Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаагаа Оросын тал НАТО-д анхааруулав
Балтийн тэнгисийн чанадад ОХУ-ын үндсэн нутаг дэвсгэрээс салангид оршдог Калининград мужийг тусгаарлахыг оролдвол цөмийн зэвсэг хэрэглэхээ Оросын эрх баригчид НАТО-д анхааруулжээ.
НАТО-д илгээсэн баримт бичигтээ Москва тус цэргийн эвслийг “шууд зэвсэгт мөргөлдөөн гарах өндөр эрсдэл дагуулсан аюултай бөгөөд болчимгүй бодлого” баримталж байгааг шүүмжилсэн байна.
Ройтерс агентлагийн олж авсан уг бичигт бас хэрвээ мөргөлдөөн гарвал “эхний үе шатнаас эвслийн гишүүн орнуудын шийдвэр гаргах төвүүд Орос улсын цохилтод өртөх”-ийг анхааруулсан байжээ.
Ингэхдээ “Хэрвээ НАТО-гийн орнууд Калининград мужийг тус улсын бусад хэсгээс тусгаарлах ямар нэг оролдлого гаргавал Орос улс өөрийн нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд цөмийн зэвсгийг оролцуулан өөрт буй бүх хүч, чадавхыг ашиглахад бэлэн байх болно” гэж бичсэн байна.
Калининград нь Польш, Литва улсуудын дунд оршдог, АНУ-ын Коннектикут мужаас арай том хэмжээтэй муж юм.
Европт илүү ойр байрладаг энэ бүс нутагтаа Орос улс зэр зэвсгийн хүч ихээр төвлөрүүлсэн байдаг.
НАТО дээрх бичигт хариу өгөхдөө өөрийгөө гишүүн орнуудад нь бүх чиглэлээс учирч болох аюул заналаас хамгаалах, сөрөн зогсох үүрэгтэй батлан хамгаалах эвсэл болохыг тайлбарлажээ.
“НАТО-гийн ямар ч сургуулилалт, үйл ажиллагаа Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт аюул занал учруулахгүй” гэж цааш мэдэгдсэн байна.
“Бид ОХУ-д Украинд явуулж буй бүрэн хэмжээний түрэмгийллээ зогсоохыг уриалж байна. Мөн холбоотон улсуудын эсрэг улам бүр нэмэгдэж буй болчимгүй үйлдлээ зогсоож, цөмийн зэвсэгтэй холбоотой хариуцлагагүй мэдэгдэл хийхээ болихыг шаардаж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Сүүлийн үед Өрнөдийнхөн Украинд зэвсэг нийлүүлж, Москвагийн эсрэг хориг арга хэмжээгээ эрчимжүүлж, Балтийн тэнгист Оросын хөлгүүдийг саатуулж, цэргийн сургуулилалтаа нэмэгдүүлж, Калининград орчимд тагнуулын нислэгийнхээ давтамжийг өсгөсөн нь ийм анхааруулга өгөхөд хүргэсэн гэж ажиглагчид үзэж байна.
“Тэд (Орос) үүнээс илүү их алхам, тухайлбал Балтийн тэнгисийн замыг хаах зэрэг үйлдэл гарахаас болгоомжилж байгаа бололтой. Европын тал үүнийгээ шууд мөргөлдөөнд хараахан хүргэхгүй гэж тооцоолж байж болох ч Оросын тал үүнийг дайн зарласанд тооцож байж болох юм. Үүнийг би нэг нэгнийхээ үйлдлийг буруу тооцоолох эрсдэл гэж харж байна” гэж Оросын дипломатч асан, Вена хотод оршин суудаг цөмийн мөргөлдөөний шинжээч Николай Соков тайлбарлажээ.
Европын гурван улсад суугаа ОХУ-ын элчин сайд нар сүүлийн гурван өдрийн дотор НАТО-гийн өдөөн хатгалга Балтийн тэнгис, Калининград орчим нэмэгдэж байгааг анхааруулсан мэдэгдэл дараалан гаргасан юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг анхааруулгыг “Европ дахь түрэмгий этгээдүүдэд” өгч буй дипломат сануулга гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
