Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Олноор санхүүжилт бий болгох (CROWDFUNDING) ГЭЖ ЮУ ВЭ?

ikon.mn
2014 оны 7 сарын 24
IKON.MN

CROWDFUNDING ГЭЖ ЮУ ВЭ?

  1. Crowdfunding гэж юу вэ?
  2. Crowdfunding-н төрлүүд
  3. Crowdfunding дэлхий дахинд
  4. Амжилттай төслүүд
  5. Crowdfunding Монголд

Crowdfunding гэж юу вэ?

“Crowdfunding” нэр томъёог тайлбарлахын тулд тухайн үгийг задалбал Crowd + funding буюу олноороо санхүүжүүлэх гэж орчуулж болох юм. Энэ хэллэгийг Америкчууд дээрх байдлаар, харин европууд тэр дундаа Германчууд Seedfunding гэх мэтээр нэрлэж байна.

 
Энэхүү нэр томъёо, ойлголт аль 1840 оноос эхтэй бөгөөд оффлайн хэлбэрээр хүмүүс олон хүнээс хандив тусламж хүсэх хэлбэрээр хөгжиж ирсэн байна. 

Жишээлбэл, 1730 онд Моцарт олноор санхүүжилт татах аргыг ашиглан Венецийн концертын танхимд 3 удаа тоглолт зохион байгуулсан байдаг. 

За ингээд 21-р зууны  интернэт мэдээллийн эрин үед хэлбэр вэб платформ дээр илүү өргөжин хөгжиж эхлээд байна. Олноор санхүүжүүлэх санхүүгийн энэ арга нь хүмүүс сайн дурын үндсэн дээр тухайн төсөлд хөрөнгө оруулах чиглэлээр илүү хөгжиж байгаа нь  иновацийн бүтээгдэхүүн төрүүлэхэд дэмжлэг болсоор байна. Энэ төрлийн санхүүжилт манай улсын бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчинг үндсээр нь өөрчилж шинэ шатанд авчрах магадлалтай.

Crowdfunding-н төрлүүд

Олноор санхүүжилт бий болгох 3 төрөл байна. Үүнээс хараар тодруулсан хоёрыг нь “community crowdfunding” гэж нэрлэдэг.

  1. Reward crowdfunding / Амлалт өгч санхүүжилт татах
  2. Charity crowdfunding / Буяны санхүүжилт татах
  3. Equity crowdfunding / Хувьцаанд санхүүжилт татах
  4. бусад

Дээрх 3 төрлийг тайлбарлавал

  • Амлалттай санхүүжилт татах арга нь төсөл санаачлагч өөрийн санаачилсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулан борлуулалтаа урьдчилан хийж, санхүүжүүлэгчдээс мөнгө татах арга юм. 
     
  • Үүний хамгийн том төлөөлөл нь Kickstarter.com платформ бөгөөд энэхүү платформ нь мянга мянган шинийг санаачлагдыг бүтээлээ бодит биелэл болгоход туслаж байна.  Фейсбүкийг үндэслэгч Марк Зукерберг хүртэл нэгэн төсөлд шууд хоёр сая ам.долларын хандив өгсөн байдаг. Түүнээс сэтгүүлч “Та ийм их хэмжээний доллар төсөл санаачлагчид өглөө. Энэ компаний хувьцааг авах уу” гэтэл, тэрээр “Энэ бол шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг төрүүлэх талбар учраас би хувиасаа хандив өгч байгаа юм” гэсэн байдаг. Тэгэхээр энэ амлалт өгч санхүүжилт татах арга нь нэг талаараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ урьдчилж боруулах давуу талтайгаас гадна тухайн төсөлд хүмүүс хандив өгч болдог онцлогтой байна.
     
  • Буяны хэлбэрээр санхүүжилт бий болгох 2 дахь арга нь олон нийтийн эсвэл тухай хүнд тулгарсан асуудлыг шийдэхэд буцалтгүй тусламж хэлбэртэй. Тухайлбал, үүний хамгийн том төлөөлөл болох gofundme.com платформ нь олноор санхүүжилт бий болгох төрөлдөө хамгийн амжилттай ажиллаж байна. Эдгээр платформын эрэмбийг www.growdfunding.com  сайт руу орж харна уу.
     
