгчдийн дуртай шоу болох нь батлагдсан. Дээрээс нь энэ шоуг зохион байгуулснаар улс, эх орныг нэг зүгт нэгтгэдэг том хэмжээний шоу. 

Дэлхий даяар брэнд болчихсон шоу учраас ивээн тэтгэгч олох тал дээр олон сайхан боломж гарч ирж байна. 

Бид энэ шоуг хийгээд ашиг олохдоо биш маш их зүйлийг сураад үлдэх нь чухал юм. 

Орж ирж байгаа спонсоруудын мөнгийг буцаагаад л хөрөнгө оруулалт болгоод л явж байна. Шагналын сан өндөр байхаас эхлүүлээд энэ шоуны зардал маш өндөр. Нэг тэрбум орчим төгрөгөөр энэ шоу нэвтрүүлэг бүтнэ. Худалч хүнд бүхэл бүтэн нэг телевизийн жилийн эргэлтийн хөрөнгөөр нэг шоу хийх гэж байна гэсэн үг. 

"Худалч хүнд бүхэл бүтэн нэг телевизийн жилийн эргэлтийн хөрөнгөөр нэг шоу хийх гэж байна гэсэн үг"

Үүнийг бид зөвхөн энэ нэвтрүүлгийн ивээн тэтгэгчдээр л дамжуулж босгож байна. Монголд анх удаа нэг тэрбум төгрөгийн өртөгтэй телевизийн шоу хийх гэж байгаа гэсэн үг. 

- Ялагч энэ ондоо багтаж тодрох уу?
- Дөрөвдүгээр улиралдаа багтаад тодорно. 

- 2016 онд шоу дахиад хийгдэх үү?
- Тэгнэ. Эхний ээлжинд бид хоёр удаагийн шалгаруулалтыг хийхээр тохирчихсон байгаа. 

- 21 аймгаар явж шалгаруулалт хийх үү?
- Энэ жил бүсчлээд хийх гэж байна. Дөрвөн бүст хуваагаад шалгаруулалтаа хийнэ.  Яваандаа энэ төсөл маань сайжрах тусам 21 аймгийн төвөөр очиж шалгаруулалтаа хийдэг болох байх. Мэдээж нээлттэй шалгаруулалт учраас хүссэн нь энэ дөрвөн бүсийн шалгаруулалтад ирж оролцох боломжтой. 

- Шалгаруулалт эхэллээ гэдэг албан ёсны зарууд хэдийгээр гарч эхлэх вэ?
- Цагаан сар өнгөрөөд л нэвтрүүлгийн шалгаруулалт маань зарлагдаад эхэлнэ. 

- Та энэ шоунд нэг тэрбум төгрөг зарцуулна гэж байсан. Тэгвэл хүн хүчний хувьд хэчнээн хүн оролцох вэ?
- Ихэвчлэн ийм томоохон арга хэмжээ, нэвтрүүлэг, шоунд телевизээрээ "хөдөлдөг". Тэгэхээр 200 гаруй хүн оролцоно гэсэн үг. Үүн дээр гэрээт ажилчид мөн нэмэгдэнэ. 

- Дөрвөн бүсийн шалгаруулалтад та өөрөө явах уу?
- Тэгэлгүй яахав.

Ер нь хоёр төрлийн удирдагч байдаг гэж ярьдаг. Нэг нь аливаа ажлыг холоос зохицуулаад явдаг мундаг хүмүүс байдаг. Миний хувьд тийм биш. Дотор нь орж өөрөө оролцохыг хичээдэг. Тогтворжчихсон, ойлгомжтой болчихсон зүйлд оролцоод байдаггүй. Жишээ нь би Мэдээллийн хөтөлбөрт огт оролцдоггүй. Мэдээний өрөөгөөрөө ороогүй хоёр, гурван сар болж байна. Үйл ажиллагаа нь тогтворжчихсон зүйл дээр оролцоод байх шаардлага байдаггүй. Харин шинээр хийж байгаа төслүүдийнхээ учрыг олохын тулд өөрөө дунд нь оролцож байж хийж буй хүмүүсийнхнээ зовлонг ойлгоно. Ингэж байж зөв шийдвэр гаргана. 

