Альберта мужийн иргэд тусгаар тогтнолыг эсэргүүцэж, Канадын бүрэлдэхүүнд үлдэхээр шийдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Канадын газрын тосоор баян Альберта мужийн сонгогчид тус улсын бүрэлдэхүүнд үлдэхийг үнэмлэхүй олонхын саналаар дэмжлээ.

Мягмар гарагт гарсан санал асуулгын урьдчилсан үр дүн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өдөөсөн худалдааны дайн болон газар нутгийг нь өөртөө нэгтгэх заналхийлэл нүүрлэсэн энэ үед ерөнхий сайд Марк Карнигийн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хүчин чармайлтад томоохон дэмжлэг болж байна.

Альберта мужийн сонгуулийн хорооны албан бус мэдээллээр 1.4 сая гаруй саналыг тоолсны дараа 76 хувь нь Канадын бүрэлдэхүүнд үлдэхийг дэмжсэн бол 24 орчим хувь нь тусгаар тогтнох үйл явцыг эхлүүлэхийг дэмжжээ.

Энэхүү үйл явдал нь шууд тусгаар тогтнолын төлөөх санал хураалт байгаагүй юм. Хэрэв тусгаар тогтнох санаачилга дэмжигдсэн бол энэ нь Альберта мужийг ирээдүйд Канадаас салгах эсэх асуудлаар дахин санал хураалт явуулах зам руу хөтлөх байв.

"Альбертачууд тодорхой сонголт хийлээ. Тэд эв нэгдлийг, хамтдаа бүтээн байгуулж, бие биедээ санаа тавих замыг сонгосон. Хамгийн гол нь Альбертачууд Канадыг сонголоо” гэж Марк Карни мэдэгджээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ энэ үр дүн канадчуудад цаашид хамтдаа урагшлах, худалдааг төрөлжүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийг хөгжүүлэх, мөн Альбертад төвлөрсөн Канадыг дэлхийн эрчим хүчний хүчирхэг гүрэн болгох ажлыг эрчимжүүлэх боломж олгохыг амласан байна.

Гэсэн хэдий ч Альбертагийн тусгаар тогтнолыг дэмжигчдийн хувьд найдвар бүрэн тасраагүй байгаа бололтой.

Тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагчдын нэг Кит Уилсон "Эцсийн дүн хараахан гараагүй байна. Тоонууд өөрчлөгдөж магадгүй ч Альбертачуудын дор хаяж дөрөвний нэг Альберта одоогийнхоосоо илүү дээр байх ёстой гэж үзэж байгаа нь тодорхой байна" гэж мэдэгджээ.

Альберта мужийн захирагч Даниэл Смит урьдчилсан дүнг сайшаан хүлээн авч, энэ нь “Канадын бүрэлдэхүүнд үлдэхийг олон нийт өргөнөөр дэмжиж байгааг харууллаа” гэсэн юм.

Смит сошиал хуудсандаа "Альбертачууд нэгдмэл Канадын бүрэлдэхүүнд илүү хүчирхэг Альбертаг бий болгохын төлөө саналаа өглөө" гэж бичжээ.

Тэрбээр өөрийн удирдаж буй "Нэгдсэн Консерватив Нам" (UCP)-ын доторх тусгаар тогтнолыг дэмжигчдийн шахалтаар энэхүү санал асуулгыг зохион байгуулсан ч өөрөө тусгаар тогтнохын эсрэг байр суурьтай байсан юм.

Газрын тосны батлагдсан нөөцийн хэмжээгээр дэлхийд  дөрөвдүгээрт жагсдаг, 5 сая хүн амтай Альберта бол "ковбойчуудын нутаг" бөгөөд улс төрийн соёлын хувьд Канадын бусад хэсгээс илүүтэйгээр Америкийн баруун бүстэй төстэй шинж чанартай, консерватив үзэл баримтлал хүчтэй мужид тооцогддог.

Оттава дахь холбооны засгийн газрыг эсэргүүцэх, дургүйцэх хандлага энд гүнзгий байдаг ч энэ нь тусгаар тогтнолыг дэмжих өргөн хүрээний хөдөлгөөн болон хувирч байгаагүй юм.

Альбертад болсон энэхүү санал асуулга өмнө нь Квебек мужид (хүн амын дийлэнх нь франц хэлээр ярьдаг) 1980 болон 1995 онуудад тусгаар тогтнох асуудлаар явуулж байсан хоёр удаагийн санал асуулгын дараа болж байна.

Квебекчүүд хоёр удаагийн санал асуулгаар хоёулд нь Канадын бүрэлдэхүүнд үлдэхээр саналаа өгч байв.

Канадын уугуул иргэдийн нийгэмлэгүүд (First Nations) Альбертаг тусгаар улс болгох санааг эсэргүүцдэг. Учир нь тэдний Оттавагийн засгийн газартай байгуулсан газар нутгийн гэрээнүүд нь Альберта муж Канадын бүрэлдэхүүн дор байгуулагдахаас ч өмнө хийгдсэн байдаг.

Карни өмнө нь Альбертагийн оршин суугчдад эв нэгдлийн төлөө шийдэмгий санал өгөхийг уриалж байсан юм.

Тэрээр Баасан гарагт өөрийн өсөж торнисон Эдмонтон хотод болсон цуглааны үеэр "Канадын ирээдүй үүнээс шалтгаалах юм шигээр бодож саналаа өгөөрэй. Үнэхээр тийм шүү" гэж хэлжээ.

Смит салан тусгаарлах үзлийг өдөөсөн хэрэгт Карнигийн өмнөх ерөнхий сайд Жастин Трюдог буруутгаж байв. Түүний үзэж байгаагаар Трюдо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо хэрэгжүүлэхийн тулд газрын тосны олборлолтыг зогсоохыг оролдсон нь ийм нөхцөл байдлыг үүсгэсэн гэнэ.

Мужийн захирагч асан Жэйсон Кеннигийн хэлснээр салан тусгаарлах үзэлтэй намууд урьд нь нийт саналын ердөө 1-2 хувийг л авдаг байв. Харин КОВИД-19 цар тахлын үеийн хязгаарлалтуудаас үүдэлтэй бухимдал нь тэдний дэмжлэгийг өргөжүүлсэн байна.

Гэхдээ Дональд Трампын худалдааны дайн болон Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох заналхийлэл нь Альбертаг бүрэлдэхүүндээ үлдээх Карнигийн хичээл зүтгэлд тус болсон гэж ажиглагчид дүгнэжээ.

 

Эх сурвалж: Associated Press