Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав бурхны оронд заларлаа

Б.Ану
2014 оны 5 сарын 25
iKon.MN

 

   Нэрт хөгжмийн зохиолч  Дагвын Лувсаншарав өнөөдөр бурхны оронд заларчээ. 

Д.Лувсаншарав нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгч, хоормейстр, хөгжмийн зохиолч байлаа. 

Д.Лувсаншарав агсны товч намтар:

Тэрбээр 1927 оны 6 сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн Хашаатын Яндаг худаг хэмээх газар мэндэлжээ. 

Зургаан наснаасаа хийдэд шавилан сууж бичиг үсэгтэй болсон бяцхан хүү 1938 онд хар болж бичиг үсгийн багш, Хэнтий аймгийн зам барилгад  туслах жолооч зэрэг ажлуудыг хийж байгаад 1942 онд Хэнтий аймгийн ажилчны клубт жүжигчнээр  орж их урлагтай амьдралаа холбожээ.
 
1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучнаар орж ажилласан Лувсаншарав 1949-1952 онд Улсын хөгжимт драмын театрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагчаар ажиллаж 1951 онд Берлин, 1953 онд Бухарест хотод болсон дэлхийн залуучууд, оюутны их наадамд найрал дуучдыг удирдан амжилттай оролцжээ.
 
1954-1959 онд Москва хотын Хөгжмийн Их Сургуулийн найрал дууны удирдаачийн ангид суралцсан төгсөж, 1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш, 1963-1975 онд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч, 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад дарга, уран сайхны удирдагчаар зөвлөхөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

Түүний уран бүтээл:

Д.Лувсаншарав 1948 онд анхныхаа бүтээл Хандармаагаа найруулсанаас хойш өвөрмөц хөг аяс аялгуу баян тансаг, өнгө өргөн, хэлбэрийн олон талыг хамарсан онцлогтой олон арван сайхан бүтээл туурвисан юм. 

  • Тэрээр "Хан  бүргэд" 1966, 
  • "Шивээ Хиагт" 1971, 
  • "Ард Аюуш" 1984, 
  • "Нүцгэн ноён" 1985 
  • "Хадам ээж" (Бэсрэг дуурь), "Хожгор түшмэл" (бэсрэг дуурь) 1990, 
  • "Хар Хорум" 2002, 
  • “Их хааны хатад” 2007 зэрэг дуурийн бүтээл, 
     
  • "Нарны домог" 1987, 
  • "Бөртө чоно" 1995, 
  • "Сарны наадам" 1991 зэрэг  бүжгийн жүжгийн хөгжим, 
     
  • "Эх орон" 1950, 
  • "Монгол орон бат оршиг" 1961, 
  • "Хэзээд бэлхэн" 1965, 
  • "Мөнхийн Ленин" 1970, 
  • "Алтан соёмбын дуулал" 1974, 
  • "Хилийн цэргийн алдар" 1980 зэрэг 10 гаруй магтуу,
  • "Цэцэг нуурын хошуунд" 1954, 
  • "Гайхамшигт лимбэ" 1960, 
  • "Алдагдсан тамга" 1972, 
  • "Маш нууц" 1979, 
  • "Ногоон дарь эх" 1990 зэрэг 10 гаруй хөгжимт жүжиг,
     
  • "Баясгалан" 1962, 
  • "Аман хуур" 1963, 
  • "Нүгэл буян" 1963, 
  • "Төөрсөөр төрөлдөө" 1968, 
  • "Өглөө" "Тэмцэл" 1968, 
  • "Жаргал даахгүйн зовлон" 1987, 
  • "Газрын жигүүр" 1978,
  • “Моторын дуу”1973,
  • "Хань” 1975, 
  • “Сүхболдын яриа” 1975, 
  • “Анхны хайрын дууль” 1975 
  • “Газрын жигүүр” 1978 зэрэг 20 шахам баримтат болон уран сайхны киноны хөгжим, 

"Хэрлэн", "Маамуу нааш ир", "Би чамд хайртай", "Эх орон", "Гурван тамирын уянга", "Дурлал хайрыг минь дамжуулаарай" зэрэг олны хүртээл болсон 400 гаруй нийтийн дуу романсуудыг зохиожээ.

Д.Лувсаншарав агсны аяыг нь зохиосон гайхалтай бүтээлүүдийн нэг "Усны тунгалаг тамирын гол" дууг та бүхэндээ хүргэж байна.