АНУ дизель түлшний зах зээлийн үнийг бууруулахад туслахыг Европын холбоотнууддаа уриаллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Пүрэв гарагт АНУ-ын засаг захиргаа Европын холбоотнууддаа хандан стратегийн нөөцөө "нэн даруй" ашиглалтад гаргах замаар дизель түлшний дэлхийн зах зээлийн үнийг бууруулахад туслахыг уриалжээ.

Европын Холбооны гишүүн орнууд энэхүү хямралын асуудлыг Баасан гарагт хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээллээс үзвэл Трампын засаг захиргаа ялангуяа Франц, Герман улсуудыг дизель түлшний нөөцөө ашиглахыг хүсэж байгаа бөгөөд ингэснээр АНУ-ын Ирантай хийж буй дайны улмаас огцом өссөн үнэ ханшийг тогтоон барих боломжтой гэж үзэж байгаа юм байна.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент сошиал сүлжээнд бичсэн мэдэгдэлдээ "Европын түншүүд маань одоо үүсээд буй нийлүүлэлтийн тасалдлыг шийдвэрлэхийн тулд өмнө нь хүлээсэн үүргээ биелүүлэх ажлаа эрчимжүүлж, нэмэлт нийлүүлэлтийг нэн даруй гаргаж өгөх хэрэгтэй" гэжээ.

Европын Холбооны гишүүн орнууд түлшний үнийн огцом өсөлтөд хэрхэн нэгдмэл байдлаар хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхээр Баасан гарагт Европын Зөвлөлтэй уулзах гэж байгааг тус зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Вашингтон түлшний үнийн асуудал дээр Европын тусламжийг авахын тулд дарамт шахалт үзүүлж байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дизель түлшний экспортоо хориглох боломжийн талаар Лхагва гарагт дурдсан нь ийм зорилготой байв.

Эрчим хүчний үнийн өсөлт нь ирэх сард болох Конгрессын завсрын сонгуулиар Трамп болон түүний Бүгд Найрамдах Намд томоохон аюул занал учруулж болзошгүй байна.

Вашингтоны албаны хүн хэлэхдээ "Боловсруулсан түлшний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн зардлыг бууруулах олон талт арга замыг эрэлхийлж буй энэ үед АНУ-тай хамтран ажиллах нь Европын ашиг сонирхолд нийцнэ" гэжээ.

Милуоки хотод болсон Их 20-ийн худалдааны хэлэлцээний үеэр АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нэлээд эвлэрэнгүй өнгө аясаар ярьж, дизель түлшний асуудлаар "хоёр тал хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй" байгааг онцолсон байна.

Мөн Пүрэв гарагт Техас мужид сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп дизель түлшний нөөцөө ашиглалтад гаргахыг Европын орнуудаас "хүсэж магадгүй" хэмээн мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Европын Холбооны худалдаа хариуцсан комиссар Марош Шефчович өчигдөр сэтгүүлчдэд хэлэхдээ АНУ-ын зүгээс дизель түлшний экспортоо зогсоох аливаа алхам хийвэл энэ нь "европчуудын хувьд гэнэтийн зүйл" байх болно гэдгийг онцолсон байна.

Милуоки хотод Францын төлөөлөгчдийг ахалж очсон олон улсын худалдаа хариуцсан сайд Николя Фориссье "хориг тавина гэж би огт төсөөлөхгүй байна" гэж мэдэгджээ.

Тэрбээр АНУ болон Европын орнуудын хувьд дизель түлш чухал ач холбогдолтойг онцлоод, талууд "шийдэл олохыг хичээх болно" гэж нэмж хэлсэн байна.

"Францын хувьд бид дэлхий даяар тэнцвэртэй шийдэл олохыг хичээх болно. Хэрэв Америкчуудтай тохиролцох боломжгүй бол бусад улс орнуудтай хамтран ажиллах болно” гэж Фориссье хэлжээ.

Стратегийн нөөцөөс түлш гаргах асуудлын талаар Францын ерөнхийлөгчийн тамгын газраас асуухад өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Эммануэл Макрон, Трамп нарын уулзалтын үеэр ийм хүсэлт тавиагүйг баталсан байна.

Макрон "түлшний үнийн өсөлтийг шийдвэрлэхэд ашиглаж болох янз бүрийн арга хэрэгсэл, түүний дотор нөөцөөс түлш гаргах асуудлаар зохицуулалтын чиглэлд ахиц дэвшил гаргах" зорилгоор Их Долоогийн удирдагчдын цахим уулзалтыг удахгүй зохион байгуулахаар болсныг мэдэгджээ.

Макрон ийм уулзалт хийх төлөвлөгөөгөө есдүгээр сарын 18-нд зарласан юм. Макроны хэвлэлийн албаны мэдээлснээр, Их Долоогийн уулзалт аравдугаар сарын дундуур болох төлөвтэй байна.

AAA (Америкийн Автомашины Холбоо)-ны мэдээлснээр Ираны дайн эхэлснээс хойш АНУ-д дизель түлшний дундаж үнэ 70 гаруй хувиар өсөж, галлон тутам нь $6.39 орчимд хүрчээ.

Түлшний үнийн өсөлт нь амьжиргааны өртгийг огцом нэмэгдүүлсэн бөгөөд үүнээс болж Трампын Бүгд Найрамдах Нам арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулиар Конгресс дахь хяналтаа алдаж болзошгүй хэмээн болгоомжилж байна.

 

Эх сурвалж: AFP