Төсвийн урсгал зардлын бүтэц, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээг нийтэд ил тод болгох агуулгатай хуулийн төсөл өргөн барив

Н.Эрхбаяр, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 30 гишүүн боловсруулсныг өнөөдөр (2026.09.29) С.Цэнгүүн, Ч.Анар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Хосбаяр нарын гишүүд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүлжээ.

Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон төрийн санхүү, улсын төсвийг батлах бүрэн эрх, мөн төсвийн ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулсан аж.

Хуулийн төслийн хүрээнд дараах зургаан асуудлыг зохицуулах юм байна. Үүнд:

  • төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үндсэн шалгуурт тулгуурласан урьдчилсан үнэлгээ, оноо, түүний дагуу тогтоосон эрэмбэд үндэслэн төсөвт тусгах;
  • улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх болон уялдаа холбоог хангасан эсэхийг төсвийн төсөлд нэгтгэн боловсруулах;
  • төсвийн хөрөнгө оруулалтын үнэлгээ, эрэмбэ, санхүүжилт, төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг нээлттэй цахим хэлбэрээр нийтлэх
  • төсвийн урсгал зардлын бүтэц, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх мэдээллийг нарийвчлан төсвийн төсөлд тусгах, нийтэд ил тод болгох;
  • төсвийн төслийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулж, иргэдийн саналын талаар тайлагнах болон төсвийн тусгай шаардлагыг мөрдөөгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлыг тусгасан байна.
зураг
 

Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвийн төсөлд тусгахдаа нэгдсэн шалгуур үзүүлэлт, жинлэсэн онооны аргачлалд тулгуурлан, улс төрийн нөлөөллөөс ангид, нотолгоонд суурилах нарийвчилсан зохицуулалт нь төслийн зарчмын шинжтэй, цөм агуулга болохыг С.Цэнгүүн гишүүн танилцуулсан.

Энэ хүрээнд урьдчилан үнэлээгүй, эрэмбэлээгүй төсөл, арга хэмжээг улсын төсөвт тусгахыг хязгаарлах зарчим тусгагджээ. Мөн төсвийн урсгал зардлын мэдээллийг төсвийн захирагч бүрээр, зардлын нэр төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй тайлагнах шаардлагыг нэмж тусгасан байна.

Түүнчлэн “иргэдийн төсөв” хэлбэрийн хялбаршуулсан, харьцуулалт бүхий танилцуулгыг хуульчлан тогтоож, олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнг тайлагнах хэлбэрийг бий болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Эдгээр харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулсан ч хэрэгжилт хангалтгүй, төсвийн төлөвлөлтийн сахилга сул, урсгал зардлыг дэлгэрэнгүй танилцуулдаггүй, үүний улмаас төрийн байгууллагуудын үр ашиггүй, урсгал зардал тогтмол өсөх хандлагатай байгааг төслийн танилцуулгад дурджээ.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар