Вьетнам засварчдыг шалгана
Олон нийтийн сүлжээгээр манай улсад ажиллаж, амьдардаг Вьетнам улсын авто машины засварчдын янз бүрийн зураг цацагдаад байгаа билээ.
Монгол охидтой зугаацаж байгаа бичлэг анх цацагдаж улмаар ажлын байран дээрээ нохой, гахайн боодог хийж байгаа, засуулахаар өгсөн автомашинууд дээр гарч сууж, ёс бус авирлаж байгаа зэрэг олон янзын зураг, бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байна.
Гол нь энэ байдлыг эсэргүүцэн иргэд вьетнам засварчдыг Монголоос хөөх, зодох зэрэгт уриалсан гэмт хэргийн шинжтэй сэтгэгдэл маш их хөврөх болсон тул Цагдаагийн Ерөнхий Газраас энэ талаар шалгахаар болжээ.
Ингэхдээ юун түрүүнд манай улсад ажиллаж амьдардаг Вьетнам улсын иргэдийг хууль ёсны дагуу оршин сууж байгаа эсэх, насанд хүрээгүй охидыг биеэ үнэлэх, садар самуунд уруу татсан эсэх зэрэг асуудлаар шалгалт хийхээр болсон байна.
Мөн нэгэн эмэгтэй вьетнамчуудтай хамт байх үеийн бичлэг нь цацагдсан тул амиа хорлохоор завдсан талаар мэдээлэл зарим хэвлэлээр гараад буй.
Харин энэ талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага үгүйсгэж байгаа юм.
Түүнчлэн ЦЕГ-аас олон нийтийн сүлжээгээр цацагдсан зураг, бичлэгүүдтэй холбоотойгоор бусдыг гэмт хэргийн шинж чанартай үйлдэлд уруу татахгүй байхыг анхааруулж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