  • Хувьцаанд санхүүжилт татах 3 дахь арга нь уламжлалт хөрөнгө оруулалт хийх аргатай төстэй боловч, илүү олон хүн тухайн хувьцаанаас авах боломжтой байдаг.
  • Бусад 

o Lending - хүмүүс хоорондоо зээл /P2P/
o Micro - жижиг санхүүгийн зээл

Crowdfunding дэлхий дахинд

Kickstarter.com, gofundme.com, indiegogo.com гэх мэт хөгжингүй орнуудад хүчээ авсан платформуудаас гадна хөгжиж буй улс орон бүр өөрсдийн санхүүжилт татах платформуудыг хөгжүүлээд байна.

Тухайлбал, kickstarter.com-той төстэй үйл ажиллагаатай ОХУ-ын boomstarter.ru платформ байна. Зарим нэг тоо баримтыг дурдвал, 2012 онд дэлхий дахинд 1 тэрбум гаран төсөл, компанит ажил бүртгэгдэж, 2013 онд 5,1 тэрбум долларын төсөл олноор санхүүжилт татсан байна. Английн Олуулаа санхүүжилт татах төвийн 2014 оны 5 сарын тайланд дурдсанаар 3 дугаар сард дэлхий дахинд цаг дутам 60,000 доллар олноор санхүүжилт татаж, өдөрт 442 төсөл амжилттай санхүүжилт авдаг байна. 

Олны хүчээр мөнгө босгох, бий болгох энэ арга нь зах хязгааргүй интернэтийн орон зайд өөрийн найз нөхөд, хамт олон, компаниараа төсөл санаачилж, хүмүүсийн сонирхолыг татан, олон нийтийн дэмжлэгтэйгээр төсөлдөө санхүүжилт авч зорилгодоо хүрэх процес юм.

Урлаг, спорт, комик, гар урлал, бүжиг, дизайн, хувцас загвар, кино урлаг, хоол хүнс, тоглоом наадгай, сэтгүүлзүй, дуу хөгжим, фото зураг, хэвлэл, технологи  зэрэг төрлүүдээр Kickstarter, харин эрүүл мэнд, сайн дурын аян, боловсрол, дурдатгал, спорт, амьтад, олон нийт, тэмцээн, гэр бүл, аялал, хүсэлт зэрэг чиглэлээр gofundme үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хоёр платформ нь дэлхийн хоёр туйл гэдэг шиг зах зээл дээр байр сууриа аль хэдийнэ олсон билээ.

Дээрх хоёр олноор санхүүжилт татах платформ нь зөвхөн хөгжингүй улсад үйл ажиллагаа явуулдаг байна. Тухайлбал, Кickstarter нь АНУ, Англи, Недерланд, Шинэ зиланд, Канад, Австралид, харин gofundme нь АНУ, Англи, Канад, Австрали, Ервопийн холбооны улсуудад ашиглах боломжтой байдаг.

Америк болон дээрх орнуудад амьдарч буй Монголчууд ямар төсөл санаажилж санхүүжилтээ авсаныг сонирхуулахад,

  • Last Man Standing: Wrestling Roots in Mongolia, 13.055$ санхүүжилт,
  • Mongolia!, 3050$ санхүүжилт, 
  • Mongolia asks assistance from rural Virginia felt makers. 2562$ санхүүжилт,
  • Music and the Legitimacy of Nomadism in Mongolia. 6685$ санхүүжилт,
  • Mongolian contemporary art – A joint adventure. 9.320$ санхүүжилт,
  • Support First-Ever Book on Kazakh Craft. 4.346$ санхүүжилт,
  • (Un)spoiled – support a documentary film on the fight for mongolia’s natural wealth! 7122$ санхүүжилт,
  • Moving with the Seasons: Portrait of a Mongolian Family. 14.739 санхүүжилт,
  • Reaching the Gobi. 3091$ санхүүжилт авсан байна.

Дээрх төслүүдийн зохиогчид нь Монгол хүмүүсээс гадна тухайн улсын Монголд зориулан бүтээл туурвилаа хийдэг хүмүүс нэлээн их байдаг байна.

Амжилттай төслүүд

Маш энгийн нэг сонирхолтой төслийг жишээ болгон авъя. 

