ФОТО: Дэлхийн сор бүтээлүүдийг Монголд авчирчээ
“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр боллоо.
Дэлхийн сор бүтээлүүдийг Итали улсаас эх орондоо авчирч “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарыг хүртэл үзэгч олонд толилуулах юм.
Тусгай үзэсгэлэнгээр:
- Италийн сэргэн мандалтын үеийн ноён оргилуудын нэг уран зураач Рафаэл Сантигийн хөрөг уран зураг
- Барокко урлагийг үндэслэгч, алдарт уран барималч Жан Лоренцо Бернинигийн "Нептун" гэх хүрэл баримлыг үзэгч олондоо толилуулж байна.
Хөрөг зураг, хүрэл уран баримлын онцлог:
Рафаэл Сантигийн хөрөг нь биеийн илүү хөдөлгөөн хийгээгүй, зөвхөн нүднийхээ харцаар өөрийн хүчирхэг байдлыг харуулсан гайхалтай зохиомж, шийдэл арга ажиллагаатай зураг. Олон зууны туршид урлаг судлаач, сонирхогчид энэ зургийг гайхан биширсээр ирсэн.
Зөвхөн нүдний харцаар хүний дотоод мөн чанар, хүчирхэг байдлыг илэрхийлж болдгийг үзэгчдийн өмнө Рафаэл өөрийнхөө арга барил, авьяас билгээр харуулсан билээ.
Бэрнинигийн Нептун уран баримал нь эртний Ромын домогт гардаг тэнгисийн бурхан Нептуны дүр юм. Энэхүү уран баримал нь барокко урлагийн урсгалд харьяалагддаг. Тийм болохоор маш хүчирхэг бие бялдартай, хурц ширүүн хөдөлгөөнтэй тэнгисийг эзэгнэгч бурхны уур хилэн, догшин дүр төрхийг царай төрхөд нь хүрлээр маш нарийн дүрсэлж харуулсан онцгой уран бүтээл юм.
Нэг нь уран зураг, нөгөө нь хүрэл уран баримал хэдий ч хоёр бүтээл хоёулаа ХҮЧ хэмээх ойлголт дээр төвлөрснийг Чингис хаан Үндэсний музейн куратор Ж.Дархижав тайлбарлалаа.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



