 

"АЛИВАА ХАМТ ОЛНЫГ УДИРДААД, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭД ИРЭХЭЭР ХЭЗЭЭ Ч АЖИЛ ЧАМАЙГ ХАЯДАГГҮЙ"

 

 

- Таны үндсэн мэргэжил эдийн засагч. Үндсэн мэргэжлээрээ ажиллах боломж гарсан уу?
- Би 17 настай байхдаа Монголоос яваад Англид коллежээ төгсөөд Зүүн Английн Их сургуульд санхүүч, эдийн засагч гэж хос мэргэжлээр төгссөн. 

Миний эзэмшсэн мэргэжил юм юманд нэмэртэй, хөрвөх боломжтой мэргэжил. Бизнес удирдаад явахад өдөр тутмын амьдрал, ажилд маань байнга л хэрэг болдог юм. 

- 17 настай яваад хэдтэйдээ буцаж ирсэн бэ?
- Сургуулиа төгсөөд л 24 настай байхдаа эргэж ирсэн.

- Ажлын гараагаа аль салбараас эхэлж байв?
- Намайг Их сургуульд сурч байх үед Тэрэлж дэх зочид буудал маань баригдаж байсан.  Ажлын гараагаа тэндээс эхэлсэн. Их сургуулийн нэгдүгээр дамжаанд байхад буудлын маань дизайн гарч байлаа. Тухайн үед Канадын мэргэжилтнүүд манай буудлын дизайны ажлыг хийж байсан. Тиймээс долоо хоног бүр Канад явж ажлын гүйцэтгэлийнх нь талаар уулзаж, саналаа хэлдэг байсан.  Үүнээс л ажлын гараагаа эхэлсэн гэсэн үг.
 
2007 онд сургуулиа төгсөөд ирэхэд барилгын ажил дуусаад нээх үйл ажиллагаанд бэлдэж байгаад 2008 онд зочид буудлаа нээж бизнесийн гараагаа эхэлж байлаа. 

"Тэрэлж" зочид буудал миний дипломын ажил биш

- Таныг Америкт зочид буудлын чиглэлээр сургууль төгсөж өөрийн дипломын ажлаа амьдрал дээр хэрэгжүүлсэн гэдэг юм билээ. Энэ үнэн түүх үү?
- Энэ бол ташаа мэдээлэл. Миний үндсэн мэргэжил санхүүч, эдийн засагч.

 Үүнээс гадна олон ч газар богино хугацааны сургалтуудад хамрагдсан. Түүнээс би Америкт сургууль төгсөж мэргэжил эзэмшсэн гэдэг ташаа мэдээлэл. 

Манай буудал миний дипломын ажил ч биш /инээв/.

- Яг одоо таны хариуцаж байгаа компаниуд "Тэрэлж" зочид буудал, "Монгол ТВ" телевиз гэж ойлгож болох уу?
- Тийм ээ.

Гэхдээ яг үнэнийг хэлэхэд "Тэрэлж" зочид буудлаа менежментийн сайн багтай болгочихоод санаа амраад сууж байна. 

Бодлогын хүрээнд чиглэл өгөхөөс өдөр тутмын ажилд нь нэг их оролцохгүй байгаа. Миний ажлын цагийн 10 хувь л "Тэрэлж" зочид буудалд зарцуулагдаж байгаа байх. Харин 90 хувиа "Монгол ТВ" телевизэд зарцуулж байна. 

