АНУ-ын элч нартай уулзсан Зеленский дайн ирэх өвөл хүртэл үргэлжлэх төлөвтэй болсныг анхааруулав
Ням гарагт Киев хотод анх удаагаа айлчилсан АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч нартай уулзсаныхаа дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дайн ирэх өвлийг хүртэл үргэлжлэх төлөвтэй болсныг анхааруулжээ.
Трампын тусгай элч Стив Виткофф, Зеленский нар уулзалтын үр дүнд өөдрөг үнэлгээ өгсөн ч Оростой хийж буй дайныг зогсоох талаар ямар нэг ахиц дэвшил гаргаснаа зарлаагүй юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бизнесийн түнш Виткофф, хүргэн Жаред Кушнер нар Бямба гарагт Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа шууд Киевт ирсэн байна.
Тэд Москвад өмнө нь хэд хэдэн удаа айлчилсан ч Киевт анх удаа айлчилсан нь энэ юм.
“Бид Америкийн түншүүдтэйгээ тохиролцоонд хүрч чадна гэдэгт маш их найдаж байна. Хэрвээ дайн ирэх өвөл хүртэл үргэлжилбэл Европын түншүүддээ найдах хэрэгтэй болно. Одоогоор ийм төлөв харагдаж байна” гэж Зеленский мэдэгджээ.
Тэр бас Украин, АНУ-ын уулзалтад Франц, Германы төлөөлөгчид нэмж оролцсоныг мэдээлсэн ч илүү дэлгэрүүлээгүй юм.
АНУ-ын элч нар дайныг дуусгах илүү бодитой санал танилцуулсан, Зеленский тэдэнтэй гуравласан хэлбэрээр дахин уулзахаар болсныг Украины ерөнхийлөгчийн албаны эх сурвалж мэдээлжээ.
“Шинэ санал өмнөхтэйгөө адилгүй. Энэ удаагийн уулзалт илүү үр дүнтэй болсон. Тэд одоо ч ярилцаж байна. Гурвуулаа уулзаж байгаа” гэж эх сурвалж хэлсэн байна.
Бямба гарагт уулзахдаа Оросын эрх баригчид Украины дорнод болон өмнөд хэсэгт эзэлсэн газар нутгаа “цааш тэлэх” боломжтойг АНУ-ын элч нарт мэдэгдсэн гэнэ.
Бас эзэлсэн газар нутгаа Оросынх болсныг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тавьжээ. Ийм нөхцөлийг Украины эрх баригчид хүлээж авахаас эрс татгалздаг.
Виткофф уулзалтын дараа талуудын аль аль нь буулт хийх шаардлагатай байгааг мэдэгджээ.
“Бидэнд ийм тохиролцоонд хүргэх арга зам байгаа гэж би бодож байна. Бид маш их утга учиртай, бодитой, чухал хэлэлцүүлэг өрнүүллээ. Бид маш их урам зориг авч, үүнийгээ үргэлжлүүлэхийг хүсэж байна” гэж тэр хэлсэн юм.
Кушнер “Бид аяллаа үргэлжлүүлэх шинэ арга замуудыг олсон гэж бодож байна. Энэ аяллаас бид маш их зүйл суралцаж байна” гэж мэдэгджээ.
Европын төлөөлөгчид Ням гарагийн уулзалтад бас оролцсонд Зеленский талархал илэрхийлээд “Энд бид бүгд нэг талд байна” гэж хэлсэн юм.
Дайны үеэр Киевт бүх гадаадын зочид айлчлахдаа төмөр зам ашиглаж байгаа. АНУ-ын элч нар мөн адил төмөр замаар ирсэн байна.
2022 онд Орос улс дайн эхлүүлснээс хойш Украины агаарын орон зай хаагдсан юм.
Орос, Украины талууд АНУ-ын элч нарын айлчлалын үеэр харилцан нэг нэгнийхээ нийслэлд халдахгүй байхаар тохиролцсон.
Москвад болсон уулзалтаар АНУ-ын төлөөлөгчид “ойрын хугацаанд нийтэд зарлах бодит төлөвлөгөөний талаар ярилцсан” гэж Цагаан ордны албан тушаалтан мэдээлжээ.
Харин Кремлийн хэвлэлийн алба Америкчууд “тохиролцоонд хүрэх боломжтой арга замуудын талаар хэд хэдэн санаа дэвшүүлсэн” гэж мэдээлсэн байна.
Хэдийгээр талууд харилцан нэг нэгнийхээ нийслэлд халдахгүй гэж амласан ч өнгөрсөн өдрүүдэд бусад хэсгүүдэд дайн үргэлжилж байв.
Тухайлбал Ням гарагийн шөнө Оросын тал 108 нисгэгчгүй онгоц, пуужин харвасныг Украины агаарын хүчин мэдээлсэн бол ОХУ-ын батлан хамгаалах яам нутаг дэвсгэр дээрээ Украины 258 нисгэгчгүй онгоцыг унагаснаа мэдээлжээ.
Бямба гарагт Украин даяар 10 хүн Оросын агаарын цохилтын улмаас амиа алдсаны дотор 11 настай хүү байсныг Киевээс мэдээлсэн юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
