“Робокон-2014” тэмцээнд ШУТИС-ийн баг шалгарлаа
Олон улсын “Робокон 2014” тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх багийг шалгаруулах Үндэсний роботын тэмцээн ШУТИС-ийн “Телеком Монголиа” багийн ялалтаар амжилттай өндөрлөлөө.
Робокон бол техник технологийн мэргэжлээр суралцдаг их, дээд сургуулийн оюутан залуус өөрсдийн шинэ санаа хийгээд техник сэтгэлгээ, ур ухаанаа уралдуулдаг оюун ухааны өрсөлдөөний талбар билээ.
Энэ удаагийн Үндэсний Роботын тэмцээнд ШУТИС, Дархан Уул аймаг дахь Технологийн сургууль, Техник технологийн дээд сургууль, МУИС, Говьсүмбэр аймгийн Политехникийн коллеж, ХААИС, БХИС зэрэг сургуулиудыг төлөөлсөн 13 баг өрсөлдсөн бөгөөд “Оюу Толгой” компани тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон.
Тэмцээний үеэр Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежийн Талст багийн ахлагч Б.Оюунбат “Манай баг энэ тэмцээнд анх удаа оролцож байна. Зарим багаж, хэрэгсэл олдоц муутай байснаас роботоо санаандаа хүртэл хийж чадсангүй. Гэхдээ бид амжилт гаргахын төлөө бүх боломжоо дайчлан тэмцсэн” гэв.
Түүнчлэн МУИС-н “Монгол робот” багийн ахлагч Б.Сүх-Эрдэнэ “Бидний хувьд өнгөрсөн намар дүрэм батлагдсанаас хойш бэлтгэлээ базааж ирсэн. Манай робот бүх даалгаврыг гүйцэтгэж чадсан. Тэгээд ч бид туршлагатай баг. Гэхдээ өрсөлдөгчид маань бас хүчтэй байлаа” гэлээ.
Анх 2002 онд Азийн 50 гаруй орны 111 телевизийг эгнээндээ нэгтгэдэг Ази Номхон далайн бүсийн орнуудын Өргөн нэвтрүүлгийн холбоо гишүүн орнуудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор Робокон тэмцээнийг санаачлан зохион байгуулсан түүхтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