- Таныг Монголын тэргүүн баячуудын охин гэдгээр чинь хүмүүс мэднэ. Та нэг жиргээндээ "10 сартай нялх хүүгээ орхиод ажилдаа гарлаа даа" гэж их харамсангуй бичсэн байсныг санаж байна. Ажил хийхгүйгээр сайн эзэгтэй байгаад амьдрах боломж байгаа мэт. Яагаад ажилдаа ингэж "махрах" ёстой гэж гэсэн асуулт гарч ирж болох юм. 
- Тийм ээ. 

Ажил хийхгүйгээр амьдрах боломж байна. Эцэг, эхийн маань шаргуу хөдөлмөрийн ачаар шүү дээ. Гэхдээ хөдөлмөрч хүмүүсийн гэр бүлд өссөн хүний нөлөө их байдаг. Аавыгаа амьсгаа аваад амарч байгааг бараг харж байсангүй. Ийм хүний хажууд өссөн хүн зүгээр сууж чаддагүй юм байна гэж хэлэх гээд байгаа юм. Хоёрдугаарт, би залуу хүн. Дээрээс нь олон жил гадаадад сайн сургуульд боловсрол эзэмшиж ирчихээд түүнийхээ хэргийг гаргахгүй байна гэдэг харамсалтай.  Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж жаахан ч гэсэн хувь нэмэр улс эх орондоо оруулахыг хүсч л ажиллаж байна. 

 "Аавыгаа амьсгаа аваад амарч байгааг бараг харж байсангүй" Чинбатын НОМИН

Зарим үед ингэн ингэн ажиллаад, ингэн ингэн бусдад хэлүүлээд хүүхдээ орхиод ажилдаа гарах нь буруу ч юм уу гэж бодох үе бий. Гэхдээ залуу хүний хувьд дээрээс нь цөөхөн хүн амтай оронд амьдарч байгаа учраас нэг хүн дор хаяж гурван хүний ажлыг хийх хэмжээнд ажиллаж байж бид хөгжингүй орны хөгжил рүү дөхөх байх. Тэгэхээр эдгээр гурван шалтгааны улмаас би гэртээ зүгээр суугаад байж чаддаггүй. 

- Тэгвэл та улсын төлөө ажиллаад байна уу. Өөрийнхөө төлөө бас ажилладаг л биз дээ?
- 100 хувь өөрийнхөө л төлөө ажиллавал шал өөр зүйл хийх байх. Гэхдээ шууд хэлэхэд амбиц буюу манайхны буруу ойлгоод байдаг ambition гэж үг байдаг даа. 

Ямар нэгэн үр дүнд хүрэх юмсан, зорилгоо биелүүлэх юмсан гэсэн эрмэлзлийн тухайд би өөрийнхөө төлөө ажиллаж байж болох юм. Нөгөө талд 300-400 гэр бүлийг аваад явж байгаа дээрээс нь багадаа өдөрт 60 мянган хүнд хүрч байгаа телевизийг удирдаж байгаа хүний хувьд энэ бүгдийн өмнө хариуцлага хүлээсэн хүн гэж боддог. Нэгэнт олон хүний өмнө хариуцлага хүлээсэн бол энэ бүгдээс ухраад "За за би өнөөдөр хүүхэдтэйгээ гэртээ үлдлээ" гээд хойш суух маш хэцүү шүү дээ. 

"Нэг хүн дор хаяж гурван хүний ажлыг хийх хэмжээнд ажиллаж байж бид хөгжингүй орны хөгжил рүү дөхөх байх" 

- 2013 онд та "Hollywood Reporter"-с  Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр шалгарсан.  Энэ шалгаруулалт ямар журмаар явагдсан бэ?
- Жил болгон Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйг "Hollywood Reporter" тодорхойлдог.  Энэ шалгаруулалтад би орох гэсэн юм гээд өөрийнхөө тодорхойлолтыг бариад гүйдэггүй.  Телевизийн салбарт ажиллаж байгаа хүмүүс саналаа өгдөг. Энэ шалгаруулалт болохоос өмнө "Hollywood Reporter" -ын хүмүүс надтай ярилцлага хийсэн байсан. Тиймээс тэд миний нэрийг санал болгоод шалгарсан. 

