Францын эрх баригчид алдаагаа хүлээн зөвшөөрч, дэг журам тогтооход цэргийн хүч дайчлахаар болсныг зарлав
Францын засгийн газар өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан үймээн самуун, хүчирхийллийн үеэр хангалттай хариу арга хэмжээ авч чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, ирэх Бямба гарагт болох эсэргүүцлийн жагсаалд бэлдэх зорилгоор цагдаагийн хүчийг цэргийн хүчээр зузаатгаж, дэг журам тогтоох томоохон ажиллагаа явуулахаар болсноо Мягмар гарагт зарлажээ.
"Ирэх Бямба гарагт маш өргөн хүрээтэй хүчийг хотуудад байршуулна" гэж ерөнхий сайд Себастьян Лекорню мэдэгдээд аравдугаар сарын 17-нд Парис, Марсейль, Лион болон бусад хотуудад үймээн самуун, дээрэм тонуул гарсны дараа дэг журмыг сэргээх нь нэн тэргүүний зорилт болоод байгааг онцолсон байна.
Засгийн газрын ширүүн маргаан өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр дотоод хэргийн сайд Лоран Нюньес цагдаа нартай хамт цэргүүдийг байршуулах болсныг мэдэгджээ. Мөн хотуудын төвүүдийг хамгаалалтгүй орхисон гэх хүчтэй шүүмжлэлийн дараа засгийн газар үйл ажиллагааны тактикаа бүрмөсөн өөрчлөхөө амласан байна.
Энэхүү хямралыг "хүчирхийлэл ба Бүгд Найрамдах Улс хоёрын аль нэгийг сонгох" асуудал гэж тодорхойлсон Лекорню үймээн самууныг хэт зүүний бүлэглэлүүдтэй холбон тайлбарлажээ. Харин эдгээр бүлэглэлүүд засгийн газрыг амьжиргааны өндөр өртөг, төрийн үйлчилгээний чанар муудсанаас үүдэлтэй олон нийтийн бухимдлыг дутуу үнэлсэн гэж буруутгаж байна.
Үймээн самууны цар хүрээ, мөн цагдаа нар нөхцөл байдлыг хяналтдаа авч чадаагүй явдал нь Францын нийгмийг гүн цочролд оруулсан юм. Энэ нь ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хурцадмал байдлыг улам дэврээж байгаа бөгөөд санал асуулгаар хэт барууны болон хэт зүүний үзэл баримтлалтай нэр дэвшигчид өндөр дэмжлэгтэй болоод байна.
Итали, Албани зэрэг Европын бусад орнуудад ч эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа нь амьжиргааны түвшинтэй холбоотой бухимдал тив даяар тархаж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа юм. Ялангуяа Франц зэрэг олон улс орон төсвийн хүндрэлтэй тэмцэж буй нь нөхцөл байдлыг улам дордуулж байна.
Үймээн самуунд өртсөн хэд хэдэн бүсэд хөл хорио тогтоосны үр дүнд Францад өнгөрсөн шөнө харьцангуй тайван өнгөрч, засгийн газрын зүгээс нөхцөл байдлыг дахин хяналтдаа авч эхэлснээ мэдэгджээ.
Парисын төв хэсэгт цагдаа нар Бүгд Найрамдах Улсын талбайг (Place de la Republique) бүрэн хамгаалалтад авч, нисдэг тэргээр хянаж байлаа.
Хойд бүсийн Лилль хотын багахан хэсэгт хөл хорио тогтоож, цагдаа нар гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгэж, хүмүүсийн бичиг баримтыг шалгаж байв.
Өнгөрсөн амралтын өдрүүдийн үймээний үеэр хамгийн их хэлмэгдсэн худалдааны бүсүүдийн орчимд Мягмар гарагийн шөнөөс эхлэн хөл хорио тогтоож байгаагаа Марсейль хотын дарга Бенуа Паяан мэдэгджээ.
Лекорню амралтын өдрүүдэд төрийн зүгээс үзүүлсэн хариу арга хэмжээнд дутагдал байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагаанд алдаа гарсан, цагдаагийн хүчний байршил хэт хөдөлгөөнгүй (нэг цэгт төвлөрсөн) байсан, мөн эрх баригчид цагдаагийн алба хаагчдын төлөвлөгдсөн амралтыг цуцлахгүй байхаар шийдвэрлэсэн зэрэг асуудлууд байсныг дурдлаа.
