Холливүүдийн од Николас Кэйжийн гэрийн гадаах зам цөмөрч, асар том нүх бий болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн өдрүүдэд Калифорни мужийн өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас эргийн Малибу хотын суурьшлын бүсийн нэг авто зам цөмөрч, асар том нүх бий болжээ.

Хааш хаашаагаа 9 метр орчим хэмжээтэй энэ аварга нүх нэгэн амины орон сууцны залгаа зам дээр үүссэн байна.

Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр уг орон сууцыг 2024 онд Холливүүдийн од Николас Кэйж худалдан авч байжээ.

Кэйж нь “Leaving Las Vegas” киногоороо Оскарын шагнал хүртэж, “Gone in 60 seconds”, “Face/Off”, “Con Air” зэрэг олон киногоороо алдаршсан жүжигчин юм.

Замын хагарал Даваа гарагаас ажиглагдаж эхэлснийг тухайн газрын оршин суугчид мэдээлжээ.

“Тэр үед бид тийм их санаа зовоогүй. Амархан засах боломжтой гэж бодож байлаа. Гэвч удалгүй маш том нүх үүссэн” гэж нэгэн оршин суугч Los Angeles сэтгүүлд ярьсан байна.

Мягмар гарагийн өглөө эрт замын цөмрөлт улам өргөжин тэлжээ.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэхүү цөмрөлтийн улмаас шугам эвдэрч, хий алдагдсаныг онцгой байдлын албан хаагчид засварласан байна.

Далайд дэгдсэн Мари хар салхины улмаас Калифорни мужийн өмнөд хэсэгт үер усны түгшүүр зарласны дараа уг цөмрөлт бий болжээ. Уг хар салхи одоогоор эх газраас хол байгаа ч далайн давлагааг эрчимжүүлж, олон өдөр үргэлжилсэн усархаг бороо ороход хүргэж байгаа юм.

Малибу хотын захиргаа нүх үүссэн гудамжны таван орон сууцны орц гарцыг “хүн зорчиход аюултай” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Эх сурвалж: BBC