Энэ шалгаруулалтын гол зорилго нь телевизийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс өөрийн эх орондоо их, бага хэмжээгээр өөрчлөлт хийж байгаа, хийхийг оролдож байгаа хүмүүсийг илүү тодотгодог юм билээ. Миний хувьд сүүлийн жилүүдэд оюуны бүтээл, оюуны өмчийн асуудлыг эрчимтэйгээр ярьж, хэлж өөрийн телевиздээ хэрэгжүүлж, бусдыгаа шахдаг байсан учраас энэ шалгаруулалтад багтсан байх. 

 

- 2016 онд таныг УИХ-ын сонгуульд дэвших болжээ гэх мэдээлэл гарсан. Улс төрд хэр сонирхолтой вэ?
- Одоогийн ажлаа хийгээд хүүхдүүдтэйгээ уулзаж амжихгүй байгаа юм чинь УИХ-д нэр дэвшвэл бүр олдохоо болих байлгүй дээ /инээв/.

Хүний амьдралд юу тохиолдохыг мэдэхгүй учраас би ерөөсөө улс төрд орохгүй гэж хэлж чадахгүй нь. Миний хувьд одоо залуу байна.  

Хийж бүтээх насан дээрээ ярьдаг ажил дээр очихыг хүсэхгүй байна.  

- Цаашдаа танд ямар зорилго байна вэ. Өөр бизнесийн шинэ санаа хэрэгжүүлэх төлөвлөгөө бий юу?
- Гэр бүлийн бизнесээс улбаалан давхар хариуцаж байгаа өөр төрлийн бизнесүүд маань бий. 

Гэхдээ одоохондоо миний хувьд өөрийн зориод орсон хэвлэл мэдээллийн салбартаа нэг хэсэгтээ байж хийсэн ажлын үр дүнг харах сонирхол илүүтэй байна. 

-  Хувь хүний хөгжилдөө та хэрхэн анхаарч байна вэ. Их ажлын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх тал дээрээ цаг зав гаргаж чадаж байна? 
- Миний хувьд богино хэмжээний сургалтуудад их хамрагддаг. Маргааш /2015.02.10/ гэхэд Лондон руу хоёр хоногийн хугацаатай богино хугацааны сургалтад явах гэж байгаа тухайгаа дээр ярьсан. 

Мөн бид телевиз дээрээ олон улсын туршлагатай мэргэжилтэн, зөвлөхүүдийг авчирч ажиллуулж зөвлөгөө авч туршлага судалдаг. Тэдгээр мэргэжилтнийг эх орондоо авчраад бидний амьдрал дунд ороод аливааг зааж сургахад маш хурдан эерэг үр дүнг өгдөг. 

- Та сэтгүүл зүйн мэргэжлээр суралцах бодол байдаг уу?
- Миний хувьд хүн чаддаг чаддаг зүйлээ л сайн хийх ёстой гэж боддог. Би өөрийгөө сэтгүүлч болох чадвартай хүн гэж боддоггүй. Харин би сэтгүүлч нартаа сэтгүүлч байх боломжийг гаргаж өгөх чадвартай хүн гэж үздэг. Тэгэхээр би менежмент талдаа бол сурна. Түүнээс биш сэтгүүл зүйгээр сурахгүй гэж бодож байна. 

- Таны хувьд өглөө ажилдаа хэдэн цагт ирдэг вэ?
- Манай гэр бүлийн амьдрал өглөө 06.00 цагаас эхэлдэг. Бага хүү маань сэрээд, хоёр том хүү маань сургуульдаа явдаг учир эрт босоцгоодог. Гэр бүлийн ажлаа зохицуулаад 10.00 цаг гэхэд ажилдаа ирдэг. Онцгой тохиолдлуудад эрт ирдэг. 