"Болсон явдалд би гүнээ харамсаж байна. Өөрт ногдох хариуцлагаа би хүлээж байна" гэж дотоод хэргийн сайд Нюньес гаргасан алдаа дутагдлынхаа төлөө уучлалт гуйжээ.
Парламент эмх замбараагүй байдал үүссэн шалтгааныг тогтоох зорилгоор мөрдөн шалгах хороо байгуулж байгаа бол эрх баригчид гудамжны үймээнд оролцогчдыг илрүүлж, эрэн сурвалжлахаар 200 мөрдөн байцаагчийг томилсон байна.
Мягмар гарагт цагдаа нар үймээний үеэр төв бүсийн Лимож хотын захиргааны түүхт байрыг галдан шатаасан хэрэгт сэжиглэгдэж буй нэгэн эрэгтэйг баривчилжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр уг этгээд нь цагдаагийн хяналтын жагсаалтад бүртгэлтэй бөгөөд хэт зүүний үзэл баримтлалтай бүлэгт харьяалагддаг нэгэн байсан гэнэ.
Мягмар гарагт Францын зээлийн зардал дахин өссөн нь хямралын цар хүрээ өргөн байгааг харуулсан хэрэг боллоо. Хөрөнгө оруулагчдын дунд цаашид эмх замбараагүй байдал үргэлжилж болзошгүй гэж санаа зовнил нэмэгдсэний улмаас 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж сүүлийн 24 жилийн дээд түвшиндээ хүрчээ.
Францын оюутны томоохон холбоо болох UNEF ирэх Бямба гарагт дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн байна. Тэд боловсролын тогтолцоо доройтож, санхүүжилт хангалтгүй байгаа асуудлаар Макроны засгийн газарт үзүүлэх дарамтаа үргэлжлүүлэхээ амлажээ.
Үүнээс гадна, өөрсдийгөө "Шар хантаазтнууд" (Gilets Jaunes) гэж нэрлэдэг бүлгүүд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж жагсахыг иргэдэд уриалсан байна.
Сүүлийн жилүүдэд харьцангуй идэвхгүй байсан "Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн Макроны эхний бүрэн эрхийн хугацаанд буюу 2018 онд бензин шатахууны татварын өсөлтийг эсэргүүцэн тэмцэж байсан юм.
Францад болсон үйл явдлын хэмжээнд хүрэхгүй ч Италид үүссэн эмх замбараагүй байдал ерөнхий сайд Жоржиа Мелонигийн засгийн газарт хүчтэй цохилт боллоо. Тус улсын засгийн газар ойрын үед аюулгүй байдлын шинэ арга хэмжээнүүдийг танилцуулахаар төлөвлөж байна.
Батлан хамгаалахын сайд Гуидо Кросетто эдгээр үймээнийг TikTok, YouTube болон бусад цахим сүлжээгээр дамжуулан явуулж буй "холимог дайн" (hybrid warfare)-ы нэг хэлбэр гэж тодорхойлжээ.
Кросетто сошиал хуудсандаа "Милан болон Италийн бусад хотуудад болж буй үйл явдлууд нь өмнөх цаг үеүдэд тохиолдож байсан зүйлсээс эрс ялгаатай. Өрнөдийн орнууд үүнийг хараахан ухаараагүй, хариу арга хэмжээ авах дорвитой алхам хийгээгүй байна" хэмээн бичсэн байна.
Милан хотын төвд байрлах "Corso Vittorio Emanuele II" гудамжинд үймээний үеэр халдлагад өртсөн "On" (спортын хувцасны брэнд) болон "Levi's" дэлгүүрүүд Мягмар гарагт дахин нээгдсэн ч цонх, хаалга нь банзаар хаагдсан хэвээр байв. Харин тансаг ангиллын барааны дэлгүүрүүд аюулгүй байдлын үүднээс түр хугацаанд хураасан бараа бүтээгдэхүүнээ шилэн хоргонд буцаан байрлуулжээ.
Албани улсад ерөнхий сайд Эди Рамагийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчид Тиран хотын гудамжинд долоо дахь өдрөө дараалан жагсахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
