2014 онд баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Google компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлж байна.
Google компанитай 2 жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр маргааш Чингис хааны талбайд “Google street view” албан ёсны нээлтээ хийх гэж байна.
Нээлтийн ажилллагаа 2014 оны 10-р сарын 22 ны 14.00 - 16.00 цагт, Чингис Хааны талбайд болно.
Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой болох юм.
Дэлхийн 60 орчим улсын 4000 орчим хотын 8 сая км замын дүрслэл өнөөдөр Google street view-д бүртгэгдээд байна.
Street view- ийн тусламжтайгаар Вашингтон, Нью-Йорк, Лондон, Парис, Токио, Хонг Конг, гэх мэт томоохон хотуудад аялал хийх боломж нээгдээд байгаа бол төв Азийн бүс нутагтаа Street view-д бүрэн хэмжээнд орж байгаа анхны хот нь Улаанбаатар болж байна.
Монгол Улс Google Street View-д орж байгаа 61 дэх улс боллоо.
Азийн бүс нутагтаа Street view-д бүрэн хэмжээнд орж байгаа анхны хот нь Улаанбаатар боллоо.
Google street view- д Улаанбаатарын зураглалыг холбосноор дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ Google map болон search, youtube-ээр Улаанбаатарын мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр гадаад дотоодын тэрбум тэрбум хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм.
Ингэснээр манай улсын аялал жуулчлалын хөгжил,цаашлаад эдийн засагт ч чухал хувь нэмэр болох юм. Мөн хотын аюулгүй байдалд нөлөөлж, гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Google –ийн бүс хариуцсан удирдлагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Мөн Street View-ийн боломж бололцоог Монголын жишээн дээр үзүүлэн тайлбарлаж, иргэдийн сонирхсон асуултанд Google-ийн төлөөлөгчид болон Нийслэлийн удирдлагууд шууд хариулна.
Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэд технологийн дэвшилттэй танилцан, Google компаний төлөөлөгчдөөс сонирхсон асуултдаа хариу авч, Google Street View зураг авах автомашин болон нээлтийн баннерийн өмнө зураг авахуулах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!