Монгол түмэн эрт дээр үеэс өөрөөс дээш 9 үе, ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж, чухалчлан тэмдэглэн, угийн бичгийг хөтөлсөөр ирсэн өнө эртний уламжлал түүхтэй билээ.
Энэ эртний сайхан соёл уламжлалаа сэргээн өнөө үед мэдээллийн технологи ашиглан илүү өргөн хүрээнд удмын түүх үүсгэн хөтлөх боломжийг олгох УДАМ.мн (www.udam.mn) нэртэй үндэсний сошиал сүлжээ нээгджээ.

Удам.мн сүлжээнд та өөрийн өвөг дээдсийн амьдарч байсан нутаг ба овгийн нэрээрээ хайхад өөрийн удмын хүмүүстэйгээ нэгдэх бодит боломжтой юм байна.
Удмын хүмүүс хамтдаа ургийн бичгээ хөтөлж, мэдээ мэдээлэл оруулан, хоорондоо байнга онлайн ертөнцөд холбоотой байснаар хамтдаа удмын түүхээ бүтээх нь УДАМ сүлжээний үндсэн зорилго ажээ.
Тус сүлжээнд зөвхөн хамаатнуудтайгаа бус найз нөхөдтэйгээ ч харилцах боломжтой гэнэ.
Яг фэйсбүүк сүлжээ шиг найзуудаа хайж олон хүсэлт илгээж найзалснаар зөвхөн Монголчуудыг онлайн ертөнцөд нэгтгэх үндэсний сүлжээ үүсгэх юм.

Старсофт ХХК-ны захирал Д.Өлзий-Орших өөрийн фэйсбүүк хуудсандаа цаашид УДАМ.мн ба Хамаг Монгол төслийг холбож Монгол туургатан залуусыг цахим ертөнцөд нэгтгэн, их гүрнүүдийн бодлогоор бидний хооронд бий болгосон бичгийн хэлний болон газар нутгийн хил хязгаарыг тун удахгүй үгүй болгоно хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл бидний бичсэнийг Монгол туургатан залуус ойлгохоор, тэдний бичсэнийг бид ойлгохоор автомат хөрвүүлэх системийг нэгдсэн сүлжээндээ хийнэ гэнэ...
https://www.facebook.com/ulziiorshikh.d
Дашрамд дурдахад УДАМ сүлжээнд саяхнаас 360 градус панарам зураг оруулдаг боломжтой болсон бөгөөд Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн панарам зургийн сан үүсгэхээр шийдэж уралдаан зарлаад байгаа ажээ.
Уралдаанд зөвхөн 360 градус панарам зургаар л оролцох бөгөөд Galaxy S4, S5, iPhone 5, 5S зэрэг сүүлийн үеийн гар утсаар ийм зураг авах боломжтой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!