БНХАУ-ын даргыг АНУ-ын ерөнхийлөгч өөрийн биеэр нисэх онгоцны буудал дээр угтаж авсан нь ховор тохиолдол болов
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний АНУ-д хийх төрийн айлчлал хэдхэн цагийн өмнө эхэллээ.
Түүний онгоц Вашингтоны гадна оршдог Joint Base Andrews цэргийн нисэх буудалд газардахад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нар угтаж авсан нь ер бусын ховор хүндэтгэл болжээ. Трамп гаднын төрийн тэргүүнүүдийг нисэх буудал дээр биш, Цагаан ордонд угтаж авдаг тогтсон уламжлалтай. Хамгийн сүүлд 1962 онд АНУ-ын ерөнхийлөгч гадаадын хүндэт зочноо нисэх онгоцны буудал дээр угтан авч байсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Бээжинд айлчилсан Трампад ийм хүндэтгэл үзүүлээгүй юм. Тиймээс арав гаруй жилийн дараа Ши Жиньпиний хийж буй гурван өдрийн төрийн айлчлалд Трамп ямар ач холбогдол өгч байгаа нь эндээс харагдаж байна.
Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нарт зориулан 30 метр урт улаан хивс дэвсэж, 21 хүний бүрэлдэхүүнтэй хүндэт харуул жагсаж, АНУ болон Хятадын төрийн далбааг залсан тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг жагсаж, АНУ-ын зэвсэгт хүчний төрөл тус бүрээс таван хүний бүрэлдэхүүнтэй гурван салаа цэрэг жагсаж, их буугаар 21 удаагийн ёслолын буудлага үйлдэж, B-1 Lancer цэргийн онгоцоор хоёр удаа нислэгийн үзүүлбэр үзүүлж, хоёр америк хүүхэд цэцэг барьж хүндэтгэл үзүүлжээ.
Айлчлалын өмнө АНУ-ын сангийн сайд Скотт Бессент, Хятадын ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн нарын тэргүүлсэн төлөөлөгчдийн дараалсан уулзалтууд өндөрлөж, арваннэгдүгээр сарын 10-нд өндөрлөх байсан худалдааны дайны гал зогсоох гэрээг хоёр сараар сунгасан байна.
“Бид өнөөдөр арваннэгдүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болох ёстой хоёр улсын хоорондын эдийн засгийн зөөлрөл буюу Пусаны гэрээг сунгахаар тохиролцлоо” гэж Бессент айлчлалын өмнөх өдөр Fox News сувгаар ярьжээ.
Өнгөрсөн онд хэрэгжиж эхэлсэн энэхүү гэрээг наймдугаар сард Өмнөд Солонгосын Пусан хотод болсон хоёр талын уулзалтаар сунгаж байв.
Энэ удаагийн айлчлалын үеэр хиймэл оюуны технологийн асуудал голлон яригдах төлөвтэй байна.
Талууд энэхүү шинэ технологийн зохицуулалтын механизмыг бий болгож, хяналтаас гаргахгүй байхад хамтран ажиллахаар тохиролцож магадгүй юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