Кара Ван Малсен гэдэг залуу торгоны замыг автомашинтай туулж, тухайн улс болгоны үндэсний дуу хөгжмийг хуурцаг болгож, эргээд олон хүмүүст хүргэх зорилготой төсөл санаачилжээ. Энэ төсөл нь 2011 оны 7 сарын 23-ны өдөр эхэлсэн ба анх 2500$ босгох зорилготой байсан бол 352 санхүүжүүлэгчээс 10,359 ам.долларын мөнгөн дэмжлэг ирсэн байна. Энэ дэмжлэгээр залуус аялалдаа амжилттай яваад ирсэн байна.

 
Машин дээр харагдаж байгаа гарын үсэгнүүд нь дэмжлэг өгсөн хүмүүсийн нэрс байна.

www.silkroadinstereo.com илүү дэлгэрэнгүйг энэ хаягнаас орж үзээрэй.

Crowdfunding хийхийн нэг давуу тал бол тухайн төслийн талаар илүү их мэдээллийг хүргэж чадаж байгаад оршино.

Мөн хөгжимчин Амада Палмер 2012 онд өөрийн шинэ альбом, урлагын номоо хийхэд зориулан 1,2 сая доллар, 24.883 хүнээс санхүүжилт татжээ. Энэ хөгжимчин нь санхүүжилт хийсэн хүмүүст урьдчилан бүтээлээ худалдсан гэсэн үг юм. 

https://www.kickstarter.com/discover/most-funded энэ хаягаар орж хамгийн их санхүүжилт босгосон төслүүдтэй танилцаарай.

Ийнхүү маш олон төслүүд санхүүжилт авч амжилттай хэрэгжсэн байдаг. Үүний хажуугаар мөн төслийн санаа оновчгүй, зардлаа хэт өсгөсөн зэргээс тогтоосон хугацаандаа санхүүжилт авч чадаагүй төслүүд нэлээдгүй байдаг.

Crowd funding Монголд

 Монголд Equity crowdfunding буюу Хувьцаанд санхүүжилт татах арга нэлээн хөгжиж байна.

P2P /peer to peer/ болон Micro зээлүүдийг арилжааны банкууд болон банк бус байгууллагууд нэлээдгүй хэмжээгээр дэмжин ажиллаж байна. Гэхдээ энэ нь иновацийн бүтээгдэхүүн төрүүлэхэд хангалтгүй, нөхцөл байдалдаа тохиромж муутай байгаа учраас Community crowdfunding загварыг нэвтрүүлэх нь зүйтэй байна. 

Дэлхийн зах зээл дээр 1 сая ширхэг борлуулах бүтээгдэхүүн, үйлчилгээг  төрүүлэхийн тулд бид яалт ч үгүй санхүүгийн дэмжлэгийг Олуулаа бий болгох платформыг хөгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байна. Энэ загвар дэлхий дахинд маш амжилттай байгаа учраас бид хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.

Өнөөдөр манай улс орны хөгжилд чухал түлхэц болохуйц олон мэдлэг чадвар, бүтээлч санаа, инженерийн шийдэл, оюуны бүтээлүүд хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй (бизнесийн эхлэлтийн хөрөнгө хүрэлцэхгүй,  банкны шаардлагыг хангах барьцаа хөрөнгө, үйл ажиллагаа байхгүй, зээлийн хүү өндөр гэх мэт) байдлаас шалтгаалан бүтээгдэхүүн үйлчилгээ болж, дотоодын болон гадаад зах зээлд нэвтэрч чадалгүй орхигдож байгаа нь харамсалтай. 

Монголчуудын дунд “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг эртний сайхан зүйр үг байдаг билээ. Бид залуусынхаа хийж бүтээх хүсэл эрмэлзлийг төрүүлж, цаашлаад дэлхийн зах зээлд монгол залуучууд оюун ухаанаараа өрсөлдөх боломжийг ашиглах нь зүйтэй. Энэ зорилгоор “Олуулаа хөгжил” ТББ-ыг  санаачлан байгуулж, үйл ажиллагаагаа эхлээд байна. Үйл ажиллагааны хүрээнд  “1 000 000 пиксел” аяныг зохион байгуулах гэж байна. Тун удахгүй та бүхэн идэвхтэй дэмжээрэй. Мөн хамтран ажиллах байгууллагуудтай нээлттэй.

“Олуулаа бүтээе, Олуулаа дэмжье”
 
Олуулаа хөгжил ТББ-ын гүйцэтгэх захирал Сандагдоржийн Баярсайхан
Холбоо барих: sbayarsaikhan@gmail.com