Орой харин нөхөр бид хоёрын нэг нь заавал 18.00 цагт гэртээ харьж хүүхдүүдийнхээ хичээл номыг хийлгэхэд анхаардаг. 

- Хоёр хүүгийнхээ хичээл номыг хийлгэх зав зай гарах уу. Та хэр сайн эзэгтэй вэ?
- Аливаа хамт олныг удирдаад, хариуцлага хүлээгээд ирэхээр хэзээ ч ажил чамайг хаядаггүй. Байнга чамтай хамт байдаг. Тийм болохоор гэртээ харьсан хойно ч ажил маань үргэлжилсээр байдаг.  Манай гэр бүлийн хувьд хүүхдүүд маань 20.30 цагт бүгд унтчихдаг. Энэ үед эргээд ажлаа харах боломж гардаг. Би өөрийгөө сайн эзэгтэй гэж хэлэхгүй. Гэхдээ гэртээ хоол хийх үедээ хоолоо хийнэ, хүүхдүүддээ цаг гаргах үедээ гаргана. Сүүлийн үед хүүхдүүдийнхээ хичээлийг муу хийлгэж байна гэж ээжээсээ зэмлэл хүртээд байгаа. Хүүхэд хичээлд орчихоор ер нь хэцүү юм байна. 

"Аливаа хамт олныг удирдаад, хариуцлага хүлээгээд ирэхээр хэзээ ч ажил чамайг хаядаггүй" Ч.НОМИН

Хэдий аав, ээж болсон ч хүүхэд томроод хичээлд яваад эхэлнэ гэдэг эцэг, эхийн анхаарал хэд дахин нэмэгдэх шаардлага бий болж байна. Үүнд давхар суралцаад л явж байна даа. 

- Сайн ээж, эзэгтэй ажил дээр амжилттай явна гэдэг худлаа гэж ярьдаг шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?
- Эмэгтэй хүний хувьд байнга нэг айдастай явдаг байх.

Ажлаа сайн хийчихээр би хүүхдээ сайн харж чадсангүй дээ, хүүхэд, гэр бүлдээ илүү цаг зарцуулчихаар ажлаа цалгардуулчихлаа  даа гээд л байнгын нэг зүйлийг дутуу хийгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Би байгаа байгаа газраа л сайн байя гэж хичээдэг. Ажил болоод хүүхэд, нөхөртөө зарцуулах хугацаа ижилхэн байхдаа гол биш. Хаана байгаагаасаа шалтгаалаад илүү үр бүтээлтэй байх талд нь анхаардаг гэсэн үг. 

- Ажил ихтэй бүх ээж нарт таны хэлж байгаа шиг сэтгэлийн шаналал байдаг байх.  Таны хувьд нэгэнд нь бага цаг зарцууллаа даа гэсэн сэтгэлийн шаналлаас ангижирч чадаж байгаа гэж ойлгож болох уу?
- Мэдээж ээж хүн юм чинь ийм зүйлээс 100 хувь ангижирна гэж байхгүй байх.

Гэхдээ сэтгэлээ өвтгөөд яваад байвал би юу ч хийж чадахгүй. Өөрөө ч юм хийж чадахгүй, хажуудах хүнээ ч зовоогоод байх талтай. Тиймээс аль болох сэтгэлээ зовоохгүй байхыг л хичээдэг дээ. 

- Танаас асуугаагүй үлдсэн зүйл бий юу?
-  Өөр ч юу байхав дээ. Би амьдралдаа цөөхөн хэдэн ярилцлага өгсөн. Түүнийхээ нэгийг өөрт тань өглөө. 

 
Ярилцсан Ч.Болортуяа  - @Bolort

Гэрэл зургийг Б.Бямба-Очир - MPA.mn

Ярилцлагын зочин Ч.Номин - @NominChinbat

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.