Гар утасны дэлгэц ширтэх дон орчин үеийнхний нэг том асуудал болоод байна.
Хэрвээ та өдөрт дор хаяж 150 удаа утасныхаа дэлгэц рүү өнгийдөг бол ийм зовлонд нэрвэгдээд эхэлсэн гэсэн үг.
Дэлгэц удаан ширтэх нь нүд ядраах, хуурайшуулах, загатнуулах, хараа муутгах, цаашилбал толгой өвтгөх шалтгаан болдог.
Тэгвэл та дараах долоон дадал зуршлыг эзэмшвэл энэ эрсдлээс тодорхой хэмжээгээр сэргийлж болно.
1. Нүдээ ойрхон анивчих
Бид утасныхаа дэлгэцийг ширтэх үедээ ердийн үеийнхээс бага нүдээ анивчдаг. Иймээс 20 минут тутамд доод тал нь 10 удаа нүдээ анивчих хэрэгтэй. Ингэснээр нүд чийглэгдэж, харааны тусгал дахин шинэчлэгдэнэ.
2. Гялбалтыг бууруулах
Гялбалтыг бууруулдаг (anti-glare) шил нүүрэнд нь үйлдвэрээсээ суулгагдсан бол (жишээ нь Corning Gorilla Glass) нүдэнд тустай. Хэрвээ байхгүй бол дэлгэцний наалт авч хэрэглэх нь дээр. Ингэснээр нүднээс гадна хурууны хээ, зурагдалтаас хамгаалах давхар ач холбогдолтой.
3. Завсарлах
Тасралтгүй ширтэхээс зайлсхийж дунд нь завсарлага авах хэрэгтэй. Ингэхдээ 20-20-20 гэсэн зарчим баримтлана. Дэлгэцээ 20 минут харсны дараа завсарлаж 20 фүүт (6 метр) зайнд байгаа зүйлийг 20 секунд ширтэх хэрэгтэй. Ингэснээр нүдний булчин амардаг.
4. Гэрэлтэлтийг нь тохируул
Дэлгэцний гэрэлтэлт (brightness) хэт хурц эсвэл хэт бүдэг байх нь нүдэнд хортой. Утасныхаа тохируулгыг өөрчилж орчныхоо гэрлийн түвшинд тааруулах хэрэгтэй. Хурц гэрэлтэй орчинд нэмэгдүүлж, харанхуй орчинд бууруулах гэх мэт.
5. Текстын хэмжээг тохируул
Өөрийн уншихад амар байхаар текстын хэмжээг томсгох хэрэгтэй. Хэт жижиг текст унших нь нүдэнд муу. Веб, электрон ном уншихад ингэх шаардлагатай.
6. Дэлгэцээ цэвэрхэн байлга
Бохирдсон дэлгэц харах орчинг бууруулж нүдэнд ядаргаа үүсгэнэ. Тиймээс хуурай зөөлөн даавуун материалаар арчиж цэвэрлэж байх хэрэгтэй.
7. Нүднээсээ хол барь
Ихэнх хүмүүс утсаа нүднээсээ 20 см зайнд барьж хардаг. Энэ сайн биш. Ядаж 40-45 см зайнд барьвал маш сайн. Эхэн үедээ инээдтэй санагдаж болох ч хэсэг хугацааны дараа дасах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!